Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны нэгэн жаран+1

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны нэгэн жаран+1

Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны нэгэн жаран+1

ХИС-ийн др.проф. Д.Уламбаяр

1961 оны аравдугааp сарын 27-нд Ерөнхий Ассамблейн XVI чуулганы 1043 дугаар хуралдаанд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэхээр 23 улс төсөл оруулж хуралдаан БНМАУ-ыг НҮБ-д санал хураалгүйгээр элсүүлэх шийдвэр гаргасан билээ. Ийнхүү НҮБ-д элсэх 15 жилийн дипломатын хүчин чармайлт амжилтад хүрч, Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн 101 дэх гишүүн болсноор тус улсын тусгаар тогтнол олон этгээдээс баталгаажиж, Монгол орон тусгаарлагдмал байдлаас гарах, дэлхий дахинаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, «дэлхийн олон оронтой хамтран ажиллах өргөн зам тус орны өмнө нээгдэж, Өрнөдийн гүрнүүд тус улсыг хүлээн зөвшөөрөх үйл явц эхэлжээ.

1961 оны аравдугааp сарын 31-ний 10:00 цагт Монгол Улсын төрийн далбааг НҮБ-ын төв байрны өмнө этгээдэд ёслол төгөлдөр мандуулсан байдаг. Мэдээж хүйтэн дайны үед НҮБ-ын индэр социалист, капиталист эсрэг тэсрэг хоёр системийн үзэл суртлын тэмцлийн хурц талбар болж Монгол Улс ч түүнд татагдан орж байсан юм. Хэдий тийм боловч Монгол Улс дэлхий нийтийн энхтайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн бөгөөд хүйтэн дайн дууссанаар Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны шинэ шат эхэлсэн билээ. НҮБ-д Монгол Улсын санаачилсан тогтоолуудаас онцлон дурдвал,

  • 1962 оны арванхоёрдугаар сард баталсан “Эдийн засгийн хөгжил, байгаль орчны хамгаалалт”,
  • 1976 оны арванхоёрдугаар сард баталсан “Боловсролын салбарт эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийг сайжруулах тухай”,
  • 1977 оны арванхоёрдугаар сард баталсан “Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийг хөхиүлэн дэмжихэд улсын секторын гүйцэтгэх үүргийн тухай”,
  • 1978 оны арванхоёрдугаар сард баталсан “Зэвсэг хураах долоо хоног”,
  • 1980 оны арванхоёрдугаар сард баталсан “Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд үндэсний мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүргийн тухай”,
  • 1983 оны арванхоёрдугаар сард “Сансар огторгуйд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэх тухай”,
  • 1985 оны арваннэгдүгээр сард “Улс түмэн энхтайван орших эрхийн тухай”, “Нийгмийн дэвшилд хүрэх зорилгоор нийгэм, эдийн засгийн өргөн цар хүрээтэй өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж буй үндэсний туршлага”,
  • 1986 оны арванхоёрдугаар сард “Орон гэргүй хүмүүсийг орон байраар хангах олон улсын жилийн тухай”, “Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх арга хэмжээ, хүч чармайлтын тухай”,
  • 1987 оны арванхоёрдугаар сард “Шаардлага хангасан орон байраар хангагдах эрхийг хэрэгжүүлэх тухай”,
  • 1990 оны арванхоёрдугаар сард “Хувь хүмүүсийн сайн сайхан байдлын эрүүл хүрээлэн буй орчныг хангах шаардлагын тухай”,
  • 1994 онд “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг”-ийг үүсгэн байгуулахад манлайлан оролцсон,
  • 1998 оны арванхоёрдугаар сард “Олон улсын хэлэлцээ хийх зарчим ба удирдлага болгох чиглэл”,
  • 1999 оны арванхоёрдугаар сард “Бичигтэн болох НҮБ-ын 10 жил: Бүх нийтийн боловсрол”,
  • 2005 оны арваннэгдүгээр сард “Монгол төрт ёсны 800 жил”, арванхоёрдугаар сард “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үрргийн тухай”,
  • 2006 оны тавдугаар сард “Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоох талаар Засгийн газруудаас тавьж буй хүчин чармайлтад НҮБ-ын системийн зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцааны тухай”,
  • 2006 оны арванхоёрдугаар сард баталсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай”, “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлын тухай” тогтоолуудыг нэрлэхэд хангалттай.

НҮБ-ын ЕНБД нарын зүгээс Монгол Улсад хийсэн дээд түвшний айлчлалаас дурдвал 1977 оны 9-р сард Курт Вальдхайм НҮБ-ын ЕНБД-ын хувиар анх удаа Монгол Улсад айлчлал хийж энэ үеэр тэрбээр АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоох хэрэгт энхийн зууч хийсэн явдал онцлог нь байсан юм. 1987 оны 8-р сард НҮБ-ын ЕНБД Хавьер Перес де Куэльяр Монголд айлчилсан нь олон улсын харилцаанд улс төрийн шинэ сэтгэлгээ нэвтэрч, Өрнө-Дорны харилцаанд нааштай өөрчлөлүүд гарч эхэлсэн үеийн тусгал болсон юм. 2002 оны аравдугаар сард НҮБ-ын ЕНБД Кофи Аннан Монгол Улсад айлчилж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоог бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм. 2009 оны долдугаар сард НҮБ-ын ЕНБД Бан Ги-Мүн Монгол Улсад айлчлах үеэр НҮБ-ын статустай “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны Төв”-ийн шав тавих ёслолд оролцов. НҮБ, түүний системийн байгууллагууд 1963-2003 онд Монгол Улсад нийт 260 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэн байх бөгөөд “НҮБ-ын хөгжлийн тусламжийн  хүрээ”-нд тусгагдсан хөтөлбөрийн дагуу 2002-2006 онд нийт 78.2 сая ам. доллар, 2007-2011 онд 40 сая ам. долларын тусламжийг тус тус үзүүлсэн байна. “НҮБ-ын 2012-2016 онд хэрэгжүүлэх Хөгжлийн тусламж”-ийн хүрээнд нийт 34 сая ам.долларын боломжит санхүүжилт, 65 сая ам. долларын дайчлах санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлжээ. 2017-2020 онд 163 сая ам. долларыг 174 төсөл хөтөлбөр, 71 хөгжлийн түншүүдтэй хамтран 21 байршилд хэрэгжүүлжээ. 2020 онд Covid-19 цар тахалтай тэмцэхэд зориулж 27.4 сая ам.долларын санхүүжилт босгож, гадаадад гацсан 600 гаруй монголчуудыг эх орондоо эргэн ирэхэд нь дэмжлэг үзүүлсэн байна.

2022 оны тавдугаар сард Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б. Жавхлан, НҮБ-ыг төлөөлж Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар гарын үсэг зурж, Монгол Улсыг хүртээмжтэй, гамшигт тэсвэртэй, тогтвортой хөгжил бүхий эрүүл, аюулгүй орчин, хууль дээдлэх ёс, хүний эрхийн харилцан шүтэлцээг хангасан улс болон хөгжихөд хувь нэмэр оруулан, хамтран ажиллахаа батламжлав.

Монгол Улсад НҮБ-аас ирэх таван жилд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон эл баримт бичгийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-той нягт уялдуулсан бөгөөд стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хүний хөгжил, сайн сайхан байдал, ногоон хүртээмжтэй, тогтвортой өсөлт, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх гэж тодорхойлжээ.

1990-ээд оны шилжилтийн хүнд үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2001, 2010 онд зудад нэрвэгддсэн малчдад туслах уриалгыг гадаад улс, олон улсын байгууллагад хандан гаргаж нийт 50 орчим сая ам. долларын мөнгөн болон эд  материаллын тусламжийг цуглуулахад оройлох үүрэг гүйцэтгэжээ. 1992 оны есдүгээр сард НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс зэвсэг хураах хийгээд бүс нутаг, дэлхий дахинд итгэлцлийг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлан тунхаглаж, үүнийгээ цаашид олон улсын хэмжээнд баталгаажуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг эрмэлзэх болно гэсэн юм. 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар «Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус»-ын тухай 53/77/D тоот нэн чухал тогтоолыг баталж, тийнхүү Монгол Улсын гадаад аюулгүй байдалтай холбоотой асуудал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд анх удаагаа бие даасан асуудал болж тусгагдсанаас гадна Монгол Улсын олон улсын аюулгүй байдлын асуудлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей хоёр жил тутам хэлэлцэж байхаар тогтсон юм. Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энхтайван, аюулгүй байдлыг хангах энхийг сахиулах ажиллагаанд тууштай оролцож, НҮБ-д цэрэг хандивлагч 124 орны дунд 2021 оны байдлаар 24 дугаарт, эмэгтэй энхийг сахиулагчид илгээсэн 112 орноос 17 дугаарт, Зүүн хойд Азийн орнуудын дотор нэгдүгээрт эрэмблэгдэж байгаа бөгөөд Өмнөд Судан, Баруун Сахар, Конго, Суданы Дарфур муж, Суданы Абией муж зэрэг НҮБ-ын мандаттай энхийг сахиулах таван ажиллагаанд нийт 900 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн Монгол Улсын энгийн иргэн, цагдаагийн байгууллагa, ОБЕГ-ын албан хаагчид тус ажиллагаанд 2012 оноос бие даан оролцож эхэлсэн юм. Монгол Улс 1973-1976 онд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн Зөвлөлд, НҮБ-ын ЕА-н чуулганы орлогч даргаар зургаан удаа, чуулганы хороодын орлогч, даргаар 14 удаа тус тус сонгогдон ажиллажээ. НҮБ-ын НБДГ-тай хамтран хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээнээс дурдвал:

  • 1995 онд Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Удирдах бүлгийн ҮIII хуралдаан,
  • 1999 онд “Энхтайван, зэвсэг хураах асуудал эрхэлсэн Ази, Номхон далайн бүсийн төвийн хурал”,
  • 2000 онд “Хүний аюулгүй байдлын асуудлаар олон улсын бага хурал”,
  • 2003 онд “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурал,
  • 2013 онд “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг тус тус зохион байгуулав.

Covid-19 цар тахлын эсрэг 2020 онд НҮБ-ын ивээл дор КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”, “Pfizer” вакциныг цаг алдалгүй нийлүүлж, 2021 онд Японы Засгийн газрын санхүүжилтээр, НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар АНУ-ын “Pfizer” вакцины нэг сая тунг нийлүүлсэн нь манай улс хүн амаа дархлаажуулж, энгийн амьдралын хэмнэлдээ бүрэн шилжсэн Ази-Номхон далайн бүсийн анхны орнуудын нэг болж чадсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оны намар НҮБ-ын индэр дээрээс цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” санаачилга дэвшүүлсэн нь үндэсний хөдөлгөөн болон өрнөж, НҮБ болон олон улс орнуудын дэмжлэгийг зүй ёсоор хүлээгээд байна. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа нь Монгол Улсын гадаад бодлого, дипломат ажиллагаа, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтын эсрэг явуулж буй бодлого, үйл ажиллагааг бүрэн дэмжиж буй илрэл гэж хэлж болно.

Эрхэмсэг ноён Антониу Гутерреш дэлхий дахинд энхтайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Олон улсын энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх хүч чармайлт, түүний дотор цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын оруулж буй нэмрийг өндрөөр үнэлэв. Монгол Улс цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” санаачилга гарган, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг сайшааж, НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Тийнхүү энэ өдрүүдэд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны нэгэн жарны түүхийг эргэн дурсахад таатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж