Наадмаас наадам дамжсаар намрыг мартав уу?

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

Наадмаас наадам дамжсаар намрыг мартав уу?

Наадмаас наадам дамжсаар намрыг мартав уу?

Уг нь намрын сар найм биш. Гэвч монголчуудын найр, наадам дуусахгүй үргэлжилсээр.  Улсын баяр наадмаас хойш сум, аймгийн наадмууд үргэлжилж, залгуулаад бүс, даншиг, ойн наадмууд, цолны мялаалгууд болсоор ерөнхийдөө өвөлтэйгөө золгож мэдэх нь.  Эдийн засгийн хямрал нүүрлэж, хувь, хувьсгалгүй ширвэгдэж байж л дээр, дооргүй найр, наадам, айраг цагаа эргүүлсэн шигээ амралт, зугаалга нь дуусдаггүй ээ. Жишээ нь, Говь-Алтайн Засаг дарга танилцах үдэшлэг зохиож, "ханз авсан" бол энэ долоо хоногт "Айраг" наадам Булганд болох гэнэ.

Хувь хүмүүс наадна уу, найрлана уу хамаа алга гэхэд төр нь "эзэнгүй", яамдын хаалга нь бараг цоожтой шахуу зусдаг явдал энэ жил ч давтагдаж байна. Гэтэл Монголд ид бүтээн байгуулалт өрнөдөг улирал нь бага.

Төрийн түшээд ч наадмаас наадам дамжсаар намрыг мартав бололтой. Өвөлжилтийн бэлтгэл ажил, эдийн засгийн хямрал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг анхаарч, дуугарч байгаа сайд, гишүүн нэгээхэн ч алга. Эсрэгэрээ сонгогчдоо одон медалиар хуурч, ухаарч, уянгалсан пост цахим хуудаснаа бичсээр яваа харагдах юм. Тэгээд л есдүгээр сард гэнэт ухаан орсон аятай эдийн засаг, иргэдийн амьдрал гээд наашаа харж уйлан дуугарч попорно.  Цаашаа хараад энэ бүхнийг мартана. Төрсөн аймаг, сонгогдсон тойрог нь хөгжил гэх юмгүй, иргэд ажилгүй, орлогогүй амьдарч байхад том, том хөөрөг өвөртөлж, жип хөлөглөсөн дарга нар ой, мой гэж очихоосоо ичих хэрэгтэй.

Түүхт ойгоо угтаж, сумандаа ажлын байр бий болгож, авто зам тавьж, эмнэлэг, цэцэрлэг барихаас илүүтэй хэлбэр хөөн хурдан морь уралдуулж, бөх барилдуулахаар өчнөөн мөнгө төгрөг зарцуулдгаа болих хэрэгтэйг иргэд шүүмжилж байна.

Билл Гейтс “Зун бол амралт бус бусдаас тасран хөгжих боломж” гэж хэлж байв. Харин Монголоор энэ үгийг “Зун бол амралт. Бусдаас хол хоцорч, ажлаа хаяан сайхан амрах цаг” гэж орчуулж болохоор байна. Ирэх өвөл нийслэлчүүд хөлдөнө гэж анхааруулсаар байхад хийж байгаа ажил тун ховор гэхэд хилсдэхгүй. Эрчим хүчний сайд нь хил гаалийн гацааны улмаас дулааны цахилгаан станцууд засварын ажлаа хийж чадахгүй байна гэдгээ мэдэгдчихсэн. Энэ засвар хийгдэж амжихгүй байсаар өвөлтэй золгоно. Дүн өвлийн хүйтэнд нийслэлчүүд халаалтгүй болох эрсдэл үүсээд байна. Цахилгаан станцууд ч ачааллаа дийлэхгүй байх эрсдэлтэйг албаны хүмүүс сануулсаар буй. Гэхдээ үүнд салбарынхнаас нь өөр санаа зовж буй хүн алга.

Амарч, зугаалж, тэрбум тэрбумын төсөвтэй наадам хийж, найрлаж ханасан бол ажлаа хийцгээе. Есдүгээр сарын 1-н боллоо. Цэцэрлэг, сургуулийн бүртгэл, элсэлт, автозамын түгжрэл, Covid-19-ийн ээлжит давалгаа гээд дээр, дооргүй анхаарах асуудлууд Монголд бишгүй л байна. Бөхчүүд, морьдоо ч амраая. Тэд маань наадам дамжин явсаар ядарч л байгаа байлгүй. Эртхэн ухаарч, ажил төрлөө амжуулахгүй бол модон жорлон, овоон дээр хийсэх үнэгүйдсэн Монгол төгрөгтэйгөө байрандаа үлдлээ шүү, Монголчуудаа. Наадмаас наадам дамжин найрлаж суухдаа, намар ирдгийг битгий мартчихаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж