"Дуурийн театрын ханыг шууд хусч болохгүй"

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

"Дуурийн театрын ханыг шууд хусч болохгүй"

"Дуурийн театрын ханыг шууд хусч болохгүй"

Соёлын яамнаас энэ жил хоёр театр, хоёр музейг 7.4 тэрбум төгрөгөөр сэргээн засварлахаар ажлыг эхлүүлсэн. Судлаачдын зүгээс хуулийн хүрээнд сэргээн засварлахгүй, халтуурдаж байна гэдгийг хэлж буй. Ингээд Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцсанаа хүргэе.


Салбар яамнаас түүхэн дурсгалт театр, музейг сэргээн засварлахаар болсон. Гэхдээ мэргэжлийн компанийг сонгон шалгаруулахгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Соёлын яамнаас хоёр музейг сэргээн засварлана, хоёр театртаа их засвар хийнэ гэж байгаа. Гэтэл энэ дөрвөн барилга дөрвүүлээ соёлын өвд бүртгэлтэй. Ялангуяа Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрыг 2015 онд соёлын өвд бүртгэж, 2021 онд НИТХ-ын дүүргийн хамгаалалтад авсан байдаг. Энэ соёлын өвд бүртгэж авсан дурсгалыг хадгалж, хамгаалахдаа Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 46 дугаар зүйлийг баримталж, сэргээн засварладаг.

Энэ зүйлийн 46.1-т “Соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулсан, сэргээн засварлах зураг төслийн дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн гэрээгээр гүйцэтгэнэ” гэж дурдсан байдаг.

Өөрөөр хэлбэл, соёлын өвийг сэргээн засварлах, зураг төсөл боловсруулах эрхтэй компани л хийнэ гэсэн үг. Гэтэл Соёлын өвийг хамгаалах тухай хуульд их засвар хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Хуулиа л баримтлан ажиллах ёстой. Зүгээр нэг орон сууцны барилгын засварын ажлын тухай энд яриагүй шүү дээ.

-Соёлын өвийг хамгаалах тухай хуульд их засвар хийнэ гэсэн ойлголт байдаггүй гэлээ. Тэгэхээр яам хуулиа мэдэхгүй байна уу эсвэл төсөв мөнгөндөө баригдаад ийм шийдвэр гаргачихав уу?

-Адилхан соёлын өвд бүртгэлтэй дөрвөн барилгын хоёрыг нь ялгаварлаж, хууль бус шийдвэр гаргаж байгааг би хардаж байна. Төсөв мөнгөнөөс болж, хууль зөрчсөн гэх үндэслэл байж болохгүй. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг 46.2  зүйлд “Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий мэргэжлийн зөвлөл ажиллана” гэж тусгасан.

Энэ асуудалд зөвлөлөөс хяналт тавих ёстой атал яагаад ажлаа хийхгүй байна вэ. Хуулийн заалт хэрэгжихгүй байгааг албаныхнаас асуумаар байна.

Цаашид соёлын өвөө ингэж хамгаалах юм бол хууль батлаад яах юм бэ. Үүний цаана маш ноцтой үр дагавар гарна. Соёлын өвийг сэргээн засварлах зөвшөөрөлгүй компани түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах ямар ч туршлагагүй мөртлөө зураг төсөл хийж байна.

-Дуурь, бүжгийн эрдмийн театрт их засвар хийхдээ үндсэн төрхийг нь алдагдуулахгүй гэж албаныхан амлаж байгаа шүү дээ?

-Хэрвээ түүхэн дурсгалт барилгын эх төрхийг алдагдуулахгүй гэж байвал хуулиа л баримталж ажиллах ёстой. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 47 дугаар зүйлд “Соёлын биет өвийг сэргээн засварлахад дараах зарчмыг баримтална. Анхны төрх, хийц, бүтээцийг хадгалж, аюулгүй удаан хугацаанд хадгална” гэсэн. Мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой. Зарчмын зөрүүтэй ажил хийж байгаад салбар яамнаас тайлбар өгөх нь зүйтэй.

Дуурийн театрын фасадыг тэр чигт нь хусчихсан. Гэтэл анхны өнгө нь ямар байсан бэ гэдгийг судалж үзэхгүйгээр шууд хусаад арилгачихсан. Түүхэн дурсгалт нь өөрөө мэдээлэл агуулж байдаг.

Хананы будаг нь хэдэн үе давхаргатай, ямар орцтой, хаана нь гэмтэлтэй байна вэ гэдгийг судлах ёстой. Соёлын өвийг сэргээн засварлахдаа маш нарийн судалгааны үндсэн дээр ажилладаг. Тэрнээс биш хэн ч тэр ханыг хуулаад, шинэ будаг түрхэж чадна шүү дээ.

-Ер нь Монголд түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварладаг мэргэжилтэн, компани нь хэр олон байдаг вэ. Мэргэжлийн компани байхгүй учраас мэргэжлийн бус компани сонгосон юм болов уу?

-Байлгүй яахав. Соёлын өвийн төв ерөнхийдөө энэ асуудлыг хариуцсан байгууллага. Монголд зураг төсөл зохиодог эрхтэй 19 компани байдаг гэх мэдээлэл бий. Соёлын өвийг сэргээн засварлах зөвшөөрөлтэй гэсэн үг.

Мөн зураг төслийн дагуу гардан гүйцэтгэдэг цөөн хэдэн компани байдаг.Түүхэн дурсгалт барилгуудыг сэргээн засварлах үйл ажиллагаагаар дамжуулан энэ чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэх, компаниудын дунд өрсөлдөөн бий болгох шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж