“Тесла”-ийн гүйцэтгэх захирал Элон Маск цахилгаан автомашин үйлдвэрлэгч компанийнхаа 6.9 тэрбум ам.долларын хувьцааг зарах болсноо мэдэгдэв. Тэрбээр хэвлэл мэдээллийн платформтой хийж буй тэмцэлд ялагдах юм бол энэ мөнгийг “Твиттер”-ийн боломжит гэрээг санхүүжүүлэхэд ашиглана гэж хэллээ.
Хэрвээ “Твиттер” компани маргааныг хэрэгсэхгүй болгох юм бол “Тесла”-ийн хувьцааг зарах санаагаа яаралтай зогсооно гэж Маск жиргэжээ.
Элон Маск “Твиттер”-ийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохирсон ч долдугаар сарын эхээр уг гэрээгээ цуцалсан. Тиймээс “Твиттер” компани түүнийг шүүхэд өгсөн бөгөөд шүүх хурал аравдугаар сарын 17-нд болно.
Дэлхийн хамгийн баян хүн Элон Маск дөрөвдүгээр сард “Тесла”-гийн хувьцааг 8.5 тэрбум ам.доллараар зарсан. Үүнээс цааш борлуулалт хийхгүй гэж тухайн үедээ мэдэгдэж байв. Гэвч “Твиттер”-ийн худалдан авалтаа дуусгах юм уу торгууль төлөхөөс аргагүйд хүрвэл “Тесла”-гийн хувьцааг зарахаар болоод байна. Наймдугаар сарын 5-9-ний хооронд Маск 7.92 сая орчим хувьцаа заржээ. Маскийн мэдэлд “Тесла”-гийн 155.04 сая хувьцаа байдаг бөгөөд энэ нь нийт хувьцааны 15 хувь юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ