ОХУ: Казахстаны бүрэн эрхт байдалд эргэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.09-нд нийтлэгдсэн

ОХУ: Казахстаны бүрэн эрхт байдалд эргэлзэж байна

ОХУ: Казахстаны бүрэн эрхт байдалд эргэлзэж байна

ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев долоо хоногийн өмнө цахим хуудсандаа Казахстаны бүрэн эрхт байдалд эргэлзэж буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ тус улсыг “зохиомол улс” гэж нэрлэсэн нь Төв Азийн орнуудыг цочирдуулсан юм. Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгчөөр 2008-2012 онд ажилласан Медведев наймдугаар сарын 2-ны өглөө 04:00 цагт Вконтакте цахим хуудсанд урт гэгчийн нийтлэл бичжээ. Гэвч төд удалгүй нийтлэл устгагдсан ба Медведев цахим хаягаа хакеруудын халдлагад өртсөн гэж хэлсэн.

Тэрбээр нийтлэлдээ эх орныхоо хилийг хэрхэн сэргээх талаар тайлбарласан. Ингэхдээ Гүрж, Казахстан зэрэг хуучин ЗХУ-ын орнуудыг дурдсан байна. “Киев хот болон Оросын бүх нутаг дэвсгэр үндсэрхэг үзэлтнүүдийн бүлэглэлээс чөлөөлөгдсөний дараа Орос дахин нэгдэнэ” гэжээ. Сөрөг хүчний зүтгэлтэн Ксения Собчак дайны дараах Оросын ирээдүйн геополитикийн бүдүүлэг төсөөллийг харуулсан Медведевийн нийтлэлийг скрийншот хийж авсан байв.

“17 дугаар зууны эхээр Казахстаны хойд хэсгийн зэрлэг нутагт оросууд анхны сууринг байгуулжээ. Энэ үеэс хойш гурван зууны турш тус газар нутаг Оросын колоничлолд байсан. ЗХУ задрахаас өмнө хойд Казахстаны хүн амын 62.5 хувь нь славянчууд байсан. Энэ зуунд Казахстаны эрх баригчид бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт олон үндэстний бүлгийг нүүлгэн шилжүүлэх бодлого хэрэгжүүлсэн. Энэ үйлдлийг нь оросуудыг хоморголон устгасан явдал гэж үзэж болно. Бид үүнийг нүдээ аниад өнгөрөөх бодолгүй байна. Оросууд очихоос нааш тэнд хэв журам тогтохгүй” гэж Медведев нийтэлжээ. Мөн одоогийн Атырау, Верный, Алматы нь хуучин Оросын нутаг дэвсгэр байсан гэв.

Энэхүү нийтлэл нь олон зууны тэртээ Кавказ болон Төв Ази руу чиглэсэн хаадын үеийн тэлэлтийг харуулсан колоничлолын агуулга бүхий байв. Нийтлэлд одоогийн албан ёсны Алматы гэсэн нэрний оронд Алма-Ата гэж хэрэглэсэн нь Казахстанд хэрхэн харгис хандаж буйг харуулсан гэж үзэж байна.

Нийтлэлийг 10 минутын дараа устгасан ч анхны хувилбарыг нь олон мянган хүн үзэж амжжээ. Ксения Собчакийн тараасан хувилбарыг л гэхэд 500 мянган хүн уншсан байна.

Владимир Путин 2014 онд Казахстанд төрийн айлчлал хийх үеэрээ ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевыг магтаж, “Өмнө нь төртэй байгаагүй газар нутагт төр байгуулсан. Тэдэнд хэзээ  ч төр байгаагүй. Назарбаев үүнийг бүтээсэн” гэж хэлж байв. Ингэж хэлснээрээ, Путин үндсэндээ Казахстаны оршин тогтнол бол Москвагийн бэлэн гэсэн санааг агуулжээ. Үүний хариуд Назарбаев орчин үеийн төрийн бэлэг тэмдэг болгон 2015 онд Казахстаны 550 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөсөн.

ОХУ ба Казахстан хоорондын мөргөлдөөн хэвлэл мэдээллээр гарч буй улс төрийн мэдэгдлүүдээр хязгаарлагдахгүй. Тодруулбал, Казахстаны баруун хэсгийн ордууд болон Оросын Новороссийск боомтыг холбосон Каспийн хоолойн консорциум хэдэн сарын турш үйл ажиллагаа нь тасалдаад буй. Уг хоолойгоор газрын тос тээвэрлэдэг. Түүнчлэн, Оросын өдөөсөн дайнд Казахстан өөрийн байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев өнгөрсөн зургадугаар сард Санкт-Петербургт олны өмнө үг хэлэхдээ, Луганск, Донецкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр Владимир Путинтэй зэрэгцэж суугаад энэ мэдэгдлийг хийсэн нь багагүй шуугиан дагуулсан юм.

КАЗАХСТАНЫ САНУУЛГА

Казахстан иргэд үүнийг шууд заналхийлэл, доромжлол гэж үзжээ. Медведевийг Оросын суртал ухуулгын машины нэг хэсэг гэж улс төр судлаач Досым Сатпаев хэлсэн. Түүний ажигласнаар, сүүлийн зургаан сарын хугацаанд Оросын хэвлэл мэдээллийнхэн болон улс төрийн зүтгэлтнүүд Казахстаны тусгаар тогтнолд ил болон далд хэлбэрээр заналхийлсээр байжээ. ОХУ-ын ерөнхийлөгч асанг түрэмгий гадаад бодлогыг дэмждэг гэж олон хүн үздэг. Дайн эхэлснээс хойш Медведев Оросын бусад суртал ухуулагчидтай яг л адилхан зан авир гаргасан гэж Сатпаев онцоллоо.

Оросын улс төрийг судалдаг Екатерина Шульманн гэх эрхэм Медведевийн улс төрийн ач холбогдлыг үгүйсгэж нийтлэл бичсэн. “Медведев улс төрийн ертөнцөд мартагдахгүйг хичээж байна” гэж тэр үзжээ.

Казахстан улс салан тусгаарлах тухай үзлийг маш нухацтай авч үздэг. Жишээлбэл, 2016 онд тус улсын иргэн салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж, цахим ертөнцөөр үймээн самуун дэгдээсэн хэргээр таван жил хагасын хорих ял авч байв. Тухайн хүн нь 2014 оны есдүгээр сараас 2015 оны тавдугаар сарын хооронд Вконтакте цахим хуудаснаа Казахстаны талаар сөрөг сэтгэгдэл бичиж, Оросын нэг хэсгийг болох уриалсан аж.

Үүнтэй ижил төстэй хэрэг Казахстаны Петропавл хотын шүүх дээр хэдэн сар болж буй. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард “Chatroulette” нэртэй аппликейшн дээр салах тусгаарлах үзэл баримтлалыг дэмжсэн хос тавдугаар сард баривчлагджээ. Петропавлын шүүх шийдвэрээ тавдугаар сарын 30-нд тэднийг хэрхэх шийдвэрээ гаргасан ч олон нийтэд зарлаагүй байсан. Медведевийн нийтлэлийн дараа шүүгч Алмас Жумагазин мэдэгдэл хийжээ. Тэрбээр хосуудын давж заалдах гомдлыг хүлээж аваагүй ба таван жилийн хорих ял оногдуулсан гэдгээ хэлэв. “Бүх л улс экстремизм, сепаратизм, терроризм гэсэн гурван муу зүйлтэй тэмцдэг” гэж тэр хэлсэн. Энэ нь хэт улс төржих, салан тусгаарлах, хүчирхийлэл заналхийлэл гэсэн гурван зүйлийг нэрлэж байна.

Дээрх үйл явдлыг “Казахстаны сануулга” гэж нэрлэжээ. Салан тусгаарлагч үзэлтнүүдийн цахим сэтгэгдэл тэднийг шоронд ороход ч хүргэж болзошгүй гэж "The diplomat" хуудас мэдээллээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT, NEWS WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
БурууБуруу
14
ХахаХаха
10
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж