Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 577 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртсэний хоёр нь нийслэлд, тав нь орон нутагт байгаа аж. Мөн дулааны улирал эхэлсэнтэй холбоотой мотоциклтой осолдож, амь насаа алдах тохиолдол нэмэгдсэн байна.
Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикл холбогдсон 264 осол бүртгэгдсэнээс 136 хүн гэмтэж бэртэж, 61 хүн амиа алджээ.
Зөвхөн 2022 оны долдугаар сард гэхэд л мотоциклтой холбоотой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж бэртэн есөн хүн амиа алдсан байна.
Мотоциклын ослоор гэмтэж бэртэж амь хохирч байгаа байдалд дүн шинжилгээ хийхэд төв магистрал асфалтан зам дээр бус шороон зам дээр, малын бэлчээр, хээр ихэнх тохиолдолд осолдож байна. Мөн хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолооддог нь осолд холбогдох үндсэн шалтгаан болж буйг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Холбоотой мэдээ