Сурвалжлага: Цэцэрлэгийн хүүхдүүдийг харьяаллын дагуу цахимаар бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Цэцэрлэгийн хүүхдүүдийг харьяаллын дагуу цахимаар бүртгэнэ

Сурвалжлага: Цэцэрлэгийн хүүхдүүдийг харьяаллын дагуу цахимаар бүртгэнэ

Жил бүрийн наймдугаар сард ерөнхий боловсролын сургуульд болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдээ элсүүлэх эцэг эхчүүдэд харьяалал гэх асуудал гарч ирдэг. Өнгөрсөн жилүүдэд нэг хүүхэд нь сурдаг, эсвэл түр оршин суудаг бол тухайн хаяг дээр бүртгэлийг гар аргаар шивж оруулах боломжтой байсан. Харин энэ жилээс боловсролын байгууллагын тэгш хүртээмжийг хангах зорилгоор зөвхөн харьяаллын дагуу хүүхдүүдийг бүртгэх шийдвэр гарчээ.

Ингэснээр наймдугаар сарын 10-нд эхлэх цэцэрлэгийн бүртгэл E-mongolia цахим хуудсаар явагдах бөгөөд гэрийн бүртгэлийн хаягаар хүүхдийг цэцэрлэгт хуваарилах юм.

Хэрэв эцэг, эх болон хүүхэд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суух бүртгэлтэй ч Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд амьдардаг бол одоо байгаа хаягаар бүртгэл хийгдэхгүй гэсэн үг. Учир нь цахим систем зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд байгаа хаягаар хийгдэх аж. Энэ нь нэг талаар өрөөсгөл болохыг эцэг, эхчүүд цахим хуудастаа илэрхийлж, Нийслэлийн боловсролын газарт ч гомдол, саналаа хэлж эхэлжээ. Гэвч бүртгэлтэй холбоотой шийдвэрийг өөрчлөх талаар одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

ИРГЭД 10-НААС ӨМНӨ ХАЯГИЙН ЗӨРЧИЛТЭЙ ЭСЭХЭЭ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэлийн талаар тодруулахад дараах тайлбар мэдээллийг өглөө.

Цэцэрлэгийн бүртгэл 10-нд эхэлнэ гэсэн товтой ч хугацаанд өөрчлөлт орж болзошгүй. Өнгөрсөн жилүүдэд бүртгэл долоо хоног үргэлжилдэг байсан. Энэ удаад ч мөн ялгаагүй хугацаанд цахимаар бүртгэл хийгдэнэ. Нэг онцлог нь иргэд харьяаллын бус хамран сурах тойрогт хүүхдээ өгөх ямар ч боломжгүй гэсэн үг.

Хүүхдээ шинээр цэцэрлэгт оруулах гэж байгаа эцэг, эхчүүд хаягийн зөрчилгүй байх ёстой. Харин хүүхэд нь бүлэг дэвших бол автоматаар анги шилжинэ.

Нэг гэрийн хоёр хүүхэд харьяаллын дагуу хоёр өөр дүүрэгт ч суралцах боломжтой. Тиймээс хаягийн бүртгэлээ иргэд сайн шалгах нь зөв. Учир нь бүртгэл цахимаар явагдах учраас УБЕГ-т сүүлийн 24 цагийн мэдээллийг татан авч боловсруулна. Тэгэхлээр алдаатай мэдээлэлтэй, хуучин хаягаар явж байгаа тохиолдолд тухайн хаягийн дагуу цэцэрлэгт хүүхдийг хуваарилна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Тиймээс эцэг эхчүүдийг өөрийн хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон бүртгэлээ баталгаажуулахыг зөвлөж байгаа.

Энэ жилийн тухайд хүртээмжийг сайжруулахаар шаардлага хангасан түрээсийн байруудыг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулах, хаягийн бүртгэлийг шинэчлэх, хянах гэх зэргээр олон ажил хийгдэж байгаа. Үүнтэй уялдуулан бүртгэлийг цахимаар зохион байгуулж байгаа гэдгийг тус газраас онцоллоо.

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, ИРГЭДИЙН ХАЙХРАМЖГҮЙ БАЙДАЛ ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ

Өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлд хийсэн судалгаагаар 34 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Тэгвэл энэ жил ямартай ч энэ тоо буурах нь тодорхой боллоо. Гэсэн ч харьяалал нь нэг талаар төвлөрөл зэргээс харгалзан үзвэл харьцангуй шийдвэр гэдгийг иргэд хэлж байгаа юм. Бид нийслэлийн 22 болон 143 дугаар цэцэрлэгээр ороход “Бүртгэл цэцэрлэг дээр огт хийгдэхгүй. Бид хүүхдүүд хүлээж авах бэлтгэл ажлаа хангасан. Анги бүлгүүдэд хэчнээн хүүхэд авах болон орон тооны хуваарилалтыг цахимаар хийнэ. Бүртгэл явагдсаны дараа нэмэлт бүртгэл хийх эсэх нь тодорхой болно” гэлээ.

Харин цэцэрлэгийн бүртгэл шилжилттэй холбоотойгоор хороо, дүүргээс дараах мэдээллийг өгөв. Дүүргээс өгч байгаа мэдээллээр хүүхдээ цэцэрлэгт оруулахад өөрийн хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийнэ. Мөн хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай. Монгол Улсын Засгийн газараас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд бүх хүүхдийг хамруулахыг хичээн ажиллаж байна. Гэхдээ оршин суугчдын шилжилт хөдөлгөөн болон өөрсдийн хайхрамжгүй байдал хүндрэл учруулах эрсдэлтэй байгаа аж.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд амьдардаг боловч албан ёсны бүртгэл буюу түр оршин суугчийн бүртгэлээ хийлгээгүй олон жил амьдарсан иргэдэд бүртгэлийн талаар мэдээлэл өгөхөөр бухимдаж хүлээж авч байна.

Тиймээс иргэд цэцэрлэгийн насны хүүхэдтэй л бол заавал албан ёсны түр болон байнгын оршин суух хаягийн бүртгэлтэй байх хэрэгтэй гэсэн юм.

ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Цэцэрлэгийн бүртгэлд эхний ээлжид шинжилгээний бичиг зэрэг гар аргаар бичигдсэн маягт хамаарахгүй бөгөөд зөвхөн оршин суугаа хаяг, эцэг, эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн регистр зэрэг шаардлагатай байна. Харин бүртгэл баталгаажсаны дараа шаардлагатай бусад материалыг харьяа цэцэрлэгт аваачиж өгөх аж. Гол нь эцэг эхийн байнгын оршин суух хаяг нь алдаа заахгүй байх нь чухал. Иймд шилжилт хөдөлгөөн хийлгэх иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр бүртгүүлэх юм байна. ҮҮНД:

  • Шилжин ирж буй иргэний хүсэлт, иргэний үнэмлэх
  • 16 нас хүрээгүй хүүхэдтэй иргэн бол төрсний гэрчилгээ
  • Оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг,/газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, худалдах худалдан авах гэрээ гэх мэт/ Өөрийн нэр дээр биш бол эзэмшигчийн зөвшөөрөл бичиг баримт
  • Мөнгө тушаасан баримт
  • Хот дотор шилжилт хийлгэх  /Голомт банк 1165004534 тоот дансанд 1500 төгрөг/
  • Улсын тэмдэгтийн хураамж СХД-ийн тогтмол нэхэмжлэлийн дугаар 313134 /1000 төгрөг/
  • Хөдөө орон нутгаас шилжиж ирэх /Голомт банк 1165004534 тоот дансанд 5000 төгрөг/
  • Улсын тэмдэгтийн хураамж СХД-ийн тогтмол нэхэмжлэлийн дугаар 313134 /1000 төгрөг/ тушаахыг зөвлөлөө.

Шилжилт хөдөлгөөн цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой удаашрах, зарим бичиг баримтын мэдээлэл алдаатайгаас хүндрэл учирч болзошгүй тул энэ жил хүүхдээ цэцэрлэгт анхлан өгөх гэж байгаа иргэд аль болох эрсдэлийг урьдчилан тооцоолж, хороо дүүргээс мэдээлэл авч цахим бүртгэлд бэлтгэлтэй хандахыг албаныхан зөвлөлөө. Мөн дахин сануулахад харьяа бус хүүхдийг цэцэрлэгт авахгүй бөгөөд бүртгэлийг зөвхөн цахимаар явуулах тов хэвэндээ байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж