Тэрслүү үг: Монголчуудад боловсрол биш төмс хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Монголчуудад боловсрол биш төмс хэрэгтэй

Тэрслүү үг: Монголчуудад боловсрол биш төмс хэрэгтэй

Есдүгээр сарын 1 ойртсоор. Оюутнууд төмс хураах уу, танхимаар хичээллэх үү гэдэг нь одоо ч тодорхойгүй. Ямар ч байсан төмс хураасан оюутнуудын кредит цагийг тооцохоор төлөвлөжээ. Өлсөж үхэхгүй бол иргэдийнх нь боловсрол цаашаа. Өөрсдийнх нь үр хүүхэд гадаадад хамгийн үнэтэй сургуульд суралцаж, өрөөлийн хүүхдүүд төмсний талбайд сурч, боловсрох алтан цагаа үрэх бололтой. Өөрөөр хэлбэл, хүний оюутнууд сурч байхад, манай оюутнууд төмс үүрээд явж байх нь байна. Ер нь бол Монголд боловсрол төмснөөс дор үнэлэгдэж байна л гэсэн үг. Төмс байхад өлсөхгүй л дээ. Гэхдээ төмсчид биш боловсролтой иргэд Монголыг уг нь хөгжүүлэх юм.

Сүүлийн жилүүдэд ажилгүйдэл, ажлын байрны илүүдэл хоёр яг нэг төвшинд өсч байна. Энэ нь Монголын их, дээд сургуулиудын бэлтгэн гаргаж буй хүмүүсийн боловсрол зах зээлд гологдож байна гэсэн үг.  Ялангуяа цар тахлаас болж, Монгол Улс боловсролын хоцрогдолд орсон. Үүнийгээ нөхөх, засах, шинэчлэх ёстой байтал эсрэгээ ирээдүйгээ хорлосон шийдвэр гаргах юм.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хэлснээр дээрх асуудлаар БШУЯ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жил 10-15 мянган оюутныг ургац хураалтад ажиллууллах төлөвлөгөө хэдийнэ гаргажээ. Ингэснээр Монгол Улс ногоо хураалтаар хичээлийн дүнгээ гаргасан дэлхийн анхны улс болж байх шиг ээ. Нэг бодлын оюутнуудад амар ч юм шиг. Хураасан төмс, луувангаараа дүнгээ тавиулж, диплом дээрээ нийт хураасан ногооны нэр төрөл, шуудай, тоо хэмжээгээ бичүүлж магадгүй л юм. Дэлхийд өрсөлдөх монгол залуусын диплом дээр цоо шинэ хичээлийн индекс нэмэгдэж, гадаадынхныг гайхшруулах вий.

Бүхэл бүтэн хоёр жил цар тахал гээд танхимаар бус цахимаар хичээллэсэн оюутнуудыг дахиад л сургууль, танхимаас нь холдуулах гэж байна. Оюутнууд өөрсдөө ч цахим сургалт үр дүн муутай, хүртээмж багатай байсныг дурддаг. Гэтэл одоо гурав дахь жилдээ танхимаас нь салгах нь ээ. Үнэхээр хүн хүч дутагдаж байгаа бол оюутнуудыг уриалах нь зөв. Гэхдээ энэ дээр хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, тэднийг дайчлах бус өөрсдийнх нь сайн дурын үндсэн дээр хамруулах нь зүйтэй. Хоёрдугаарт, кредит цагийг нь хураасан ногоогоор нь дүйцүүлэн тооцож хэрхэвч болохгүй. Үүнийхээ оронд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг, урамшуулалд хамруул. Кредитийг танхимаар хичээлдээ хамрагдаж, мэдлэгээ зохих түвшинд үнэлүүлсэний эцэст авдаг журамтай. Өөрөөр хэлбэл, кредит бол хичээлдээ сууж, боловсрол эзэмшсэн гэдэг баталгаа.

Нарийн мэргэжлийн мэдлэг, боловсрол, туршлагыг тариан талбайгаас бус хичээлийн танхимаас олж авдаг учиртай. “Мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас ховордлоо”, “Чадваргүй төгсөгчид ажлын байран дээр гарч байна”, “Covid-19-ийн үеийн төгсөгч ажилд авахгүй” гээд олон л хүндрэл үүссэн. Энэ бүгдийг төр засгийн удирдлагууд яагаад үл ойшоогоод байна вэ? Дэгсдүүлэхэд л дөрвөн жил дөрвөн намар ургац хураалтад яваад л тариан талбайгаас эмч, инженер, эдийн засагчид төрөх боломж бүрдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж