"Самрыг хүчээр түнших, мундах аргаар түүвэл мод үхжиж эхэлдэг"

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

"Самрыг хүчээр түнших, мундах аргаар түүвэл мод үхжиж эхэлдэг"

"Самрыг хүчээр түнших, мундах аргаар түүвэл мод үхжиж эхэлдэг"

Наадмын дараагаар хууль бусаар самар түүх ажил эхэлдэг. Байсан мөнгөө шавхаж наадамласан иргэд их мөнгөний ажил хайцгаадаг. Харин энэ үед хийх хамгийн тохиромжтой ажил бол самранд явах. Нийгмийн сүлжээ, зарын сайтуудаар “Самранд явна", "Самранд хүн авч явна” гэх зарууд олширчээ. Тэгвэл их ургалтын жилүүдэд аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд самрыг бүрэн болсны дараа түүх нь хамгийн зөв гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн. Гэтэл хуш модны самрын болц бүрэн гүйцээгүй байхад хууль бусаар түүж эхэлдэг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас судалгаа шинжилгээ хийж хушин самар түүх боломжтой аймаг сумдыг гаргаж ирдэг. Үүний дараагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж болох аймаг сумдыг нэрлэж тушаал гаргадаг. Тушаал гарахаас өмнө түүсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн мэдээлсэн.

Тэгвэл хуш модны самрыг бүрэн болоогүй байхад түүсэн тохиолдолд ямар үр нөлөө үзүүлдэг талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль, орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзоригоос тодрууллаа.

Хуш модны самрын болц бүрэн гүйцээгүй байхад түүвэл ямар сөрөг нөлөөтэй байдаг вэ?

-Болц гүйцээгүй хуш модны самар нь давирхайлаг байдаг. Давирхайлаг самар нь модноосоо салж өгдөггүй. Амархан унадаггүй учраас иргэд “түнших, мундах” аргаар цохиж авснаар модны өөрийнхөн бүтцэд өөрчлөлт оруулдаг. Ингэснээр холтос нь хууларч унаад цаашаа модлог руугаа ордог. Хэт хүчтэй цохиулснаар модны давирхай гоожиж эхэлдэг. Давирхай ихээр гоожсоноор аамжмаар модонд хаталт явагддаг. Олон жил хаталт явагдсанаар мод үхэж эхэлнэ. Харин бүрэн болсон самар модноосоо амархан салдаг бөгөөд байгаль орчинд ямар нэгэн хохирол учруулдаггүй.

Хуш модны самрыг ихээр түүснээр экосистемд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар их ургацын жилүүдэд олон удаа дараалан бэлтгэснээс болоод үрээ өгч байгаа цохиулаагүй хуш мод гэж бараг үлдээгүй. Цохиулсан мөр нь маш тод үлддэг. Энэ нь их хэмжээний шарх авсан гэсэн үг. Буруу арга технологиор их хэмжээний самрыг үргэлжлүүлэн түүсээр  байвал хушин ойн доройтолд орж хойч үедээ үлдээх хусгүй болоход ойрхон байна. Хүмүүс түүхдээ ямар ч боргоцой үлдээхгүй бүгдийг нь  авчихдаг. Ингэснээр нэгдүгээрт, хушин ой байгалийнхаа аясаар сэргээн ургах процесс  алга болно. Хоёрдугаарт, баавгай, хэрэм, гахай, үнэг гээд ан амьтад хоол тэжээлгүй болно. Гуравдугаарт, хушин ой монгол орны байгалийн болон экологийн чухал ач холбогдолтой үнэтэй ой учраас газрын гүний цэвдгийг тогтоон барьдаг. Энэ ойг устгаснаар асар их экологийн ач холбогдол байхгүй болно гэсэн үг.

Түүхий самар идвэл хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэг үү?

-Түүхий самар нь давирхайлаг тул гараар түүснээр маш их нян бактери наалддаг. Үүний дараагаар боргоцойноос салган авч гараа амандаа хийж цөмдөг. Үүнээс үүдэн ахуйн бохирдлын асуудал үүсэж гэдэсний янз бүрийн халдварт өвчин үүснэ.

Манай орны ойн нөөц нийт нутаг дэвсгэрийн найман хувийг эзэлдэг. Харин хушин ойн нөөц таван хувийг эзэлдэг байна. Хушин ойн нөөц хэдий их хувийг эзэлдэг ч дэлхийн нөөцтэй харьцуулахад маш бага учир Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаардаг. Гэтэл сүүлийн жилүүдэд уур амьсгалын нөлөө, хортон шавж, ойн түймэр, хууль бус баялаг ашиглалт зэргээс үүдэн хушин ойн талбай 184.7 мянган га-гаар, нөөц нь 23.7 сая шоо метрээр багасжээ.

Д.Намуунцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж