Сурвалжлага: Ногооны үнэ буурсан ч иргэдийн худалдан авалт муу байна

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Ногооны үнэ буурсан ч иргэдийн худалдан авалт муу байна

Сурвалжлага: Ногооны үнэ буурсан ч иргэдийн худалдан авалт муу байна

Наадмын дараа хүнсний ногооны үнэ тэнгэрт хадаж, төмс ховрын бараа болох нь холгүй болж байсан билээ.  Импортын хүнсний ногооны татварыг УИХ-аас нэмсэн нь айл өрхийн амжиргаанд дарамт болж байсан нь худлаа биш. Иргэдийн хувьд дотоодод тариалсан гэх  төмс, луувангийн үнэ 2-3 дахин нэмэгдсэнд багагүй бухимдаж байсан юм.  Харин ургац хураалтын ажил эхэлж, эрт ургацын ногоо зарагдаж эхэлснээр үнэ тогтворжжээ.

Эхлээд Баянзүрх захаар орлоо. Тус захын хүнсний ногооны лангуу үйлчлүүлэгч цөөтэй, эл хуль байв. Эсрэгээрээ И-Март худалдааны төвд харьцангуй олон хүн жимс, хүнсний ногоо худалдан авч байлаа.

Захын болон дэлгүүрийн үнэд зөрөө бага, бараг заримдаа дэлгүүрийнх нь хямдхан байдаг дээр нь урамшууллын бонус олгодог болсноос ч тэр үү иргэд ерөнхийдөө хүнсний дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнээ худалдан авахыг чухалчилдаг болжээ.

Жимс, хүнсний ногооны үнэ буусан наадмын дараахтай харьцуулбал, харьцангуй буурсан.  Шалтгааныг нь тайлбарлахдаа худалдаачид “Шинэ ургацын ногоо эхлээд үнэтэй зарагддаг. Нийлүүлэлт нь нэмэгдээд ирэхээр үнэ нь буудаг. Тиймээс наадмын дараа шинэ хүнсний ногоо үнэтэй зарагдаж байсан. Одоо үнэ нь харьцангуй хямдарсан байгаа. Мөн наадмын үеэр хүмүүс хамаг цалингаараа баяраа тэмдэглэчихдэг. Үүнээс болоод хүмүүс жимс, хүнсний ногоо гэлтгүй өдөр тутмын хэрэглээгээ танаж эхэлдэг нь харагддаг. Тиймээс жимс, ногооны үнэ буусан ч иргэд мөнгөгүй байгаагаас худалдан авалт сайжрахгүй байна” гэв.

 

И-Март болон Баянзүрх захын хувьд хүнсний ногооны үнийн дүн ерөнхийдөө адилхан байна. Наадмын дараагаар хэт өсөөд байсан хүнсний ногооны үнэ  харьцангүй буусан нь харагдлаа. Жишээ нь долдугаар сарын дундуур төмсний үнэ 4500 байсан бол өнөөдөр 1500-2000 төгрөг, лууван 4500 байсан бол 3000-3500, сонгино 4500-аас буурч 2800-3000, байцаа 3500 байсан бол 1800-2500 төгрөгөөр зарагдаж байна. Тодруулбал,

И-Март худалдааны төвд:

  • Төмс – 1600 төгрөг
  • Лууван – 3100 төгрөг
  • Байцай – 1800 төгрөг
  • Сонгино – 2800 төгрөг
  • Чинжүү – 13500 төгрөг
  • Улаан лооль – 11900 төгрөг
  • Өргөст хэмх – 5400 – 6500 төгрөг
  • Хүлэмжийн тарвас – 6800 төгрөг

Харин “Баянзүрх зах”-д:

  • Төмс – 1500-2000 төгрөг
  • Лууван – 3500 төгрөг
  • Байцай – 2500 төгрөг
  • Сонгино – 3500 төгрөг
  • Чинжүү – 8500 төгрөг
  • Улаан лооль – 12000 төгрөг
  • Өргөст хэмх – 6000 төгрөг
  • Ховдын тарвас – 3500 төгрөг

Иргэдийн хувьд гол нэрийн бүтээгдэхүүн болох хүнсний ногооны үнэ нэмэгдэхэд  өдөр тутмын амьдралд нь шууд нөлөөлж эхэлдэг. Тиймээс хүнсний ногооны үнийн өсөлт амьдралд нь багагүй нөлөөлж буйг иргэн Б.Алтансүх шүүмжлээд "Хүнсний ногоо, нарийн ногоо нэг хэсэг маш үнэтэй байсан. Тэр үед мэдээж нэг килограмм төмсийг таван мянгаар худалдаж авна гэдэг байж боломгүй зүйл. Хоёроос гурван килограмм төмс авах мөнгөөр нэг килограммыг авах маш хэцүү байсан. Одоо харин төмсний үнэ буугаад худалдаж авахад боломжийн болсон байна" гэв.

Тэгвэл "И-Март"-аар үйчлүүлж байсан иргэн Батчимэг "Хүнсний ногооны үнэ долоо, долоо хоногоор буусан харагдаж байна. Наадмын дараа хэт өсөхөд худалдаж авахад хэцүү байсан. Одоо байгаа үнийг боломжийн гэж харж байгаа ч цаашдаа дахиад ногооны үнэ буух байх гэж хүлээж байна. Харин яг одоогийн байгаа  үнээрээ байнга худалдаж үнэтэй.  Учир нь хүнсний ногоогоо 100 хувь дотооддоо тариалдаг ч үнэ нь тэнгэрт хадчихлаа" гэсээр юмаа цуглуулаад явж одов.

Баянзүрх худалдааны төвийн худалдаачин Б.Отгонцэцэг  “Өмнө нь иргэд хүнсний ногоог тогтвортой сайн худалдаж авдаг байсан. Харин одоо зарим өдөр сайн, заримдаа маш муу гээд янз бүр л байна. Наадмын өмнө төмсний үнэ 4-5 мянгад хүрэхэд наймаа маш тааруу байсан. Бараг ногоо авахгүй байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл хүнсний ногооны үнэ нэлээд буусан ч хүмүүсийн худалдан авалт муу хэвээр байна” гэв.

Энэ жил улсын хэмжээнд 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо тариалсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт болохыг салбарын яамныхан хэлж байна. Тиймээс энэ жилийн намрын ургац хураалтын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ үед дахин хомсдол гарч, үнэ нэмэгдэхгүй харин ч буурах төлөвтэй байгааг худалдаачид, салбар яамныхан ч  хэлж байлаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭМБИЛГҮҮН

Д.Намуунцэцэг, Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж