“Аялагчид хогоо өгөхгүй байгаа учраас өөрөө явж түүсэн”

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

“Аялагчид хогоо өгөхгүй байгаа учраас өөрөө явж түүсэн”

“Аялагчид хогоо өгөхгүй байгаа учраас өөрөө явж түүсэн”

Алтай таван богд руу аялах гадаадын жуулчид төдийгүй дотоодын аялагчдын тоо жил бүр өсч буй. Үүнтэй зэрэгцэн бүс нутгийн хог хаягдал нэмэгдэж, сүүлийн жилүүдэд байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөл үүсч байгаа аж. Иймд нэгэн иргэн өөрийн докторын судалгааны ажлын хүрээнд аялагчдын хогийг худалдан авахаар болсон талаар цахим хуудастаа зар оруулжээ. Түүнээс ямар учраас хог худалдаж авч байгаа талаар тодрууллаа.


-Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу, мөн яагаад цахим хуудаст зар тавих болов?

-Намайг Е.Ербахыт гэдэг. Казахстан улсад Евроазийн үндэсний их сургуульд хүрээлэн байгаль орчин судлалаар докторантад суралцдаг. Мэргэжлийнхээ хүрээнд докторын ажилдаа ашиглахаар энэ судалгааны ажлаа хийж байгаа. Миний хувьд зорилго нэгтэй найзуудтайгаа хамтарч Алтай таван богдод аялагчдаас нэг сарын хугацаанд хэчнээн грамм хог гарах талаар судалж байгаа юм.

Нийт хэчнээн тонны шил, хуванцар, цаасан хог хаягдал гарах талаар судална гэсэн үг.

Өнгөрсөн долдугаар сарын 20-ноос эхэлж хог авах талаар зар оруулсан. Гэсэн ч аялагчид ховор болж, хог өгөх ч хүн байхгүй байна. Тиймээс энэ сарын 10-н хүртэл авахаар төлөвлөсөн.

-Цахим хуудаст оруулсан зарыг олон хүн хуваалцаж, эерэг сэтгэгдэл бичсэн байсан. Хүмүүс хэр их хог тушаасан бэ?

-Хүмүүс огт ирэхгүй байгаа. Зарыг олон хүн түгээж байгаа ч зорьж ирж хогоо тушаах хүн алга. Нэг талаар аялагчид ховор, нөгөө талаар хүмүүс зөвхөн өөрсдийн хэрэглэсэн хогоо биш заавал түүж тушаах ёстой гэж ойлгосон бололтой. Хүн ирэхгүй болохоор наймдугаар сарын 3, 4-ний өдөр өөрөө явж хог цуглуулсан. Мөн овоо орчмын хог цэвэрлэж, өвөлжөөн дээр орхисон хогнуудыг шуудайлж авч ирсэн. Нийт нэг УАЗ-69 машинд 15 том шуудай хог түүсэн.

Овооны хогны тухайд 70-80 хувь нь нойлын цаас, нойтон салфетка, ариун цэврийн хэрэгсэл. Таван хүн тэр орчмыг цэвэрлэсэн ч үнэхээр бохир байсан.

Ерөнхийлөгчийн овооны дараа Хотон, Хурган нуур руу салах замд байсан хогийг мөн ачсан. Машины хонины хонхор хүртэл дүүрэн хогтой буцаж ирсэн. Бохир үнэртэй хэдий ч 180 км яваад суманд дээр ирсэн. Аялагчдын тухайд ихэнх нь хогоо Их Ойгор голын модон гүүрэнд орхиод явж байна. Тэр газар бол суурин газраас 60 гаруй км хол. Тиймээс хог түүхэд хүндрэлтэй асуудлууд гарсан.

-Шуудай хогийг 5-10 мянган төгрөгөөр авах зардлыг та өөрөө гаргаж байгаа юу?

-Бүх зардлаа өөрсдийн халааснаас гаргаж буй. Хэнээс ч нэг ч төгрөг аваагүй. Мэдээж нэг талаар судалгааны ажилдаа ашиглах ажил хэдий ч нөгөө талаар байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хангахад ч чухал үүрэгтэй. Хүмүүс байгальд хогоо их шатааж байна. Хог шатааснаас үүсэх нүүрстөрөгчийн давхар исэл /CO2/ агаар мандалд хуримтлагдаж, парник давхаргаа үүсгэж, Алтай таван богдын мөстлөгүүд хайлахад нөлөөлж байна.

Баян-Өлгий аймагт тэр их CO2-г шингээх ой мод байхгүй. Ялангуяа Алтай таван богд орчимд нэг ч мод байхгүй. Ногоон бүрхэвч маш муу. Тиймээс хогоо хаяхгүй аялахыг жуулчдад уриалж байна.

-Судалгаанаас ямар үр дүн гарах вэ, цаашдын зорилгоо бидэнд хуваалцвал?

-Судалгааны ажлаа товч танилцуулбал аваад ирсэн хогийг ангилж хэмжээд, жинлээд, нэг жуулчнаас хэдэн грамм хог ялгарч байгааг тодорхойлно. Үүний дараагаар хогийг хогийн цэгт аваачиж булж байгаа. Ингэснээр нийт хэчнээн жуулчнаас хэдэн тонн хог байгальд үлдэж байгааг тодорхойлох боломжтой. Хогийг яагаад булж устгаж байгааг хүмүүс их асууж байна.

Би энэ авсан хогоо Улаанбаатарт хүргэж, боловсруулах үйлдвэрт өгч чадахгүй учир булахаас өөр сонголтгүй. Алслагдсан суманд хог боловсруулах, ангилах, түүхий эд авдаг газар байхгүй.

Тиймээс аминчлан захих зүйл бол суурин газар биш л бол ямар ч газар хог битгий хаяарай. Хөдөө баахан овоолсон хог байсан ч заавал сумын төв хүргэж хаяхыг аялагчдаас хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж