Луут хотын дэргэд 400 саяын өртөгтэй төв байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

Луут хотын дэргэд 400 саяын өртөгтэй төв байгуулжээ

Луут хотын дэргэд 400 саяын өртөгтэй төв байгуулжээ

Архангай аймагт нээн илрүүлсэн эртний Луут хотын дэргэд “Соёл, мэдээллийн төв” ашиглалтад ороход бэлэн болжээ. Одоо улсын комисс хүлээн авах шатанд явж байгаа аж. Мөн үүнээс гадна ийм загвар Соёл, мэдээллийн төвийг Ховд аймгийн Үенч, Дундговь аймгийн Өлзийт, Төв аймгийн Баянцагаан, Хэнтий аймгийн Батширээт суманд байгуулах гэнэ.

Соёлын яамнаас өнгөрсөн 2021 оны улсын төсвөөр 1200 метр хотын туурь хамгаалалтын хашааны хамт барилгыг нийт 400 сая төгрөгийн өртөгтэй байгуулжээ.

Түүхэн дурсгалт газрыг зорин ирэх ард иргэд, зочид, аялагчдад дурсгалын талаарх үнэн зөв, цэгцтэй мэдээллийг өгөх, археологийн судалгааны шинжилгээний ажлын үр дүнг сурталчлан таниулах зорилгоор энэ төвийг байгуулсан гэдгийг албаныхан онцолсон юм.

"ЭНЭ ХӨНДИЙД УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИЙН ИХ ХҮННҮ БУЛШНУУД БАЙДАГ"

Төрийн өмчит “Улаанбаатарын их сургууль”-ийн Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангайгаас эртний Луут хотын талаар тодрууллаа. Тэрбээр "Миний хувьд 2010 оноос хойш Орхон,Тамирын голын сав газарт судалгаа хийж эхэлсэн. Яагаад гэвэл энэ хөндийд улсын хэмжээнд хамгийн их хүннү булшнууд байдаг. Энд бидний өвөг дээдэс олноор амьдарч байсан гэсэн үг. Үүнд тулгуурлаж, Хүннү гүрний улс төрийн төв буюу Орхон, Тамирын голын сав газар судалгааг эхлүүлсэн. Монголын хэмжээнд эрдэм шинжилгээний эргэлтэд орсон 13 мянган булш байдгаас 1/3 нь энд гол төвлөрөл нь байдаг юм. Тэгээд анх 2017 онд эртний Луут хотыг илрүүлж, 2020 онд малтлага хийж эхэлснийхээ дараа олон нийтэд зарласан.

Хүннүчүүд энэ үеэс анхны төрт улсыг байгуулж, хот байгуулж эхэлсэн. Монголын хамгийн эртний хот гэдгээрээ онцлог. Эргэн тойронд нь бүх дурсгалууд нь байгаа. Малтлагаас “Тэнгэрийн хүү Шаньюу мянган түм насал” гэсэн дүрс үсгээр бичсэн чимэглэлтэй ваар их олдсон. Эндээс харахад Хүннүгийн хааны ордон гэдэг нь тодорхой. Улсын хэмжээнд илрүүлсэн эртний 16 хотын малтлагаас Шаньюутай холбоотой бичиг дурсгал огт гарч байгаагүй. Монголын тулгар төр гэж ярьдаг шүү дээ. Монголын тулгар төр байгуулагдсаны 2231 жилийн ой энэ хааны ордноос үүсэлтэй. Малтлага судалгааны ажил гурав дахь жилдээ үргэлжилж байна. Одоо бол дандаа хана хэрэмний зохион байгуулалтын малтлага, судалгааг туршлагатай 18 судлаач хийж байна. Эртний хот нь дөрвөн том ордонтой. Мөн дотор хэрэмний 1/4 маш том усан сантай. Хааны ордны баруун урд талд байрлалтай" тухай танилцуулав.

Соёл, мэдээллийн төвд багахан хэмжээний музей байгуулах гэнэ. Ирэх жилээс төвд шилэн хорго байрлуулж, үзмэр байрлуулах аж. Цаашдаа тухайн сумын Соёлын төвийн эрхлэгч хариуцан ажиллуулах юм байна.

"ТҮҮХЭН ДУРСГАЛЫГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, СУРТАЛЧИЛГАА ХИЙХ ЗОРИЛГОТОЙ"

Соёлын дэд сайд М.Батбаяр:

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яамнаас Орхон-Тамир, Хануй, Хүнүй голын сав газар орших түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэн, танин мэдэхүйн ач холбогдолтой археологийн томоохон дурсгалыг сонгож, судалгаа, сурталчилгаа, соёлын аялал жуулчлалын сүлжээ байгуулахаар төлөвлөсөн.

Дөрвөн голын сав газрын дагуу монголчуудын долоон төрт улсын археологийн дурсгал бий. Үүний малтлага судалгааны ажил үргэлжилж, маш сонирхолтой дурсгалууд илэрч буй. Энийг цааш аялал жуулчлалын эргэлтэд оруулж, судалгаа, сурталчилгаа хийж, орон нутагт ажлын байр бий болгох зорилготой юм. Үүний ТЭЗҮ-г хийхээр энэ оны улсын төсөвт тусгаж, Барилга, хот байгуулалтын яам дээр явж байгаад тодотголоор хасагдсан. Ирэх жилээс улсын төсөвт суулгахаар төлөвлөж байгаа. Энэ бүтээн байгуулалтын нэг хэсэг нь Архангай аймгийн Өлзийт суманд илрүүлсэн Луут хотын туурийн дэргэд загвар болгон Соёл, мэдээллийн төвийг байгуулахаар 2021 онд барилга угсралтын ажил эхэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж