Ван И-гийн айлчлалаар хэлэлцсэн болон хэлэлцээгүй асуудал!

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

Ван И-гийн айлчлалаар хэлэлцсэн болон хэлэлцээгүй асуудал!

Ван И-гийн айлчлалаар хэлэлцсэн болон хэлэлцээгүй асуудал!

Ямар ч байсан хөрш орнуудын Гадаад харилцааны сайд нар сарын дотор Монголд дараалан айлчлав. Ялгаа нь өнгөрсөн долдугаар сард хийсэн С.Лавровын айлчлал Монголын улс төр, эдийн засагт эрсдэл, эргэлзээ, болгоомжлол төрүүлж асан бол Ван И-гийн энэ удаагийн айлчлалаар эдийн засгийн хэд хэдэн чухал асуудлыг тохиролцсон байна.

Юун түрүүнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт шийдэгджээ. Жаран жилийн дараа ийнхүү баруун таван аймгийг дотоодоосоо найдвартай, хямд эрчим хүчээр хангах төсөл хөдлөхөөр болж байна.  Мөнөөх Симиновынхон гацааж, нураачихгүй бол Оросоос гал гуйхаа болино гэсэн үг.  Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барьснаар байгаль орчинд сөрөг нөлөө үгүй агаад эдийн засгийн ач холбогдлоос гадна үндэсний аюулгүй байдал талаасаа ихээхэн чухал төсөл билээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд Хятадын Засгийн газар 271 сая ам.долларын хөнгөлөлттэй өгч, авахаар  болжээ. Өөрөөр хэлбэл, яриа хэлэлцээ төдий биш шийдвэр, шийдэл болсон гэсэн үг. Энэ удаад Л.Оюун-Эрдэнэ айлгахыг нь айлгаж, аргадахыг нь аргадаж, баривчлахыг нь баривчилж байгаад Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтийг шийдүүлж, төслийг эхлүүлэхээр болох шив.

Найман жилийн өмнө Хятадын удирдагч Ши Жиньпин Монголд айлчлахдаа хөгжлийн галт тэргэнд хамтдаа суухыг уриалж,  сайн хөршийг алтаар  солихгүй гэж панаалдаж асан бол түүний илгээсэн элч Ван И өнөөдөр “Хятад-Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна” л гэв.

Хамгийн чухал нь  Ван И хоёр улс бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотоллоо.

Учир нь С.Лавров айлчлалынхаа үеэр “Найрсаг харилцаатай  Монгол Улсын дотоод хэрэгт гадны нөлөө тусгахгүйн тулд ОХУ, Хятад  хоёр бүгдийг нь хийнэ” гэж сүрдүүлж, шантаажилж байгаад буцсан. Тэрбээр Монголыг ШХАБ-д элсэн орохыг битүү, хатуу үгээр тулгасан нь ч бий.
Тэгвэл Ван И ШАХБ-д элс, танай дотоодын асуудалд бид оролцоно гэж согтуу Иван шиг ямартай ч солиорсонгүй. Тэглээ гээд монголчуу хөл алдан саймшрахаас илүү хөрш орны хувиар, төвийг сахисан бодлогынхоо хүрээнд Хятадтай найрсаг харилцаагаа идэвхжүүлэх нь “аминд өлзийтэй”.

Тэрчлэн хэлэлцэж, хэрэлдэж, гацааж, хулгайлж ирсэн Гашуунсухайтын төмөр замын холболтын цэгийг баталгаажуулж, нүүрс ачиж, буулгах терминалыг хилийн наана, цаана барих эсэхээ тохиролцож чаджээ. Хэрэвзээ нарийн царигтай төмөр замаа аль “уже” тавьчихсан бол өнөөдөр арай өөр асуудал хэлэлцэх байлаа гэж. Харамсалтай нь, жирийн хулгайч төмөр замаас нүүрс хулгайлдаг бол улс төрийн хулгайч вагоныг нь төмөр замтай нь, нүүрстэй нь, иргэдийнхээ ирээдүй, хүсэл мөрөөдөл, орлого, мэдлэг боловсрол, эрүүл мэндийг хулгайлдгийн тод агаад том сургамжийг монголчууд ойлгож авсан байх.

Цаашлаад нүүрсний экспортыг нэмэгдүүлж, Эрээн-Зам-Үүдийн боомтыг сайжруулж, төмөр замын солилцоог нэмэгдүүлэхээр хэлэлцсэн талаар Монголын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэвлэлийнхэнд мэдээлсэн. Ван И хоосон амлачихаагүй бол экспорт, импортын гарц үүд нээгдэх бололтой.

Хэлсэн үг болоод биеийн хэлэмжээс нь дүгнэхэд “Нэг Хятад” бодлогыг Монгол Улс дэмжиж буйд Ван И сэтгэл ихэд хангалуун байх шиг харагдсан.  Энэ тухайд түүний хэлсэн үг нь “Монгол Улсын талаас “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Тайвань, Шинжаань, Хонгконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгаад талархал илэрхийлж байна”.

Түүнчлэн Хятадын зүгээс дэвшүүлсэн “Бүс ба зам санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”, Хятадын зүгээс дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Шинэ Сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөдөлгөх хүч болгон тодорхойлохоор тохиролцжээ. Хятадын нэг зүйр үг байдаг, "Багад багын давуу тал, томд томын бэрхшээл бий" гэж.

Ван И-гийн айлчлалаар огт хөндөгдөөгүй асуудал нь оросуудын биднээс үргэлжид шахаж, шаардах болсон байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах төсөл.  Б.Батцэцэг ч, Ван И ч мэдээлэлдээ энэ тухай огт дурдсангүй. Байгалийн хийн эцсийн худалдан авагч нь Хятад. Урд хөрш нааштай хариу өгөхгүй аваас Путины мөрөөдөл цаасан дээр үлдэх биз дээ, одоогоор байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулна гэж Орос, Монгол хоёр л мөрөөдөж суух шиг.  С.Лавровын айлчлалын үеэр " ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил хуваарийн дагуу хийгдэж байна" гэсэн. Атал Ван И "гөлөөөг" ч гэж энэ сэдвийг тоосонгүй шив дээ. Гээд бидэнд л сайн биз, Байгалийн хийн хоолой бол  манай улсын хувьд хавханд байгаа үнэгүй баяслаг юм даа.

Эцэст нь зөвлөхөд, Монголын тал нутгаас эрч хүч мэдэрсэн /өөрийнх нь хэлснээр/ Ван И-гийн айлчлалын хүрээнд яригдсан энэ мэт асуудлаа ажил хэрэг болгох чадах үгүй нь зөвхөн монголчуудаас шалтгаалах нь гашуун хийгээд гарцаагүй үнэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж