Хятадууд ипотекийн зээлийг бойкотлож байна

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Хятадууд ипотекийн зээлийг бойкотлож байна

Хятадууд ипотекийн зээлийг бойкотлож байна

“Барилгын ажил зогслоо, ипотекийн зээл зогслоо. Байшингаа эхлээд авъя, тэгээд мөнгөө өгье”. Энэ бол зургадугаар сард Хятадад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр дуулсан тэмцлийн дуу. Тус улсад орон сууц худалдан авагчид баригдаж дуусаагүй байшингуудын төлөө эсэргүүцлээ илэрийлжээ. Олон зуун хятад хүн ипотекийн зээлээ төлөхөө болив.

Хятадын төв хэсэгт орших Жэнжоу мужийн залуу хос өнгөрсөн жил шинэ байранд орохоор урьдчилгаа төлбөр өгсөн. Гэвч төлбөрөө төлсний дараа тухайн барилгын компани нь төслөөс татгалзаж, барилгын ажил зогссон байна. Төсөл бүрэн хэрэгжиж эхэлсний дараа төлбөрөө үргэлжлүүлэн төлж эхэлнэ гэж өөр нэг эмэгтэй хэллээ.

АНУ-д 2007 онд мөн ижил төрлийн хямрал нүүрлэж байв. Гэхдээ АНУ-ын хувьд өндөр эрсдэлтэй зээлдэгчид төлбөрийн чадвараа алдсан учир ипотекийн зээлийн хямрал үүссэн. Хятадын иргэдийн хувьд олонх нь төлбөрөө төлөх боломжтой байгаа ч барилгын ажил гацсан учраас төлөхгүй гэсэн шийдэлд хүрсэн гэдгээрээ ялгаатай.

“Github” цахим хуудсанд 320 орчим хэрэглэгчийн гомдол цугларсан. Гэвч эднээс яг хэд нь төлбөрөө төлөхөө больсон нь тодорхойгүй байна. “S&P Global” үнэлгээний компаниас тооцоолсноор нийт бойкотлогдсон зээлийн хэмжээ 145 тэрбум ам.доллар байж магадгүй гэв. Орон сууц захиалагчид ийнхүү эсэргүүцэл гаргасан нь эрх баригчдыг шуугиулж, эдийн засаг удаашрахад хүргэв. “Oxford Economics” судалгааны төв ч бас саяхан гаргасан мэдэгдэлдээ, Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын асуудлыг онцолжээ. Ипотекийн зээлийн бойкотууд нь салбарын санхүүгийн байдалд ноцтой аюул учруулж буйг тус төв мэдэгдсэн.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН АЧ ХОЛБОГДОЛ

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар нь эдийн засгийн бүтээгдэхүүнийхээ гуравны нэгийг бүрдүүлдэг. Үүнд, барилга байшин, түрээс, зуучлалын үйлчилгээ, айл өрхөд ашигладаг том оврын цахилгаан барааны үйлдвэрүүд, барилгын материал зэрэг орно. Тус улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс ердөө 0.4 хувиар өссөн. Алсдаа энэ онд ямар ч өсөлт гарахгүй гэж зарим эдийн засагч таамаглаж байна. Энэ нь Бээжингийн Covid-19-ийг тэглэх бодлоготой холбоотой. Ахин дахин хөл хорио тогтоож, бизнесүүдийг байнга хязгаарласнаар орлого буурч, энэ нь цаашлаад иргэдийн хадгаламж, хөрөнгө оруулалтад нөлөөлсөн.

Хятадын эдийн засаг буурах нь зөвхөн улс доторх асуудал бус дэлхийн санхүүгийн системд ч нөлөөлж болзошгүйг “BBC” онцоллоо. Тухайлбал, Хятадын үл хөдлөх хөрөнгийн 30 компани гадаад өрөө төлөхөө зогсоожээ. Эндээс хамгийн их хохирол амссан нь Эвергранд юм. Тус компани өнгөрсөн жил 300 тэрбум ам.долларын өр төлбөрөө төлж чадаагүй. Борлуулалт өсөхгүй бол цаашид илүү олон компани энэ мэт хохирол амсахыг “S&P Global” анхаарууллаа.

Нөгөөтэйгүүр Хятадад хүн амын өсөлт удааширч эхэлсэн тул орон сууцны эрэлт үүнийг дагаад буурчээ. Энэ цаг үеийг "Capital Economics"-ийн ахлах эдийн засагч Жулиан Эванс-Притчард "Хятадын орон сууцны зах зээлийн эргэлтийн цэг" гэж дүгнэсэн.

Хятад иргэдийн баялгийн 70 орчим хувийг үл хөдлөх хөрөнгө эзэлдэг. Тэгвэл шинэ орон сууц худалдаж авахын өмнөх урьдчилгаа төлбөр нь Хятад дахь орон сууцны борлуулалтын 70-80 хувийг эзэлдэг аж. Энэ мөнгөөр хэд хэдэн төслийг нэгэн зэрэг санхүүжүүлдэг тул барилга үйлдвэрлэгчдэд мөнгө хэрэгтэй байгааг Эванс-Причард хэллээ.

Эдийн засаг буурч, ажлын байр хомсдсон, цалингийн хэмжээ багассан зэрэг шалтгаанаас болж олон хятад хүн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийхээ больжээ. Барилгын компаниуд мөнгө орж ирнэ гэж найдаж байхад нөгөө талд хөрөнгө оруулалтаас татгалзсан байдалтай байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДЭЛ

Эрх баригчид орон нутгийн засаг захиргаанд үүрэг хариуцлага хүлээлгэж буй. Тэд нь орон сууц худалдан авагчдад хадгаламжийн хөнгөлөлт, татварын хөнгөлөлт, бэлэн мөнгөний татаас санал болгож буй бол бүтээн байгуулагчдад тусламжийн санг санал болгож байна. Гэвч энэ салбар эдийн засагт нэн чухал ач холбогдолтой тул төв засгийн газар болон зохицуулагчид асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцох ёстой гэж ажиглагчид үзжээ.

“Financial Times” сонинд “Хятад улс үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдэд туслах зорилгоор 148 тэрбум ам.долларын зээл олгосон” гэж саяхан нийтэлсэн байв. Гэвч засгийн газрын аливаа оролцоо нь богино хугацаанд эерэг нөлөө үзүүлж болох ч урт хугацааны өсөлтөд тохиромжгүй аж. Шинжээчдийн үзэж буйгаар 148 тэрбум ам.долларын тусламж хангалтгүй байж магадгүй юм. Тодруулбал, компаниуд зогссон төслүүдээ дуусгахад 444 тэрбум ам.доллар шаардлагатай гэж “Capital Economics”-ийн тооцоолжээ.

Зогссон барилгын ажлууд эхэлсэн ч олон компани энэ хямралыг тэсч гарахгүй байх магадлалтай. Хятадын Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн корпорациас мэдээлснээр, Хятадын үл хөдлөх хөрөнгийн шилдэг 100 компанийн борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39.7 хувиар буурчээ.

Ипотекийн зээлийн бойкот нь зөвхөн санхүүгийн салбараар тогтохгүй нийгмийн ноцтой асуудал болох эрсдэлтэй. Ши Жиньпин дарга дахин сонгогдох эсэхийг шийдэх намын их хурлын өмнө ийм асуудал гарч ирээд буй нь олон улсын анхаарлыг татаад байна. Энэхүү хямрал Хятадын эдийн засаг салаа зам дээр байгаагийн хамгийн том илрэл гэж “BBC” агентлаг онцоллоо. Тус улсын эдийн засаг сүүлийн 30 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, экспортоос ихээхэн хамааралтай байсан тул засгийн газрын хүчин чармайлт төдийлөн үр дүнгээ өгөхгүй байх магадлалтай юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж