“Ван Игийн айлчлал олон шийдэлд хариу өгсөн айлчлал байлаа”

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

“Ван Игийн айлчлал олон шийдэлд хариу өгсөн айлчлал байлаа”

“Ван Игийн айлчлал олон шийдэлд хариу өгсөн айлчлал байлаа”

Хятад судлаач Х.Баатархүүтэй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын талаар ярилцлаа.

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж,  хэд хэдэн чухал санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Энэхүү айлчлалын ач холбогдлыг судлаач хүний хувьд та хэрхэн харж байна вэ?

-Энэ оны долдугаар сар гарсаар манай гадаад харилцааны салбарт үйл явдлаар дүүрэн байна. Долдугаар сарын эхээр ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров айлчлал хийсэн. Ингээд сарын дараа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны  11 дэх сайд, Монгол Улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын хувьд айлчлал хийж байгаа дөрөв дэх эрхэм бөгөөд энэ удаа БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын хувьд түүний Монгол Улсад хийж буй  гурав дахь айлчлал юм. Уг айлчлалыг манай Монгол Улсын хувьд сайтар төлөвлөж, өндөр хэмжээнд бэлдэж улс төр, эдийн засаг, нийгэм соёлын салбарт харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлсэн өргөн агуулгатай айлчлалыг амжилттай зохион байгуулж хичээж ажиллалаа.

Уг айлчлал нь олон талын  үр дүнтэй байлаа гэж үзэж байна.

-Тухайлбал, энэхүү айлчлалаас гарсан улс төр, эдийн засаг дах хэлэлцээний талаар та юу хэлэх вэ?

-Миний хувьд айлчлалын үр дүнг гурван хэсэгт ангилан үзэж байна. Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын салбар гэж ангилбал, улс төрийн салбарт хоёр орны өндөр дээд түвшний харилцааны давтамжийг хадгалсан, хоёр орны стратегийн иж бүрэн харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан ийм чухал айлчлал боллоо. Энэ айлчлалын хүрээнд улс төрийн салбарт олон улсын тавцанд бүс нутгийн салбарт хамтран ажиллахад харилцан ойлголцлыг бэхжүүлэх үр дүн гарсан гэж бодож байна.

Удахгүй айлчлалын үр дүнгээр гурван улсын төрийн тэргүүн нарын айлчлалын тов зарлагдах болов уу гэсэн хүлээлт байна.

Цар тахлын дараа Монгол, Хятад, Оросын төрийн тэргүүн нарын  уулзалтын механизм илүү ажилласнаар энэ бүс нутагт нийгэм эдийн засгийн салбарт хувь нэмэр оруулахуйц улс төрийн шийдэл гарах бүрэн боломжтой гэж харж байна.

-Эрдэнэбүрэнгийн УЦС, болон хилийн боомт, нүүрсний асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээ илэрхийллээ. Дээрх асуудлыг шийдвэрлэснээр эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ. Айлчлалаас гарах үр дүнгийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Айлчлалын эдийн засаг дахь үр дүнг тоймловол мөн л гурван хэсэгт ангилах болов уу. Үүнд эрчим хүч, хилийн боомтын худалдааны салбар, бусад шийдлээ хүлээсэн асуудал байх болов уу талаар судлаачид харж байсан. Эрдэс баялгийн салбар, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд нэлээн томоохон үр нөлөө үзүүлэхүйц Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийн асуудлыг шийдэж, төсөл иж бүрнээр хэрэгжих шийдэлд хүрч, гараанаасаа гарлаа гэж үзэж байна.

Баруун бүсийн нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг хангах ялангуяа эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг үзүүлэхүйц Эрдэнэбүрэнгийн УЦС буюу 90 мегаваттын станцыг 61 сарын хугацаанд БНХАУ-ын төрийн өмчит аж ахуй нэгж барьж байгуулна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 271 сая ам.доллар байна. Уг эрчим хүчний төслийг Монголчууд олон жилийн өмнөөс судалсан. 1964 онд тухайн үеийн ЗХУ-ын судлаачид Ховдын гол дээр УЦС барих боломжтой гэсэн чиглэлд ажиллаж байсан. Үүнээс хойш олон жилийн дараа 2015 онд ЭХЯ-ны дэргэд төслийн нэгж байгуулж 2018 оноос Засгийн газрын шийдвэр гарч БНХАУ-аас Монгол Улсад олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн  хөрөнгөөс уг төслийн санхүүжилтийг гаргахаар эцэслэн шийдсэрлэсэн. Мөн эдийн засгийн чиглэлийн хоёр дах ангилалд хилийн боомтын нэвтрэх хүчин чадлыг эрчимжүүлэх боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нэлээд шийдлүүд гарлаа.

Ялангуяа олон жил хойшилж, гацаанд ороод байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг эцэслэн шийдээд Зам тээврийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Элчин сайд Элчин сайд Цай Вэньруй нар өчигдөр гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалаар тохирсон хилийн төмөр замыг шийдвэрлэхэд томоохон шийдлийг авчирлаа. 2023 оны эхээр энэ төмөр зам иж бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхэд нэн чухал нөлөө үзүүлэх болно. Мөн бусад боомтуудын чиглэлд ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх шийдлийг ярилцлаа. Ханги-Мандалын чиглэлд тавигдаж буй төмөр замын асуудлыг нааштай хүлээн авч дэмжиж байгаа юм байна. Цар тахлаас бидэнд үлдсэн сургамж бол экспортын олон гарц, хувилбартай байх нь чухал.  1955 оноос одоог хүртэл төмөр замын экспортын ганцхан шугамтай байсан бол одоо таван чиглэлд төмөр замын экспортын гарцтай болох боломж нээгдэж байна.

Мөн цаашид Замын-Үүдийн чиглэлд гуравдахь орноос ирж буй  ачаа тээврийг тогтмолжуулах нь өргөн ач холбогдолтой. Монгол Улсад гурав дахь орноос ирж буй ачаа барааг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулж Эрээн, Замын-Үүд боомтоор импортлоход төмөр замын ачаа тээвэр чухал үүрэг гүйцэтгэх байх.

Гуравдугаарт, шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Жишээ нь бүтээн байгуулалтын улирал ид өрнөж байгаа үед уламжлалт, задгай тээврийн ачаа тэр тусмаа барилгын материалын импортыг эхлүүлэх нэн чухал тулгамдаад байна. Энэ асуудал шийдэгдсэнээр Монгол Улсад үнийн хэт хөөрөгдөл, инфляцийн өсөлт багасах боломжтой. Барилгын материалын задгай тээврийн ачааг яаралтай эхлүүлэх нь тулгамдсан асуудал болоод буй. Энэ талаар тодорхой хэмжээнд шийдэл гараасай гэж хүсч байна.

-Хилийн боомтуудын импортыг идэвхжүүлэх тал дээр ямар ахиц гарсан юм бол?

-Хуучин зөвхөн экспортын чиглэлтэй байсан Өвдөг-Баянхошуу боомт, Бичигт-Зүүн хатавчийн боомтын чиглэлд зөвхөн экспортын биш, импортын чиглэлийн харилцааг эхлүүлэхээр эхнээсээ түрүүчийн ачаа тээврийн ажиллагаа эхэлсэн.

Мөн БНХАУ-д суралцаж байгаа оюутнуудын сурах чиглэлд энэ асуудлыг дэмжинэ гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.  Энэ бол боловсролын салбарын хамтын ажиллагаанд сүүлийн гурван жил тулгамдсан асуудал учраас ахиц дэвшил гарах байх. Мөн Хятад улс, Монгол Улсын хооронд агаарын тээврийн харилцаа зогсонги байдалд ороод удаж байна. 2020 оны хоёрдугаар сард зогссон агаарын тээврийн харилцаа энэ оны долдугаар сарын 5-наас 14 хоногт нэг удаа нисч байсан бол үүний тоог нэмэгдүүлье гэсэн шийдэлд хүрч буй юм байна. Энэ удаа Монгол-Хятадын хоорондын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх санаачилга дэвшүүлсэн гэх мэтчилэн энэ удаагийн айлчлал олон шийдэлд хариу өгсөн, амжилттай айлчлал байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж