Элстэй гялгар уут цоолдог стратеги дуусав!

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

Элстэй гялгар уут цоолдог стратеги дуусав!

Элстэй гялгар уут цоолдог стратеги дуусав!

Го.Бадарчийн хөтөлсөн “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн үеэр ийм нэг маргаан болдог. Олон жилийн өмнөх нэвтрүүлэг л дээ. Захиалагч нь Х.Баттулга, санхүүжүүлэгч нь оросууд байсан ч байж магадгүй. Уг нэвтрүүлэгт,

Д.Дамба: Бид үеийн үед хятадуудтай наймаа хийж ирсэн шүү дээ. Цайнаас эхлүүлээд торго, хонь бүгдийг л наймаалцдаг байсан. Хятадууд бидэн рүү довтлохдоо тулах юм бол тэр нарийн царигтай цариггүй орж ирнэ.

Х.Баттулга: Ямар нэгэн хоёр улсын хооронд дайн болоход төмөр зам, банк, холбоог нь эзэлдэг юм. Тэрнийгээ эзлүүлэхгүй гэж хамгаалдаг юм, үхдэг юм, үрэгддэг юм. Өнөөдөр манайх зүгээр л өгч байгаа байхгүй юу.

Д.Дамба: Тэгвэл өргөн царигтай  төмөр замаар оросууд манай руу халдан довтлохгүй гэсэн баталгаа хаана байна.

Х.Баттулга: Оросынхоо бодлогыг хар л даа, түүхээ хар л даа. Орос газар нутгаа томсгох бодлоготой биш. Хүн ам нь цөөхөн, сибирь нь эзэнгүй болж байгаа. Бас Хятадын аюулаас айж байгаа улс.

Х.Баттулга нэвтрүүлгийг хаяж босч явсан. Тавантолгойн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах экспортын төмөр зам гацсан. Харамсалтай нь, урдаас биш хойноос, төмөр замаар биш авто замаар Оросын танк орж ирж болохыг монголчууд өнөөдөр л ойлгож байх шиг. Үүнийг ойлгохын тулд олон арван жил зарцуулсан, өртөг нь хамгийн багадаа 80 их наяд төгрөг гээд бодоод үз.  Энэ хугацаанд Орос, Хятад хоёр 100 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, урд хөршид экспортолсон нүүрсний хэмжээгээрээ Орос гуравт бичигдэж байна. Харин Монгол жилдээ дөнгөн данган 20 сая нүүрс экспортлох төдий.

Тэгвэл Ван И-гийн айлчлалаар Х.Баттулгын гацаасан Гашуунсухайтын төмөр замын асуудал Монголд нааштайгаар шийдэгдэж байна. Хятадуудтай төмөр замын холболтын цэгээ эцэслэн баталгаажуулна гэдэг нэг том асуудлаа шийдэж чадлаа гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, Х.Баттулгаар дамжуулан оросуудын монголчуудтай хийсэн төмөр замын дайн дуусч, Монгол өмнөд хөрштэйгөө олон боомтоор холбогдохоор болж байна.

Өөрөөр хэлбэл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг эцэслэн шийдэж Зам тээврийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Элчин сайд Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурсан юм. Энэ жилдээ багтаж, Ханги-Мандалын төмөр замыг ашиглалтад оруулахаа Л.Оюун-Эрдэнэ амалсан. 1955 оноос өнөөдрийг хүртэл төмөр замын экспортын ганцхан шугамтай байсан бол таван чиглэлд төмөр замын экспортын гарцтай болох боломж нээгдэж байна. Мэдээж,  Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхэд нэн чухал нөлөө үзүүлэх нь тодорхой.

Хятад судлаач Х.Баатархүү дүгнэхдээ энэ бүхний эхлэл Ерөнхий сайд Бээжинд олимп үзэхээр явах үед тавигдсан гэж. Явсан нохой яс зуудаг гэдэг.  Ямар ч байсан эдийн засгийн хямралын араас хонгилын үзүүрт гэрэл цухалзаж л байна. Өрийн тааз, өрхийн амьдрал, үнийн өсөлт гээд Шри-Ланкын араас бараг гулсаад орчихно гэсэн үгүй бололтой, Монголд дефолт арай ч нүүрлэчихсэнгүй, ангижирч байх шиг.

Нөгөөтэйгүүр төр засаг тогтвортой байж гэмээнэ том төслүүд хөдлөх хэрэгжих боломжтой. Ялсан нам нь ялагдсан намынхаа бодлогыг хэзээ үргэлжлүүлж байлаа даа, энэ утгаараа гадаадынхан ч тогтвортой төртэй хамтрах хүсэл сонирхлоо илэрхийлдэг. Ван И ч Монголын улс төрийн тогтвортой байдлыг дэмжиж ажиллана гэсэн байна лээ. Ерөнхийдөө тогтвортой засагтай хамтарч ажиллана гэсэн далд мессеж байх. Нэг засагтай ажил төрөл яриад явж байтал өнөөх нь огцроод яриа, хөөрөөгөө ахиад эхнээс нь хийхээр хэн дуртай байхав. Ямар сайндаа л, манай дарга нарыг очихоор өмнөх ярьсан, хэлснээ хэрэгжүүлэхийг хэлж, сануулах нь ч байдаг.

Ийнхүү Монгол Улс өнөөдөр дэлхийн анхаарлын төвд, олон улсын сонирхлын цэг болжээ. Энэ боломжийг нь ашиглаж, хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа хөгжүүлэх нь чухал. Ашгүй нэг элстэй гялгар уут цоолдог  стратеги дуусч байна. Үүнийг ойлгох гэж их ч хугацаа, их ч мөнгө алдлаа.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж