Супер баатар сонирхогчдын дунд олон жилийн турш “DC” илүү юу, “Marvel” илүү гэх мэтгэлцээн өрнөсөөр ирсэн. Бүтээж буй киноныхоо тоо, чанар, зохиолоороо “Marvel” сүүлийн жилүүдэд ноёрхож байгаа ч анимейшн тал дээрээ “DC” илүү байгаа нь нууц биш. Тэгвэл “DC” кино урлагийн салбарт дэлгэцийн бүтээлүүдээрээ “Marvel”-тай эн зэрэгцэх төлөвлөгөө гаргах гэнэ.
Энэ талаар “Warner Bros.”-ийн захирал, ерөнхийлөгч Дэвид Заслав “Зөвхөн “DC” дээр төвлөрч ажиллах 10 жилийн төлөвлөгөөтэй баг бий болно. Дисней Кевин Файги, Алан Хорн, Боб Игер нарыг нэг баг болгосон шиг ижил бүтэцтэй байх болно. Бид одоо цаашид анхаарахгүй хаях кинонууд дахиж гаргахгүй. Кино бүрээ сайн болгох тал дээрээ анхаарна. Удахгүй “DC”-ийн “Black Adam”, “Shazam”, “Flash” гэх зэрэг бүтээлүүд нээлтээ хийнэ. Бид үүн дээрээ л анхаарч байна. Үнэхээр догдолж байна” гэжээ.
“DC” одооноос эхлэн “Marvel”-тай дүйцэхүйц хэмжээний зохиол, дэлгэцийн бүтээлүүд хийнэ гэдгээ мэдэгдсэнээс гадна батмен, супермен, флаш, вандер вумен, аквамен зэрэг үндсэн супер баатруудаа “тойглох” гэнэ. Үүний ч илрэл болгож, “Batgirl” цувралыг зогсоосон билээ.
Удахгүй дэлгэцнээ гарах “DC”-ийн кино уран бүтээлүүд:
- Black Adam – 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр
- Shazam: Fury of the Gods – 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр
- Aquaman & the Lost Kingdom – 2023 гуравдугаар сарын 17-ны өдөр
- The Flash – 2023 оны зургадугаар сарын 23-ны өдөр
- Blue Beetle – 2023 оны наймдугаар сарын 18-ны өдөр
- Joker: Folie A Deux – 2024 оны аравдугаар сарын 04-ний өдөр
“DC” дөнгөж л сэргэж байна. Гэтэл нөгөө талд “Marvel”-ийнхан төмөр хүн, тор, ахмад америк, халк зэрэг гол дүрүүдээ гавьяанд нь гаргаж, дараагийн үе болох хүн-аалз, шан-чи, доктор стрэйнж тэргүүтэй баатруудаа маш сайн хөгжүүлж буй. “DC”-ийн эргэж буцсан шийдвэрүүд, зогсонги байдал фэнүүдийг нь үнэхээр бухимдуулж байгаа. “Marvel” 2025 он хүртэл төлөвлөгөөгөө гаргачихсан байхад л “DC” дуншсан, яах нь мэдэхгүй байсаар удлаа.
"DC"-ийн ирэх жилүүдэд нээлтээ хийж магадгүй кино уран бүтээлүүд:
- Man of Steel 2
- Wonder Woman 3
- Aquaman 3
- Joker 3
Ямартай ч "DC"-ийнхэн ирэх жилүүдэд холион бантангаа цэгцэлж, фэнүүдийнхээ хүлээлтээс давсан олон гайхалтай дэлгэцийн бүтээлүүд хийнэ гэж найдаж байна.
Холбоотой мэдээ