ШУА-ийн Тархи, Сэтгэл судлалын хүрээлэнгээс “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурал болох гэж буйтай холбоотойгоор өнөөдөр /2022.08.08/ мэдээлэл хийлээ.
ШУА-ийн Тархи, Сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж. Цолмон:
-Анх Тархи судлалын хүрээлэнг АШУҮИС-ийн дэргэд байгуулж байсан. Ингэхдээ бид 40 гаруй эрдэмтэн судлаачийн баг байгуулан, Монгол Улсын газар зүйн байршлын дагуу Баруун, Зүүн, Төв, Хангайн бүсийн найман аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн эмнэл зүйн найман салбарыг хамруулсан салбар дундын судалгааг хийсэн. Судалгаагаа амжилттай дуусгаж дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлийн тоо 65, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 43 судалгааныхаа үр дүнг нийтлэн гаргасан.
Энэ хүрээлэн маань татан буугдсаны дараа ШУА-ийн харьяа Тархи, Сэтгэл судлалын хүрээлэнг 2021 оны есдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 299 тогтоолоор 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Хүрээлэнгийн эрхэм зорилго нь тархи судлалын шинжлэх ухааныг сэтгэл судлалын шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх нөхцөлөөр судлаачдыг хангах юм. Одоогоор манай хүрээлэн тархи судлал ба сэтгэл судлал гэсэн хоёр үндсэн тэргүүлэх чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Харин сэтгэл судлалын шинжлэх ухаан нь монгол хүний ерөнхий сэтгэл зүйн хэв шинж, нийгэм ба төрийн тухай үзэл бодол, шийдвэр гарах сэтгэлгээний онцлогийг нялх балчир наснаас эхлээд өтөл нас хүртэл нь харилцаа, оюун ухааны хөгжил, сэтгэлгээний онцлог, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг суурь судалгааны түвшинд судална гэж ойлгож болно.
Энэ жил болох гэж буй “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хуралд тархи судлалын шинжлэх ухааныг сонирхдог, тархи судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг үндэсний эрдэмтэн, судлаачид бүхий дотоод гадаадын нийт 300 гаруй хүн биетээр болон цахимаар оролцоно. Мөн энэ олон улсын эрдэм шинжилгээний хуралд Япон, Солонгос, АНУ, БНХАУ, Малайз, Казакстан, Киргиз, ОХУ зэрэг орны нэр хүнд бүхий эрдэмтэн, судлаачид оролцож сүүлийн үеийн судалгааны ололт амжилт, технологийн дэвшлийн талаар лекц уншиж, өөрсдийн онол болон практикийн мэдлэгээ манай услын эрдэмтэдтэй хуваалцах юм.
Түүнчлэн энэ хурал сургалтаа амжилттай зохион байгуулснаар дэлхийн тархи мудлалын Ази Номхон далайн бүсийн Олон улсын хурлыг эх орондоо явуулснаар олон орны эрдэмтэн, судлаачидтай хамтын үйл ажиллагаа эхлүүлэн олон улсын харьцаагаа улам өргөжүүлэн тэлэх бөгөөд үүнээс гадна Монгол Улсад тархи судлал хүчтэй хөгжих суурь үүснэ гэв.
"ХҮНИЙ ТАРХИ, МЭДРЭЛ, СЭТГЭЦТЭЙ ХОЛБООТОЙ 1000 ГАРУЙ ӨВЧИН ЭМГЭГ БАЙНА"
Монголын Нейросайнсийн нийгэмлэгийн тэргүүн Л. Баттүвшин:
-Тархи судлалын шинжлэх ухаан бол олон салбарын хоорондын огтлолцлын цэг болон хөгжиж байгаа учраас дэлхийд тэргүүлэх шинжлэх ухаан хэмээн нэрлэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд стрессийн түвшин судлах судалгааны ажил явуулахад Улаанбаатар хот тэр дундаа гэр хорооллын айлуудын дундаж насны эмэгтэйчүүдийн стрессийн түвшин өндөр байна гэж гарсан. Уг судалгааг асуумж судалгаагаар авдаггүй бөгөөд багажийн шинжилгээний судалгааны үр дүнд суурилж гаргасан дүгнэлт юм. Тийм учраас бид эмзэг бүлгийн эдгээр хүмүүст эрүүл мэндийн мэдээллийг олгох, стрессээс үүдэлтэй сэтгэцийн болон мэдрэлийн өвчнүүдээс хэрхэн сэргийлэх талаарх мэдлэгийг олгох хэрэгтэй. Ингэснээр бид тэдгээрээс цаашид гарч болох эдийн засгийн зардлыг багасгаж чадах юм.
Эмнэл зүйн талаас харвал хүний тархи, мэдрэл, сэтгэцтэй холбоотой 1000 гаруй өвчин эмгэг байна гэж эрдэмтэд үздэг. Тэгэхээр цаашдын судалгаануудыг системтэй явуулахын тулд ШУА-ийн харьяа болон мэргэжлийн хүрээлэнгийн судлаачид, эмч нартай хамтран ажиллах хэрэгтэй байна. Мөн төр засгийн бодлого сайжирч байгаа нь бидний ажилд дэмтэй байна. Энэхүү хүрээлэн дээр суурилаад цогц судалгаагар хамтран монгол хүний оюун ухааны хөгжил, сэтгэлгээний онцлог, эрүүл хүмүүсийн тоо хэмжээг гаргаж, түүний дараагаар энэ өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх, яаж ажиллах талаар шийдэцгээн цаашид ажиллахаар зорин ажиллаж байна.
Нейросайнс нь тархи, мэдрэлийн эрхтэн тогтолцоог медиатор, гормон, мэдрэлийн эс, мэдрэлийн ширхгүүд, анатоми морфологи, эд эрхтний түвшинд физиологи, иммунологи, молекул биологи, эд эс судлал, хими, физик, программ хангамжийн олон аргуудын тусламжтай мэдрэл сэтгэцийн өвчин эмгэг судлал, дүрс оношилгоо, зан үйл, нийгмийн сэтгэхүй, нейромаркетинг зэрэг олон талбарт судалдаг орчин үеийн шинжлэх ухаан билээ.
Б. Ундрам
Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ