Монгол: НҮБ-тай нягт холбоотой хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

Монгол: НҮБ-тай нягт холбоотой хамтран ажиллана

Монгол: НҮБ-тай нягт холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.08.08/ хүрэлцэн ирсэн. Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны сайдтай уулзалт хийлээ.


Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:

-Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгийг зарласан. Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг онцлон дурдмаар байна. Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улс цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөө олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад зайлшгүй хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Монгол Улс зүүн хойд азийн бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах байдал нэн чухал гэж үздэг. Монгол Улс зүүн хойд Азийн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг 2013 онд дэвшүүлсэн.

Энэ оны зургадугаар сард манай улс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бодлогын бага хурлыг амжилттай зохион байгуулсанг мэдээлэхэд таатай байна.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг бидний нийтлэг зорилго илтгэлд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ нь цаг үеэ олсон, хөгжлийн зорилт хөтөлбөрүүдийг хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн олон талт ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Манай улс санаачлан байгуулсан далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг тогтвортой хөгжлийн 20:30 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүнтэй дэмжлэг үзүүлдэг мэдлэг, инновацийн төв болгон бэхжүүлж, хөгжүүлэхэд НҮБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана.

Дэлхийн дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэргийг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” санаачилгыг дэвшүүлж, үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг дэмжиж, өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээнд оролцоно. Мөн манай улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XVII бага хурлыг 2026 онд Улаанбаатарт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай энэ оны тавдугаар сард байгуулсан 2023-2027 онд хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний хөгжил, хүний эрх тэргүүтэй таван чиглэлийн хүрээнд НҮБ-тай нягт хамтран ажиллана.

Нэн ялангуяа манай улсын боловсролыг шинэчлэх, цахим үндэстэн болох, сэргээгдэх эрчим хүчийг гол эрчим хүчний хангамж болгоход НҮБ-ын туслалцаа, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.

МОНГОЛ УЛС БҮС НУТАГТАА ЭНХ ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.ГУТЕРРЕШ:

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн хэвлэлийхэнд хийсэн мэдээллийг  хүргэж байна.

-Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид, ноёд хатагтай нар аа, Дөнгөж сая миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Эрхэмсэг хатагтай Батмөнхийн Батцэцэгтэй маш үр дүнтэй уулзалт хийлээ. Гадаад харилцааны сайд Танд болон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монголын ард түмэнд биднийг халуун дотноор хүндэтгэн хүлээн авсанд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн билээ. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй  хувь улам нэмэгдэж ирсэн. Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын нийт энхийг сахиулагчдад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хамгийн хүнд хэцүү талбарт үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлье.

Дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудад энх тайван, тогтвортой байдлыг дэмжин бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар харуулан, хүлээсэн үүргээ биелүүлж байгаад нь бид гүнээ талархаж байна. “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” санаачилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй оролцож буйд би нэн талархаж байна.

Монгол Улс энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд санаачилга гарган ажиллаж байгаагийн зэрэгцээ энэ оны зургадугаар сард Улаанбаатар хотноо энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн асуудлаар олон улсын хурлыг зохион байгуулсан билээ. Энэ нь дэлхий нийтийн хамтын зорилт болох жендэрийн тэгш байдлыг хангах явдалд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, манлайлал, эв санааны нэгдэл, тууштай хүч чармайлтын илрэл юм.

Олон талт механизмд Монгол Улсын үзүүлж буй дэмжлэг нь НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрээр хязгаарлагдахгүй юм. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах бодлого баримталж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харуулсан. Эх дэлхийг цөмийн зэвсгээс ангид болгохын тулд бусад улс ч Монгол Улсыг үлгэрлэн дуурайна гэдэгт би найдаж байна. Монгол Улс бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг гаргасан нь үүний тод жишээ юм. Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь “Бидний нийтлэг зорилго” илтгэлд миний тусгасан тэргүүлэх зорилтуудын нэг мөн.

Энэхүү яриа хэлэлцээнд залуучуудын дуу хоолойг оролцуулсан нь  надад урам зориг өгч байна. Олон талт механизмд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр нь хөгжлийн салбар, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэх хүрээг ч хамарч байна. Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг 1994 онд үүсгэн байгуулахад манлайлан оролцсон билээ. Улмаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг 13 жилийн өмнө Улаанбаатарт байгуулсан. Далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд Монгол Улс нь худалдаа, тээвэр, холболтын олон бэрхшээлтэй тулгарч байна. Эдгээр сорилт нь Ковид-19 цар тахал, Украин дахь дайн, улам бүр нэмэгдэж буй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам хүндэрч байна.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд олон жилийн ган гачиг нь нөлөөлж, нийт газар нутгийнх нь 77 орчим хувь цөлжилтөд нэрвэгджээ. Монгол Улсын Засгийн газар эдгээр сорилтыг даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхийн төлөө чармайн ажиллаж, энэ хүрээнд “Нэг тэрбум мод” зэрэг санаачилгыг хэрэгжүүлж байна. Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицуулахад Монгол Улсыг  жишээг бид сайшааж байна.

Монгол Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч болох боломжтой. Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн боломжуудыг бий болгож чадна гэж би үзэж байна. Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой юм. Далайд гарцгүй хэдий ч Монгол  Улсын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг чухалчилсан бүтээлч гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж, тогтвортой хөгжлийг урагшлуулахад дэмжлэг болж байна.

Монгол Улс сүүлийн жилүүдэд гайхалтай шилжилтийг хийж чадсан.

Монгол Улсын удирдагчид бүх ард иргэдийнхээ өнө удаан хөгжил дэвшлийн төлөө цаашид ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг дээдлэн хамгаална  гэдэгт би итгэж байна.

НҮБ-ын үйл ажиллагаанд  хувь нэмэр оруулж ирсэнд Монгол Улсад талархал илэрхийлэхийн сацуу энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийн асуудлуудын хүрээнд танай улсад бидний үзүүлэх дэмжлэгт цаашид ч найдаж болно гэдгийг илэрхийлж байна.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж