Туркийн таван банк Оросын “Мир” төлбөрийн системийг ашиглаж эхэлжээ. “Mastercard” болон “Visa” карт Орос дахь үйл ажиллагаагаа зогсоосон тул “Мир” төлбөрийн систем нэвтэрснээр Оросын жуулчид Туркт худалдан авалтынхаа төлбөрийг төлөх боломжтой болно.
Турк дэх оросуудад худалдан авалтын төлбөрөө төлөх боломж олгох тогтолцоог нэвтрүүлэхийн тулд маш ноцтой өөрчлөлтүүд хийж буйг “Анадолу” агентлаг мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг Туркийн ерөнхийлөгч Эрдоган өнгөрсөн Баасан гаригт Сочи хотноо Путинтэй уулзсаны дараа гаргажээ. Түүнчлэн Турк улс байгалийн хийн зарим төлбөрөө рублиэр төлөх зөвшилцөлд хүрсэн байна.
Хоёр улсын удирдагчид ердөө 21 хоногийн өмнө Иранд уулзсан. Өнгөрсөн Баасан гаригт ийн дахин уулзсан нь хоёр орны харилцаа гүнзгийрч байж магадгүй гэсэн болгоомжлолыг барууныханд төрүүлж байна. Тиймээс барууны зарим орон Туркийн компаниудад өгөх санхүүжилтийг багасгах зэрэг эсрэг арга хэмжээ авч болзошгүй байна. Одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл гараагүй байна.
Турк улс Оросын түрэмгийллийг буруушааж буй ч худалдааны гол түнш улсдаа хориг тавиагүй, агаарын хилээ ч хаагаагүй. Тус улсад эдийн засгийн дэмжлэг нэн шаардлагатай үе тохиогоод буй. Тодруулбал, Туркийн инфляци долдугаар сард бараг 80 хувийн өсөлттэй гарчээ.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ