Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг хамгийн их зөрчигддөг. Тэд олон нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх, нийтийн тээврээр зорчихоос эхлээд олон асуудалтай тулгардаг. Эдгээр иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага ч тун ховор. Ялангуяа хөдөөгийн аймаг, сумдад энэ асуудал бүр мөсөн орхигдсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тэргэнцэртэй иргэдийн нэгэн төлөөлөл болох иргэн Ж. Мөрөндэлгэр “Нэг сэтгэл-21 аймаг” хүмүүнлэгийн аяныг эхлүүлж 21 аймгийн 21 хүнд тэргэнцэр хандивлажээ.
Тэрбээр, “Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болоод долоон жилийн нүүрийг үзэж байна. Анх гэмтэж байхдаа тэргэнцэргүй, муу тэргэнцэртэй гээд янз бүр л байсан. Тэр үеэс хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэргэнцэр өгөхийг мөрөөддөг болсон. Тэрхүү мөрөөдлөө биелүүлээд 21 тэргэнцэр аймагт өөрийн биеэр хүргэж өгсөнд маш их баяр, жаргалтай байна. Хил гааль хаалттайгаас болж тэргэнцэр олдохгүй байгаа зөндөө их хүмүүс бий. Тэдгээр иргэдэд бага ч гэсэн өөрийн зүгээс нэг асуудлыг нь шийдэж өгсөндөө сэтгэл дүүрэн байна” гэсэн юм. Түүнээс аяных нь талаар тодруулсан юм.
–Энэ аяныг эхлүүлэх болсон гол зорилго нь юу вэ?
-“Нэг сэтгэл-21 аймаг” хүмүүнлэгийн аянаа зургадугаар сарын 22-ноос эхлээд нийтдээ 46 хоног үргэлжилсэн. Энэ аяныхаа хүрээнд нэг аймагт нэг тэргэнцэр хандивлаад ирлээ. Мөн миний эхлүүлсэн аяны гол зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж төр засаг, иргэний нийгмийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх төрийн бус байгууллагуудад өөрсдийнхөө талаарх мессежийг хүргэх явдал байсан.
–Тэргэнцэр өгөх хүнээ хэрхэн сонгосон бэ?
-Нийгэмд оролцох сонирхолтой залуу хүмүүст тэргэнцрээ өгсөн. Учир нь тэргэнцэргүй бол бид хаашаа ч явах боломжгүй. Тиймээс тэднийг нийгэмтэй илүү ойр байгаасай гэж хүссэн учир ирээдүй хойч болсон дүү нартаа өгсөн. Тэд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолой болж явна гэдгээ хэлсэн.
Хөдөөгийн болон хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэд багагүй ялгаатай байгаа нь ажиглагдсан. Хотод амьдардаг хүмүүстэй харьцуулахад нийгэмтэй ойр байж чаддаггүй. Өөрсдийгөө нийгмээс тусгаарлах, сошиал орчин дахь оролцоо муу. Энэ байдлаасаа болоод өөрсдийгөө бүрэг ичимхий байдал руу гүнзгий орж байна.
-Улсынхаа 21 аймгаар яваад ирэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ямар асуудал хамгийн их тулгамдаж байна вэ?
-Нийт 21 аймгаар аялаад ирэхэд тэдний зүгээс хүсч буй болон миний тэдэнд шийдэж өгөхийг хүссэн зүйл нэг байсан. Энэ бол тэдэнд зориулж байр, уулзалтын газар. Миний ажигласнаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллаагаа явуулдаг газрууд 21 аймгуудад маш муу байна. Юун түрүүнд эдгээр иргэдэд зориулсан төв байгуулах чухал шаардлагатай.
Жижигхэн ч гэсэн байртай болвол секц дугуйлан, сургалт, лекц зохион байгуулж тэдний тулгардаж буй асуудлыг сонсох, хоорондоо ярилцах газар нээж өгөөсэй гэж хүсч байна.
Хөгжлийн бэрхшээлтнэй иргэд гэрээсээ гараад хаачих, хаана, хэнд хандахаа мэддэггүй. Хэрэв ийм төвтэй болвол очих газартай бож бага ч гэсэн нийгмийн харилцаанд орж чадна. Тэд ч гэсэн үүнийг л хамгийн ихээр хүссэн. Нийгэмд оролцоход орчин маш дутмаг хаагдмал байдаг. Ялангуяа орон нутагт илүү байна.
–Таны хувьд юунд хамгийн их эмзэглэдэг вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцах харилцаа, хандлага дээр их эмзэглэдэг. Биднийг огт тоодоггүй, бусад иргэдтэй адилхан харьцдаггүй. Ялангуяа олон нийтийн газраар үйлчлүүлэхэд маш ихээр мэдрэгддэг. Төр нь хүнээ боддог байх ёстой. Дан ялангуяа нийгмийн энэ хэсэгт онцгой анхаарал хандуулдаг байх хэрэгтэй. Гэвч төрийн байгууллагууд нь хүртэл бидэнд эрх тэгш үйлчлэхгүй байна. Хамгийн наад зах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан, эрүүл аюулгүйн шаардлага хангасан зам талбай маш ховор. Бараг байдаггүй гэж хэлж болно. Эдгээр болон бусад олон шалтгаанаар бидний явах орчинг хязгаарлаж байна. Шинээр барьж байгаа барилгууд хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орхидог. Энэ нь яг л бидний ирээдүйг үгүй хийж байгаатай адил юм.
Энэ аяныхаа хүрээнд нийтдээ 20-иод сая төгрөг зарцуулсан. Энэ бол зарлага талаасаа биш би өөрөө сэтгэл дүүрэн явж, тэдгээр хүмүүстээ тэргэнцэрээ өгч чадсандаа туйлын баяртай байна.
Д.НАМУУНЦЭЦЭГ
Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ