ОХУ-ын цэргүүд Монголоос хэзээ гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

ОХУ-ын цэргүүд Монголоос хэзээ гарах вэ?

ОХУ-ын цэргүүд Монголоос хэзээ гарах вэ?

Ховдод цэргийн сургуулилалтад оролцож байгаа ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн айлын дээгүүр нисдэг тэргээр нисэх, аймгийн төвөөр танктай давхиж буй зураг сошиалд тавигдаж, олон нийт эмзэглэн бухимдаж байна.  Оросын цэргүүд Монголын хилээр нэвтэрч орж ирснээс хойш цөөнгүй хонож буй. Тэдэнтэй хийх сургуулилалт тав хоногийн дараа дуусах аж.

Тодруулбал, Монгол, Оросын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2022” хээрийн сургуулилалт энэ сарын 1-15-ны хооронд Ховд аймгийн нутаг дэвсгэрт явагдаж буй. Энэхүү сургуулилалтын техник хэрэгслүүд айлуудын дээгүүр нисч байгаа нь нэг талаар иргэдэд айдас төрүүлж байгааг иргэд цахим хуудаснаа бичжээ. Уг сургуулилалтад хэрэглэгдэх техникүүд ОХУ-аас ирсэн гэдгийг ЗХЖШ-аас мэдээлсэн. Хэдийгээр сургуулилалт дуусахаар тус бүх техник хэрэгсэл гарна гэж хэлсэн ч сургуулилалт үргэлжлэх хугацаанд мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг сахих талаар түр журам гаргаагүй байна. Үүнээс болж иргэд айдаст автаж байна гэжээ.

Орос цэргүүд хот суурин газрын дээгүүр нисэж, хүн мал айлгаж байгаа нь цаанаа ямар зорилготой вэ гэсэн асуулт тавихад ч хүргэж буй. Оросын цэргүүд айл, амьтан, хүний дээгүүр ийнхүү зоргоороо нисэж буйд Монголын талаас хариулт өгөх албаны хүн алга. Иргэдийн зүгээс цэргийн сургуулилалт хийж буй гэх орос цэргүүдийг яаралтай гаргахыг ч шаардсаар байгаа юм.

Албаныхны зүгээс Орос, Монголын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2022” сургуулилалт нь дайчин нөхөрлөлөө бататгах, итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох, мэргэжлээ дээшлүүлэх зорилготой гэх үгээр ам тагласаар л.

Сургуулилалтын хүрээнд тус орон нутгийн газар нутгийн тодорхой заасан бүсэд зэвсэг, техник хэрэгслүүд чөлөөтэй нэвтрэх эрхтэй. Туршлага солилцох үүднээс агаарын болон бусад хэрэгслүүдийг ч нэвтрүүлж ирсэн болохыг Жанжин штаб мэдэгдсэн. Иймд энэ үйл явц нь хамтын ажиллагааны хүрээнд аюулгүй байдлыг бүрэн сахиж хийгдэж буй учир иргэд айх шаардлагагүй гэдгийг албаныхан ч ГХЯ-ныхан ч онцолсон юм.

Орос, Монголын хамтарсан “Сэлэнгэ” цэргийн сургуулилалтыг 14 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулж байгаа. Гэвч орон нутгийн иргэдийг айдаст автуулах гол нөхцөл нь Орос, Украины нөхцөл байдал. Тиймдээ ч иргэд Оросын техник хэрэгслүүд хотоор орж ирсэн цагаас эхлээд цахим орчинд энэ сургуулилалтыг эрс шүүмжилж бичиж байгаа билээ.

ҮАБЗ Ч ТУС СУРГУУЛИЛАЛТАД АНХААРАХ ЁСТОЙ!

Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэлийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр “Монгол, Оросын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” сургуулилалт гэж уламлжлалт сургуулилалт бий. Өмнө нь “Дархан-1, 2” байж байгаад “Сэлэнгэ” нэртэй болсон уламжлалт сургуулилалт хийж байгаа. Өнгөрсөн жил “Сэлэнгэ-2021” цэргийн сургуулилалт есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 5-ны хооронд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хээрийн сургалтын төвийн газар, районд зохион байгуулсан. Зарим хүний түгээж байгаа шиг эрсдэлт нөхцөл бүрдээгүй бөгөөд ЗХЖШ, ГХЯ бүгд энэ сургуулилалтад ач холбогдол өгч, анхаарч ажиллаж байгаа" гэдгийг онцолсон юм.

Харин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй хүмүүс ОХУ-ын цэргүүд хуягт танктай орж ирсэн асуудлыг ҮАБЗ ч анхаарах ёстойг сануулаад амжсан.

Улс төрчид болоод олон улс судлаачдын хэлж байгаагаар Орос улс дэлхий дахинд хүчирхийлэл үйлдэж, үүнийхээ төлөө олон улсын хоригт орсон. Гэтэл Монгол Улс энэ бодлоготой зэрэгцэж, хамтран хээрийн сургуулилалт хийж байгаа нь буруу ойлголтыг өгч байна.

Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.3-д гадаадын улсын цэргийг дамжин өнгөрүүлэхийг хориглодог, ардчилсан зарчимтай.

Энэ үйлдэл нь хуучны цаг үеийг санагдуулж байна. НҮБ дээр Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн биш болж хувирлаа. Энэ цэргийн ажиллагаанд Беларусь, Узбекистан зэрэг ОХУ-ын халаасны хэдэн орнууд оролцож  байна. Ардчилсан Монгол Улс энэ зарчмаар явж болохгүй. Яагаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал "амьгүй" байна вэ. Энэ асуудалд байр суурь илэрхийлэх ёстой гэдгийг хэлсэн юм. Тэгвэл иргэдийг айдаст автуулж буй сургуулилалт дуусахад тав хоногийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд үүсэх эрсдэлд албаныхан хяналт тавьж байгаа ч иргэд цэрэг, зэвсэг, техник хэрэгслүүд яг хэзээ Монголоос гарахыг л мэдэхийг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
18
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж