Эрхэмсэг авхайн өндөр дээд загварын мэдрэмж

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

Эрхэмсэг авхайн өндөр дээд загварын мэдрэмж

Эрхэмсэг авхайн өндөр дээд загварын мэдрэмж

Хамгийн сайхан хувцасласан алдартнуудын жагсаалтыг “Tatler” сэтгүүл жил бүр гаргадаг. Энэ жил Кембрижийн гүнгийн авхай Кэйт Миддлтон уг жагсаалтыг тэргүүллээ. Өдгөө 40 настай Кэйт “Royal Ascot”, “Platinum Jubilee” зэрэг олон нийтийн арга хэмжээнд дэгжин хувцаслаж очдогоороо хааны гэр бүлийн шүтэн бишрэгчдийг гайхуулдаг.

Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард “Royal Ascot” арга хэмжээнд оролцохдоо усан цэнхэр өнгийн тансаг цамц, бошинз өмссөн. “Royal Ascot” арга хэмжээ таван өдөр үргэлжилдэг бөгөөд хааны гэр бүлийн эмэгтэйчүүд хамгийн сайхан хувцаслалтаараа өрсөлддөг гэхэд болно. Кэйт усан цэнхэр даашинзаа цэнхэр өнгийн молор болон алмааз хослосон ээмэгтэй хослуулжээ. Түүнээс гадна Хатан хаан II Элизабет, гүнж Беатрис, гүнж Евгений, Зара Тиндалл нар цэнхэр өнгийг сонгосон байв.

“Royal Ascot”-ийн дараагийн өдөр Кэйт 1986 онд Диана гүнжийн өмсөж байсантай яг ижилхэн гэхэд болохоор бөмбөлөгтэй цагаан даашинзаар гоёсон. Мэдээж гярхай нүдтэй шүтэн бишрэгчид үүнийг анзаарсан нь тодорхой. Зарим хүн энэ хувцаслалтыг Хөөрхөн хүүхэн киноны Жулиа Робертсийн дүр төрхөөс санаа авсан гэж хэлж байв.

Ямартай ч энэ жил “Tatler”-ийн онцолсон 25 хувцаслалт бүхэлдээ 1980-аад оныг санагдуулам байсан гэдгийг онцлох нь зүйтэй. Эрэгтэй нь ч тэр, эмэгтэй нь ч тэр.

Кэйт Миддлтоны бөмбөлөгтэй даашинз “Alessandra Rich” брэндийх бөгөөд 1970 фунт стерлингийн үнэтэй. Түүний шүүгээнд Их Британийн загварын салбарын акулуудын хувцас дүүрэн байдаг хэдий ч байгаль орчинд ээлтэй зэргийг харгалзан үзээд нэг өмссөн хувцсаа олон дахин өмсдөг гэдгээрээ алдартай. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт тэрбээр 1945 фунт стерлингийн үнэтэй “Alexander McQueen” брэндийн даашинзаа гурав дахь удаагаа өмссөн байна. Гүнгийн авхай “Alexander McQueen” брэндэд дуртай бөгөөд тус брэндийн хувцсыг хэд хэдэн удаа өмссөн байдаг. Онцгойлон хуримын өдрөө хүртэл “Alexander McQueen”-ийг сонгожээ. Харин сүүлийн үед “Alessandra Rich” брэндийг түлхүү сонгох болсон байна. Энэ брэндийн шийдлүүд Кэйтийн талийгаач хадам эх Диана гүнжийг эрхгүй санагдуулдаг нь санамсаргүй тохолдол биш болов уу.

“Harpers Bazaar”, “Elle”, “Vogue”  зэрэг хувцас загварын томоохон төлөөллүүд Кэйт Миддлтоны хувцаслалтыг нэг бус удаа онцолж байв. Тэр бүү хэл “Kate Middleton Style” гэсэн цахим хуудас хүртэл байна.

Тус цахим хуудас хүмүүсийн хамгийн их сонирхдог хэдэн асуултад хариулжээ. Тухайлбал, Кэйт Миддлтон ямар загварын даашинз өмсдөг вэ? Тэрбээр гэрлэсэн эхний жилүүддээ харандаан загвар, эсвэл өвдөгнөөс дээш загварыг голчлон сонгодог байв. Сүүлийн жилүүдэд илүү даруухан хэв маягт дурлах болж, дундаж урттай, заримдаа бүр макси урт даашинзыг сонгох болжээ.

Дараагийн асуулт бол Кэйт Миддлтон нэг даашинзаа хоёр удаа өмсдөг үү? Энэ асуултын хариултыг бид дээр бичсэн. Тийм ээ, гүнгийн авхай нэг даашинзаа нэгээс олон удаа өмсдөг. Бүр байнга давтаж өмсдөг гэсэн ч болно. Жишээлбэл, “Stella McCartney” брэндийн цэнхэр даашинзыг тэр дөрвөн ч удаа арга хэмжээнд өмсөж очжээ. “Alexander McQueen” брэндийн голт бор өнгийн даашинзыг тэр анх 2011 онд өмссөн. Тэгвэл бүхэл бүтэн 10 жилийн дараа уг даашинзаа Кэйт ахин гаргаж ирж “Earth shot” шагнал гардуулах ёслолын үеэр өмсчээ. Энэ нь эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовж явдаг олон хүнийг баярлуулсан юм. Уг ёслолын арга хэмжээний уриалга нь шинэ хувцас худалдаж авахын оронд нэг хувцсаа тогтвортой өмсөх юм.

Кэйт хэдэн даашинзтай вэ? Мэдээжийн хэрэг бид түүний олны өмнө гарахдаа өмссөн даашинзуудыг л тоолж чадна. Ямартай ч сүүлийн 10 жилийн хугацаанд 200 өөр даашинз өмссөн гэж “Kate Middleton Style” хуудас тооцоолжээ. Мөн тэрбээр “Topshop”, “ASOS”, “Marks & Spencer”, “Zara” зэрэг хэт үнэтэй бус энгийн брэндүүдээс хэд хэдэн удаа сонголт хийсэн байна.

Эх сурвалж: DAILY MAIL, VANITY FAIR, KATE MIDDLETON STYLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж