Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
"Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж буйг сайшааж, талархал илэрхийлье"
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ВАН И:
-Талын Монгол Улсад хоёр жилийн дараа айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатар хот өөрчлөгдөж байгааг харах мөн таатай байна. Би Монгол Улсын тал нутагт ирж эрч хүчийг мэдэрлээ. Монгол Улсын сайн хөршийн хувьд БНХАУ нь Монгол Улсын гаргаж буй ахиц дэвшилд маш их баярлаж байна.
Хатагтай Б.Батцэцэг сайдын хэлсэнчлэн хоёр улсын харилцааны талаарх асуудалд санал нэгтэй байна. Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад-Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна.
Хятадын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”, Хятадын талаас дэвшүүлж байгаа “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Шинэ Сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөдөлгөх хүч болгон тодорхойлж байна.
Талууд уулзалтын үеэр бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон. Мөн хоёр улс бие биенээхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, Хятадын талаас Монголын улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын талаас “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Тайвань, Шинжаань, Хонгконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна.
Цаашид талууд хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлж, хилийн боомтууд нээх, төмөр зам, автозам зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын хоорондын тээврийн гинжин хэлхээг хадгалахад хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн хэлэлцээрээр Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төмөр зам нь Монгол Улсын хөгжилд маш чухал ач холбогдолтой.
Мөн байгаль орчны чиглэлээр хамтар ажиллах, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын эрчимжүүлэхээ талууд зөвшөөрлөө. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх байгууламж, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ард түмэнтэй холбоотой төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ мөн зөвшөөрлөө.
БНХАУ болон Монгол Улс нь цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлж, Хятадад суралцдаг Монголын оюутнуудыг танхимаар хичээллэхийг дэмжлээ.
Хоёр улс олон улсын түвшинд хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлж, олон талт үзэл санааг баримтлан нээлттэй олон улсын санаачилгыг дэмжин, Хятадын талаас дэвшүүлж байгаа Даян дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжин, хөгжиж байгаа орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахаа илэрхийллээ. Та бүхэнд баярлалаа.
Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэхээр тохиролцлоо
Хоёр талын Гадаад харилцааны сайд нарын хэлэлцээнээс гарсан шийдвэрийг хүргэж байна.
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:
-Монгол Хятадын харилцан ашигтай талыг улам бэхжүүлж бүхий л салбаруудад гүнзгийрүүлэхийг талууд нотолсон. Хилийн боомтыг төмөр замаар холбож шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслийг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов. Хоёр талын худалдааны эргэлтийг арван тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлснийг тэмдэглэж, цаашид нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ. Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо.
Ханги-Мандал боомтын төмөр замаар холбох асуудлаар манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч дотоодын холбогдох байгууллагуудтай ярилцахаар тохиролцлоо. Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд Эрээн боомтын төмөр замын солилцоог нэмэгдүүлэх, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жижиг боомт болгох талаар ярилцлаа. Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцэн тохирсон байгаль орчныг хамгаалах асуудлаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тогтлоо.
Монгол Улс, БНХАУ хоёрын хооронд санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо
Монгол Улс, БНХАУ хоёрын хооронд санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2023-2024 оны хамтын ажиллагааны хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар гарын үсэг зурлаа. Хилийн эрүүл ахуй хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай санамж бичигт, ГЕГ-ын дарга Б.Асралт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурлаа. Монгол Улсын Сангийн яам, Зам тээврийн яам, БНХАУ-ын Үндэсний шинэчлэлийн хороо хоорондын Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурснаар өндөрлөлөө.
Ван И: Гадаад харилцааны бодлогод Монголыг тэргүүн эгнээнд тавьдаг
Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана.
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцоно.
Мөн тэрбээр өнөөдөр /2022.08.08/ Төрийн ордонд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байгаагаа илэрхийлье. Өчигдөр нисэх онгоцноос буусны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, өргөн агуулгаар хэд хэдэн чухал санал солилцож, хоёр улсын харилцааг өргөжүүлэхээр тохирсон.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын удирдагчид Хятад, Монголын хоёр тал бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж ирсэн. Хятадын Засгийн газар Хятад, Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгсөөр ирсэн. Гадаад харилцааны бодлогод Монголыг тэргүүн эгнээнд тавьдаг. Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Тайвань, Шинжаан, Төвөд зэрэг дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Үүнийг бид сайшааж байна. Мөн цаашид Монгол Улсын улс төр тогтвортой байх, Засгийн газрын хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
“Шинэ сэргэлтийн бодлого” 2025 он хүртэл хэрэгжих хүрээнд танай найдвартай урт хугацааны түнш байх болно” гэдгийг онцоллоо. Хоёр талын Гадаад харилцааны сайд нарын уулзалт үргэлжилж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын эхэнд “Монгол Улсын урт хугацааны "Алсын хараа-2050" хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлж байна. Энэхүү бодлого нь зургаан чиглэлийг хамруулж байгаагаас боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлтийг онцолж буй. Эдгээрийг оновчтой хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө. Мөн эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, ДНБ буюу эдийн засаг хоёр дахин тэлнэ гэж үзэж байна” гэлээ.
Холбоотой мэдээ