Сурвалжлага: Хорооллын 61 дүгээр байр нурах аюулгүй

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хорооллын 61 дүгээр байр нурах аюулгүй

Сурвалжлага: Хорооллын 61 дүгээр байр нурах аюулгүй

Олон нийтийн сүлжээнд 3, 4 дүгээр хорооллын 61 дүгээр байрны арын хэсгийн зураг тавигдсан. Энэ зурагт байрны ард байрлах гражийн хажуугийн өгсүүр замыг нурааж, барилгын суурь арматурын төмөр ил гарсан байдалтай байв. Үүнийг харсан иргэд “Байр нурлаа”, “Байшинд ганхалт үүслээ”, “Газар хөдлөлт болвол яах вэ” гэх зэрэг сэтгэгдэл бичсэн байлаа. Үүнтэй холбогдуулан тус барилга дээр очиж, газар дээрээс нь нөхцөл байдлыг сурвалжлав.

3,4 дүгээр хорооллын 47 дугаар сургуулийн хажууд байрлах 61 дүгээр байранд очиход засвар хийж буй хэсэгт хашаа татаж, барилгын ажилчид ажлаа хийж байв. Тэд урт гражны нэг буланг экскаватороор нурааж, хог үлдэгдлийг нь ачааны машинд ачиж байхтай таарав. Байрны оршин суугчид, тэр хавийн иргэд ч хашааны машин орж, гарах үүднээс өрнөж буй үйл явдлыг сонирхон харж, ярилцан зогсоно. Иргэд дараах зүйлийг ярилаа.

Иргэн Д.Ичинноров:

-Уг нь энэ гражуудыг нураасан нь дээр шүү дээ. Гэхдээ мэддэг хүмүүс нь ТЭЗҮ хийсэн байлгүй дээ. Тэгээд л болно гээд нураасан байх даа. Наад талын ганц буланг нураалаа гээд байшин нурахгүй байлгүй дээ. Хүмүүсийг ажил хийлгэхгүй л юм байна шүү дээ. Нэг ажил хийе гэхээр нь заавал буруу талаас нь ярьдаг болчихож. Хийх гэсэн юмаа хийсэн нь л дээр. Мэддэг хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ.

 

Иргэн С.Наранцэцэг

-Өчигдөр орой зуслангаасаа ирээд гайхаад л харсан. Хуучнаа гүйцэх юм болов уу даа. Сайн мэдэхгүй л байна. Тайлбарыг нь харвал тохижилт л гэсэн байна. Арматур нь гарчихсан эвгүй л харагдаад байна. Гэхдээ улсаас хийж байгаа юм чинь барилгын инженерүүд нь мэдэж байгаа байх. Гэхдээ нөлөөлөх л байх даа. Хуучин доороосоо ус урсдаг байсан юм. Тайлбар дээр нь тохижилтын ажил хийнэ гэсэн байна лээ. Манайхан чинь нэг юм хийхээрээ өмнөхөөсөө дордуулчихдаг талтай.

Энэ ажлыг гүйцэтгэж буй “Энхбизнес өгөөмж” компанийн инженер С.Ганзоригоос үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулга авсан юм. Тэрбээр ярихдаа “61 дүгээр байрны урд талын түшиц ханын сэргээн засварлалтын ажлыг хийж байна. Учир нь хойноосоо урагшаа чиглэлд зам руугаа цүлхийлт өгсөн. Энэ CП4 блок цүлхийлт өгч, нурах аюул үүссэн. Үүний л засварын ажил эхэлсэн. Яагаад 61 дүгээр байрны зүүн буланг “Апекс” цайны газар руу тулгаж ухсан бэ гэхээр тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн налуу замыг барьж, дээшээ цэцэрлэг рүү орох боломжийг бий болгож байгаа юм. Энэ байр нурах ямар ч аюул байхгүй” гэлээ.

Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 61 дүгээр байрны урд талын түшиц ханын засвар, явган замын тохижилтын ажил наймдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэнэ.

Дээрх түшиц хана нь 1971 онд ашиглалтад орсон ч хуучирч мууджээ. Тодруулбал, СП4 суурийн блокоор газраас дээш таван үе өрсөн, хоёр талдаа угсармал бетон шаттай, хоёр шатыг холбосон явган хүний зам нь хуучирч муудсанаас болж зам нь цөмөрч, хагаран явган хүн явах боломжгүй болоод байсан аж. Түүнчлэн уг ханатай зэрэгцэн байрлах  автомашины замаар шөнийн цагаар хүнд даацын автомашин зорчдог тул хананд нь чичиргээ өгч нурах эрсдэл үүсгэсэн гэж албаны хүн мэдээллэв. Иймээс дээрх түшиц ханыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар завсарлаж байгаа гэв.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж