Хурд, хүч, эр зориг, тэсвэр хатуужлын талбараас аваргын цом атгасан төмөр замчин дайчид

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

Хурд, хүч, эр зориг, тэсвэр хатуужлын талбараас аваргын цом атгасан төмөр замчин дайчид

Хурд, хүч, эр зориг, тэсвэр хатуужлын талбараас аваргын цом атгасан төмөр замчин дайчид

УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба /ЦХОБА/-ны дайчид өнгөрсөн зургадугаар сард зохиогдсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах “Мазаалай-2022” тэмцээний алтан цомын эзэд болсон билээ. Энэ удаад “Улсын аварга” багийнхантай уулзаж, тэмцээний сонин хачин, тэдний амжилтын талаар уншигчдадаа хүргэе.

Тамирчны ялалт хямдхан олдоогүй…

Гал унтраах техникийн олон төрөлт спорт манай улсад 1957 оноос эрчимтэй хөгжиж тэр үеэс улс, бүсийн тэмцээн уралдаан зохиогдох болжээ. Харин энэхүү спортын тэмцээн уралдаанд төмөр замчин дайчид маань 1972 оноос хойш тасралтгүй оролцож, энэ жил аваргын цомын эзэд болоод байна. Ийнхүү  үе үеийн төмөр замчин дайчдын хүсэл мөрөөдөл хагас зуун жилийн хойно биеллээ олсныг харахад өөрийн эрхгүй “Чингис хаан” хамтлагийн “Тамирчны алдар” дуу санагдана.

2017 онд ЦХОБА-ны хамт олон Улаанбаатар бүсийн тэмцээний аваргын алтан медалийг хүртэж байжээ. Энэ жилийн улсын аваргын тэмцээн Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, УБТЗ-ын ЦХОБА-ны түүхт 70 жилийн ойн нэрэмжит болон зохиогдсоноороо онцлогтой байв. Тэр ч утгаараа ОБЕГ, УБТЗ ХНН-ийн ЦХОБА энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулсан юм.  Олон тэгш ой таширласан жил гэдгээрээ уг тэмцээнийг ОБЕГ-аас хагас нээлттэй зохион байгуулсан тул түүхэндээ хамгийн олон баг өрсөлдсөнийг дурдах хэрэгтэй. Улсын аваргын тэмцээн хоёр жилд нэг удаа зохиогдох бөгөөд өмнөх жилд болсон бүсийн аваргын шилгүүд  болох 24-25 баг оролцдог байсан бол энэ жил нийт 31 багийн 250 орчим тамирчин оролцжээ.

Ийнхүү  УБТЗ-ын ЦХОБА-ны түүхт 70 жилийн ойд төмөр замчин дайчид  аваргын алтан цомоор бэлэг барьсандаа туйлын баяртай байна билээ.

Итгэлийг зүтгэлээр хариулах нь

Тэмцээнд ОБЕГ-ын харьяа 29 анги нэгтгэл, мөн Дотоод хэргийн их сургуулийн баг, тэдэн дээр гаднаас ганцхан УБТЗ ХНН-ийн ЦХОБА-ны баг тамирчид оролцжээ. Ёстой “тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг УБТЗ-ын ЦХОБА-ны баг Онцгой байдлынхны хувьд бол гадныхан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүчтэй өрсөлдөгчид гэдгээ батлаад байсан юм. 2017 оны бүсийн аваргын дараа тэдэнд улсын аваргын цом авах итгэлийн гэрэл асаж эхэлсэн хэмээн багийн дасгалжуулагч, спортын дэд мастер У.Ууганбаатар ярилаа. 2018 онд Улсын аваргын тэмцээний ялагчийн тавцанд тун ойрхон очсон ч ганцхан шалтгаанаас шагналт тавдугаар байрт орсон байна. Чухам тэдний амжилтад юу нөлөөлснийг дараа тодорхой өгүүлэх тул түр хойш тавья.

Гал унтраах техникийн олон төрөлт спортыг дотоодод хөгжүүлэх, лидер тамирчдыг бэлтгэн гаргахад ЦХОБА төдийгүй УБТЗ-ын захиргаа бодлогоор дэмжиж ирсэнд талархаж явдгаа багийн дасгалжуулагч онцолж байв. Тухайлбал, жил бүр ЦХОБА-ны аварга шалгаруулах тэмцээнийг улс, бүсийн аваргын тэмцээний өмнө зохион байгуулж, тухайн жилийн шилгүүдийг шигшин баг бүрдүүлж, багийнхныг ажлаас чөлөөлж 20 гаруй хоногийн эрчимтэй бэлтгэлд гаргадаг уламжлалтай аж. Энэ нь дайчдын амжилтад нөлөөлөх нь гарцаагүй. Энэ жилийн хувьд улсын аваргын тэмцээнийг ойнхоо нэрэмжит болгон хамтран зохион байгуулж буйн хувьд ЦХОБА-ныхан багийнхаа бэлтгэлийг 40 хоног болгон сунгаж, Улсын аваргын тэмцээн Сэлэнгэ аймагт болох тул Зүүнхараа ЦХА-ыг түшиглэн бэлтгэл хангуулжээ. Ийнхүү итгэл найдвар тавьж, том дэмжлэг үзүүлсний хариуг тэд аваргын алдраар хариулсан. Улсын аваргын шилжин явах цомыг гурван удаа аварга болсон баг үүрд хадгалан үлдэх эрхтэй болдог аж. Одоо манай дайчид аваргын алтан цомыг үүрд авч үлдэх шинэ зорилго өмнөө тавьжээ. Улсын хэмжээнд энэ цомыг үүрд хадгалсан баг хараахан гараагүй гэнэ. Төмөр замчин дайчдад шинэ түүх бүтээх боломж байна.

Урам,итгэл,дэмжлэгийн нийлбэр амжилт

Дайчид маань нэг хүнд чин сэтгэлээсээ талархаж явдагаа уламжиллаа. Тэр хүн бол УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга асан Ч.Цогтбаяр аж.

2017 онд анх удаа ЦХОБА-ны баг Улаанбаатар бүсийн аваргын алтан медаль хүртэхэд Ч.Цогтбаяр дарга хүлээн авч баяр хүргэн, багийн гишүүд тус бүрийг сая төгрөгөөр урамшуулан шагнаж байжээ. Түүнчлэн, 2018 оны Улсын аваргын тэмцээнийг Ч.Цогтбаяр дарга өөрийн биеэр очиж үзэн, багаа дэмжжээ. Төмөр замын дайчид маань эхний гурван төрөлт буюу довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 төрлийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт явж байсан боловч байлдааны тархалтын төрөлд 12 байрт орж, нийлбэр дүнгээр шагналт тавдугаар байрт орсон байна. Ийнхүү сүүлийн төрөлд амжилт тааруу байсан нь байлдааны тархалтад ашиглагдах гайзер мотопомп манайд байдаггүйгээс уг төхөөрөмж дээр нэг ч сургуулилт хийж амжилгүй оролцсоноос болжээ. Тэмцээний дараа Ч.Цогтбаяр дарга “Энэ төхөөрөмжийг би тэтгэвэрт гарахаасаа өмнө та нарт заавал авч өгнө” хэмээн амлаж байж. Дарга ч хэлсэн амандаа хүрч, 2020 онд гайзер мотопомп авч өгчээ. Ийнхүү дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэсэн дайчид маань алтан медаль зүүсэн байна. Тэд “Ч.Цогтбаяр даргын бидэнд өгсөн итгэл, дэмжлэг энэ амжилтад хүрэхэд шууд нөлөөлсөн. Тиймээс түүнд талархаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.

 “Оролдлого сайт оройд нь” гэх ардын үг бий

Аливаа амжилтын ард уйгагүй бэлтгэл сургуулилт, урсгасан хөлс бий. ЦХОБА-ны баг Улаанбаатар, Сайншанд, Зүүнхараа, Салхит, Чойр ЦХА-ийн дайчдаас бүрдсэн баг. Албаны нийт анги салбараас хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр гээд тал бүрээрээ тодрон шигшигдсэн лидерүүд л дээ. Гэхдээ газар газрын тэднийг хамтад нь байнгын бэлтгэл сургуулилт хийлгэх боломж тун хомс. Ердөө улс бүсийн тэмцээний өмнөх бэлтгэлийн хэдэн өдөрт нэг хүн шиг болтлоо дасгал сургуулилтаа хийнэ. Тиймээс албаны шигшээ багийг үндсэндээ 2014 онд байгуулсан гэхэд болно. Түүнээс хойших тэмцээн уралдаанд үзүүлэх амжилтууд ч жилээс жилд өссөөр, 2017 онд бүсийн, 2022 онд Улсын аварга болоод байна.

Энэ шигшээ багт Сайншанд ЦХА-ийн гал сөнөөгч, спортын мастер Н.Пүрэвдаш, ОУ-ын хэмжээний мастер Э.Билгүүн, Б.Буянбадрах, Улаанбаатар ЦХА-ийн гал сөнөөгч Д.Саруул-Ирээдүй, Зүүнхараа ЦХА-ийн гал сөнөөгч Ө.Бат-Өлзий, Ш.Отгонтулга, Д.Гансүх, Чойр ЦХА-ийн гал сөнөөгч Х.Гантулга нар багийн үндсэн гишүүнээр, залуу тамирчид болох Салхит ЦХА-ийн гал сөнөөгч С.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар ЦХА-ийн гал сөнөөгч А.Одбилэг нар сэлгээний тамирчнаар багтжээ. Тэмцээний өмнөх нэгдсэн бэлтгэлээс бусад үед багийн тамирчид групп чатаараа холбогдож, дасгалжуулагчаасаа зөвлөгөө авч, дор бүрдээ бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг байна. Багийн дасгалжуулагч У.Ууганбаатар “Манай баг энэ жил аваргын төлөө өрсөлдөнө гэдэгтээ итгэлтэй байсан. Албаны зүгээс ч биднийг сайхан дэмжсэн. Өмнөх жилүүдэд 20 гаруй хоногийн бэлтгэлд гардаг байсан бол энэ жил 40 хоногийн бэлтгэл хийсэн. Багийнхан маань ч зорьсондоо хүрнэ гэж их хичээсэн. Багийн гишүүдээс Чойрын Х.Гантулга маань 7 кг, бусад нь 3-5 кг жин хасжээ. Х.Гантулга маань барилддаг залуу л даа. Энэ жил улсын наадамд зодоглохоор бэлтгэж байхад нь болиулаад л тэмцээний бэлтгэлд нь гаргасан. Ковидын хоёр жилд тэмцээн уралдаан байгаагүй ч манайхан хувийн бэлтгэл сургуулилтаа огт таслаагүй. Үүний үр шим гарлаа. Манайхан олон жил хичээллэсэн энэ спортод үнэхээр дуртай. Энэ чанар бол залуусын маань амжилтын нууц” хэмээлээ. “Энхийн цагт хөлс их урсах тусам дайны талбарт цус бага урсана” гэдэг дээ.

Эрчүүдийн өрсөлдөөний талбар хатуу

Мэдээж дайчин эрсийн хувьд гал гарсан өрсөлдөөн өрнөсөн байж таарна. Тухайн тэмцээний талбарын уур амьсгалын талаар У.Ууганбаатар дасгалжуулагчаас тодрууллаа.

Тэмцээн хоёр өдөр үргэлжилсэн. Том ойн хүрээнд олон баг оролцсон тэмцээнийг ч хэлэх үү. Өрсөлдөөн ширүүн, шүүгч нарын шүүлт хатуу чанд байсан шүү. Эхний өдөр довтолгооны шат, 4х100 метрийн тэмцээн болсон. Довтолгооны шатны төрөлд багийн найман тамирчин гүйдэг. Түүнээс хамгийн сайн амжилт үзүүлсэн зургаан хүний цагийн нийлбэрээр багийн нэгдсэн дүн гардаг. Энэ төрөлд манайх багаараа хүрэл медаль хүртсэн.

Мөн энэ төрөлд гал сөнөөгч Н.Пүрэвдаш маань 15 секунд 9 доллийн  амжилтаар түрүүлж, алтан медаль авч, Улсын хошой аварга болсон. Н.Пүрэвдаш маань өмнө нь 2018 онд мөн энэ төрөлд Улсын аварга болсон байсан. Тиймээс улсын аваргын хоёр тэмцээнд дараалан түрүүлсэн хошой аварга болсон бас нэгэн амжилтыг түүхэнд үлдээлээ. Хошой аваргууд байдаг ч дараалан түрүүлсэн тохиолдол нь анхных болсон. Мөн 37 насандаа аварга болсон анхны тамирчин гэдгээрээ онцлогтой.

4х100 метрт найман тамирчин маань дөрөв дөрвөөрөө хоёр баг болж оролцдог. Манай эхний багийн үзүүлэлт нэгдүгээр байрт явж байсан боловч шүүгчид бичлэг ухрааж үзээд тотго хошуу холбохдоо нэг тамирчныг эрхий хуруугаараа дарсан гэж үзээд оноо нойллосон. Энэ бол мэдээж дараагийн багийнхны сэтгэл зүйд хүнд цохилт болж таарна. Гэхдээ хоёрдугаар баг маань бас нэгдүгээр байраар гүйж ирснээр энэ төрөлд манайхан мөнгөн медаль авсан. Яг тэр үед би багийнхаа залуусаар үнэхээр бахархсан. Манайхан бол бие бялдар, ур чадварын хувьд ч сэтгэл зүйн хувьд ч бэлтгэл ханачихсан байгааг мэдэрсэн.

Тэмцээний хоёр дахь өдөр саадтай 100 метрийн төрөлд ОУ-ын хэмжээний мастер Э.Билгүүн мөнгөн медалийн болзол хангасан. Энэ төрөлд багаараа хүрэл медаль авсан. Байлдааны тархалтын төрөлд манайх мөнгөн медаль хүртэж, нийт дөрвөн төрөлтийн нийлбэр дүнгээр 10 оноотой аваргын болзол хангасан. Манай арын баг 15 оноотой байсан. Ер нь, тэмцээний өрсөлдөөн ширүүн, шүүлт маш хатуу байлаа. Гэхдээ манайхан энэ тэмцээнд маш их туршлага суулаа. Дараагийн тэмцээнд жижиг сажиг алдаа гаргаж оноогоо хасуулахгүй болцгоосон доо. Тэмцээнд оролцсон 31 баг 12 багц медалийн төлөө өрсөлдөж, ердөө зургаан баг медальтай буцсан. Манай баг дөрвөн  төрөлд бүгдэд нь медальд хүрсэн.

Онцгой байдлын нэг анги салбар л гэхэд 70 орчим хүнтэй. Нэг аймгийн хэмжээнд 300-400 гал сөнөөгч, жолооч бий. Тэр олон хүнээс шигшигдсэн баг орж байгаа. Гэтэл УБТЗ-ын ЦХОБА-ны шугам замын бүх анги салбарт нийтдээ 45 гал сөнөөгч, 30 жолооч бий. Тэгэхээр Онцгой байдлын нэг ангитай дүйцэхүйц хүнтэй. Ингэж бодохоор залуусаараа бахархаж, омогшихгүй байхын аргагүй.

Зургаан тамирчин спортын нэгдүгээр зэргийн болзол хангасан тамирчин байгаа. Энэ дотроос гал сөнөөгч Д.Саруул-Ирээдүй, Ө.Бат-Өлзий, Б.Буянбадрах нар спортын дэд мастерын болзол хангачихсан байгаа.

Манай спортын хувьд мастерын болзол хангасны дараа заавал баталж байж зэргээ авдаг хатуу шалгууртай. Яагаад гэхээр  ОБЕГ-ын харьяа ангийн салбарын тамирчид спортын дэд мастерын зэрэгтэй бол цалингийн 10, спортын мастер  зэрэгтэй бол цалингийн 15 хувийн нэмэгдэлтэй байдаг юм билээ. Ийм урамшууллын систем үйлчилдэг учраас шалгуур нь их хатуу. Тэгэхээр манайхны хувьд дараагийн тэмцээнд дэд мастераа баталж байж зэргээ авна” хэмээн ярилаа.

У.Ууганбаатар дасгалжуулагчийн хувьд 25 дахь жилдээ гал сөнөөгчөөр ажиллаж буйн 18 жилийг төмөр замд ажилласан байна. Галын техникийн олон төрөлт спортоор 15 жил хичээллээд 2016 онд зодог тайлж, багийн дасгалжуулагчаар ажиллах болжээ.

Тэрбээр, 2017 онд баг нь бүсийн аварга болсон жил болон энэ жил “Шилдэг дасгалжуулагч”-ын шагналыг хүртээд байна.

Алтан цомын эзэн дайчид

Улсын аварга багийн зарим гишүүнтэй холбогдож, сэтгэгдлийг нь сонслоо.

Сайншанд ЦХА-ийн гал сөнөөгч, спортын мастер Н.Пүрэвдаш: -Миний хувьд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ОБ-ын 17-р ангид гурван жил ажиллаад төмөр замд ороод 12 дахь жилдээ ажиллаж байна. 2014, 2016 оны Улсын аваргын тэмцээний гурав сунадаг шатны төрөлд хошой аварга болж, спортын мастерын зэрэг авсан. 2018 оны болон энэ жилийн Улсын аваргын тэмцээнээс довтолгооны шатны төрөлд мөн хос алтан медаль хүртсэндээ баяртай байна. 2018 онд энэ төрлөөр 15 секундын амжилтаар, энэ онд 15 секунд 9 доллийн амжилтаар түрүүлсэн. Довтолгооны шат бол 32 метрээс гүйж ирээд дөрвөн давхар байшин дээр гарна гэсэн үг шүү дээ. Энэ төрлийг хөнгөн атлекийн хаан, тэнгэрийн спорт ч гэж нэрлэдэг. Миний хувьд энэ спортынхоо буянаар 2018 онд Дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдөж явлаа. Энэ жил уг спортоор 14 жилийнхээ хөдөлмөрийн үр дүнг үзэж багаараа Улсын аваргын цом хүртлээ. Маш их баяртай байна. Дэмжиж тусалдаг хамт олон, гэр бүл бүх хүмүүстээ энэ дашрамд талархлаа илэрхийлье. Энэ жилийн тэмцээн дээр багийн маань залуус хийморьтой, хүчтэй, хурдтай, үнэхээр онцгой байж чадсан шүү.

Сайншанд ЦХА-ийн гал сөнөөгч, ОУ-ын хэмжээний мастер Э.Билгүүн: -Би төмөр замд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Түүнээс өмнө Дорноговь аймгийн Онцгой байдлын 33 дугаар ангид алба хааж байсан. Гал унтраах техникийн олон төрөлт спортоор би 10 дахь жилдээ хичээллэж байна. 2017 онд Туркийн Измер хотод зохиогдсон Дэлхийн аваргын тэмцээнд оролцож, ОУ-ын хэмжээний мастерын болзол хангасан. Урд өмнө улс, бүсийн олон тэмцээн уралдаанд оролцож байсан. Энэ жил багаараа Улсын аваргын алтан медаль хүртсэндээ маш баяртай байна. Баг хамт олны хувьд бэлтгэл сайн хангасан. Зүүнхараад очиж бэлтгэл хийснээрээ байгаль, цаг агаарын маш таатай, зөөлөн хөрстэй газар бэлтгэл хангалаа. Хатуу хөрстэй газарт бэлтгэл хийхэд тамирчдын хувьд бэртэл гэмтэл авах эрсдэл өндөр байдаг. Тэгэхээр энэ жил бүх зүйлийн тохироо бүрдэж, зорьсон зорилгодоо хүрлээ. Баяртай байна.

Сайншанд ЦХА-ийн гал сөнөөгч Б.Буянбадрах: -Төмөр замд 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ спортоор ес дэх жилдээ хичээллэж байгаа. 2013 оноос тэмцээн уралдаанд орж эхэлсэн. 2014 онд улсын аваргын тэмцээнд анх оролцож, байлдааны тархалтын төрөлд мөнгө, 2015 оны бүсийн аваргын тэмцээний саадтай 100 метрт мөнгөн медаль хүртэж байлаа. Түүнээс хойш оролцсон уралдаан тэмцээн бүрээс л медаль хүртэж байсан. 2017 онд багаараа бүсийн аварга болсон. Энэ жил Улсын аварга болох зорилго өмнөө тавьсан. Зорилгоо биелүүлж чадлаа. Багийнхаа залуустай хоёр том амжилтын түүхийг бүтээлээ. Маш баяртай байна.  Энэ спорт бол хүнд эр зориг, хурд хүч, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат суулгадаг сайхан спорт шүү.

Зүүнхараа ЦХА-ийн гал сөнөөгч, волейболын спортын мастер Ш.Отгонтулга:  -Миний хувьд гал сөнөөгчөөр 10 дахь жилдээ ажиллаж байна. Гал унтраах техникийн олон төрөлт спортоор ес дэх жилдээ хичээллэж байна. Гурав дахь улсын аваргын тэмцээндээ оролцож багаараа алтан медаль авч түрүүлсэндээ баяртай байна. Энэ жилийн тэмцээн маш өрсөлдөөнтэй байлаа. Гэхдээ манай багийнхан амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан. Баг хамт олноороо зорьсон зорилгодоо хүрсэндээ маш баяртай байна.

Салхитын ЦХА-ийн гал сөнөөгч С.Мөнх-Эрдэнэ: Би гал сөнөөгчөөр гурав дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд галын техникийн олон төрөлт спорт сонирхолтой санагдах болсон тул хичээллээд хоёр жил гаран болж байна. Багтаа шинэ тамирчин учраас энэ жилийн улсын аваргад сэлгээний тамирчны үүднээс оролцсон. Сэлгээний тамирчин бол тэмцээний үеэр аль нэг тамирчин маань бэртэл гэмтлийн улмаас тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болбол оролцдог. Тиймээс бэлтгэл сургуулилтаа багийнхантайгаа хийгээд бэлэн байдлаа хангаад байж байлаа. Багийнхан туршлагатай тамирчдаас маш их зүйлийг сурч мэдэж, туршлага хуримтлууллаа. Анх оролцсон улсын аваргын  тэмцээндээ аваргын алтан медаль хүртсэндээ маш баяртай байна. Энэ спортоор цаашдаа тууштай хичээллэнэ гэж бодож байгаа.

                                                                    Ярилцсан  Б.Гүнжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж