У.Хүрэлсүхийн гео улс төрийн цаг ба Гутеррешийн өгсөн мессэж

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн гео улс төрийн цаг ба Гутеррешийн өгсөн мессэж

У.Хүрэлсүхийн гео улс төрийн цаг ба Гутеррешийн өгсөн мессэж

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гео улс төрийн цаг ид үргэлжилж байна. Хойд, өмнөд хөршид зэр зэвсэг тачигнаж, “Цөмийн зэвсгийн бодит аюул юу юугүй нүүрлэх нь үү дээ” хэмээн дэлхий нийт түгшиж буй энэ үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш талын Монголд хүрэлцэн ирлээ. НҮБ бол дэлхийн Засгийн газар. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг эгнээндээ 193 орныг нэгтгэсэн дэлхийн Засгийн газрын тэргүүн… Тиймдээ ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалыг өндөр түвшинд авч үздэг. Ийм эрэмбэ зиндаа бүхий зочин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад анх удаа хүрэлцэн ирсэн нь энэ юм. Ноён Антонио Гутеррешээс өмнө НҮБ-ын үе үеийн дөрвөн генсек Монголд зочилсныг хронологи хэлбэрээр үзүүлбэл:

  • Курт Вальдхайм 1977 онд
  • Перес де Куэльяр 1987 онд
  • Кофи Аннан 2002 онд
  • Бан Ги Мүн 2009 онд… Сонирхолтой байгаа биз!

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Курт Вальдхайм гэдэг эрхэм хаалттай нийгэм бүхий БНМАУ-д айлчлахдаа ямар бодол, дүгнэлттэй буцсан бол… Хуучнаар ЗХУ-д перестройка буюу өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэж эхлэхээс ердөө хоёрхон жилийн өмнө монголчуудтай гар барьж, халуун дулаан яриа өрнүүлэх зуураа хашир генсек Перес де Куэльяр цагийн байдлыг чухам юу гэж эргэцүүлж суув… Шилжилтийн нийгмийн дараахь Монгол орон ноён Кофи Аннанд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ… Дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн атал “Бид хөгжлийн салаа зам дээр байна” хэмээн тунхагласан Монгол Улс Бан Ги Мүн гуайд ямар зоримог, омог бадрангуй санагдсан бол… Үүн лүгээ адил Орос, Хятад хэмээх дэлхийн улс төр, эдийн засгийн халуун цэг дунд оршиж буй Монгол орныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Энхтайвны бэлгэ тэмдэг” хэмээн зарласан нь цэрэг, зэвсгийн сүр хүчээ гайхуулж, нэг нэгнээ айлган сүрдүүлж буй их гүрнүүдэд өгсөн том мессэж биш гэж үү. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарихдаа “Бага байхад миний өвөө “Чамайг төрөхөд энэ оливийн модыг тарьж байлаа” гээд нэгэн модыг харуулж байсан. Амьдралын минь нандин дурсамжийг санагдуулсан оливийн мод одоо ч Португаль оронд ургаж байгаад баярлаж явдаг” хэмээн дурссан Антонио Гутерреш твиттер хуудсаараа “Ухнаагийн Хүрэлсүх болон Монголын ард түмэн надад найрсаг, зочломтгой хандсанд талархаж байна. Монгол Улс цөмийн зэвсгээс ангид бүс гэдгээ зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах амлалтаа бататгасан. Бусад улс ч энэ жишгийг дагана гэдэгт найдаж байна” гэж мэдэгдлээ. Түүгээр ч зогсохгүй “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд, Монгол Улсад хийж буй айлчлал нь тус улсыг энх тайван, амар амгалан, цэвэр, эрүүл, тогтвортой дэлхийн төлөөх амлалтаа бүрэн биелүүлж байгааг хүлээн зөвшөөрсөн явдал боллоо” хэмээсэн нь дэлхий дахинд маш том сурталчилгаа болсон болов уу.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэмээх энэ португаль эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар анх удаа манай улсад айлчилж буй нь түүхэн товчооны хувьд ч онцгой ач холбогдолтой. Учир нь 2022 онд:

  • Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарласны 30 жилийн ой тохиож байна. НҮБ үүнд асар их ач холбогдол өгдөг.
  • НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэргүүд оролцож эхэлсний 20 жилийн ой. Тэр дундаа Монгол Улс энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор олон улсад тэргүүлдэг.
  • Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байна.
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг НҮБ дэмжиж, Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа.
  • Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг тэргүүлж байгаа.

Тэгэхээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлалыг дэлхийн долоон тэрбум хүн анхааралтай ажиглаж байна гэсэн үг. У.Хүрэлсүх гэдэг хувь улстөрчийн хувьд энэ бол яах аргагүй онцлох гео улс төр. Учир нь тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч болсныхоо дараахан “Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, 2030 он гэхэд Монголд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхэллээ” гэж НҮБ-ын индрээс зарласан нь их гүрнүүдийн хувьд геополитикийн цаг хүйтэрсэн үед өгсөн энх тайван, эв нэгдэл, тогтвортой байдлын төлөөх мессэж байсан юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн мэдэгдэл зөвхөн мод тарих тухай байгаагүй гэсэн үг. Тэр ийм давхар цохилттой, басч болохгүй, алсын хараатай айхтар улстөрч. Харин дараа нь буюу үндэсний их баяр наадмын үеэр Чингис хааны эш хөргийг Төрийн ордноосоо  эхлээд айл өрх бүр хоймортоо залах тухай зарлиг гаргасан нь Монголын тусгаар тогтнол, түүхэн дархлаа, монголчуудын эв нэгдлийг бэлгэдсэн чухал санаачилга боллоо. Гурван сая гаруй монгол хүн хоймортоо Чингис хааныхаа эш хөргийг залсан байхыг хараад дайны гал өрдөж, дарийн утаа тавиад буй их гүрнүүд хэрхэх бол… Туурга тусгаар монголчуудын үндэсний энэ амбиц их гүрнүүдэд ямар санагдах вэ… Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс хийж буй геополитикийн уран нүүдэл ч байж болох юм. Ямартай ч ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров тусгаар тогтносон энэ улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нэн болгоомжтойгоор үг яриа өрнүүллээ. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хүндэтгэлтэйгээр түүнд бараалхлаа. Харин энэ удаад халуун цустай португаль эрхэм Антонио Гутерреш амар амгалан тал нутагт зочлохдоо сэтгэл нь ихэд хөдөлж “Энхтайвны бэлгэ тэмдэг” гэж Монголыг нэрлэлээ. Тийм ээ, энэ бол ардчиллын баян бүрд, энх тайвны бэлгэ тэмдэг болсон хөх тэнгэрийн орон. Ийм амар амгалан, тусгаар тогтносон улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зочид олонтой, зав багатай. Японы Гадаад хэргийн сайд, ХБНГУ-ын Холбооны зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч, ЮНЕСКО-ийн захирал гээд олон хүндтэй зочин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн хугацаанд бараалхжээ. Ямартай ч “Дэлхий дахинд цаг цөвүүн байна. Энэ удаад Монголд айлчилж амжихгүй нь ээ” гэж байсан ноён Антонио Гутеррешийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо ирүүлж чадлаа. “Тэрбум мод хөдөлгөөн”-дөө нэгтгэн мод тариулж, дэлхий дахинд Монгол орноо “Энхтайвны бэлгэ тэмдэг” гэж зарлан тунхаглууллаа. Антонио Гутерреш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар манай улсыг ийн нэрлэнэ гэдэг Монгол Улсын олон улс дахь нэр хүндийг улам өсгөж, улс төр, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх маш чухал мессэж. Дэлхийн гигант хөрөнгө оруулагчдад яг одоо дайн тулаангүй, тайван, тогтвортой, найдвартай, баялагтай зах зээл тун хэрэгтэй. НҮБ-ын генсекийн дэлхий дахинд зарласанчлан тэр зах зээл нь Монгол биш үү!?

С.Тулга

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж