Өмхий махны хэрэг "өмхийрсөн" үү?!

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

Өмхий махны хэрэг "өмхийрсөн" үү?!

Өмхий махны хэрэг "өмхийрсөн" үү?!

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн зургадугаар сард иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалтыг хийж, 20 гаруй махны үйлдвэрийг лацадсан.  Уг асуудал зарим  үйлдвэрүүдийг түр хугацаанд хаагдаж,  дунд шатны гурван албан хаагчийг ажлаас нь  халснаар дуулиан намжсан юм. Энэ явдлын дараа иргэд мах, махан бүтээгдэхүүн худалдан авахдаа ч сэжиглэж байв.

Тэгвэл хоёр сарын турш хаалттай байсан үйлдвэрүүдийн махыг өнөөг хүртэл устгалд оруулаагүй байна. Энэ талаар НМХГ-аас тодруулахад цагдаагийн байгууллагын дүгнэлтэд үндэслэж махыг устгана. Лацтай үйлдвэрүүдийг нээгээгүй учир махыг худалдан борлуулах эрсдэл гарахгүй гэсэн юм. Гэхдээ үйлдвэрүүдийг хааж, хэдэн хүнийг ажлаас нь халж, өмхий махыг устгалд оруулаад болчих асуудал биш. Үндсээр нь, асуудлын шалтгааныг нь эмчлэхгүйгээр ахиад л өмхий махны дуулиан дэгдэхэд гайхах хэрэггүй.

Дуулиан дэгдэхэд ажил хийсэн дүр эсгэсэн Шадар сайд, МЕХГ, ШӨХТГ бүгд өнөөдөр өмхий махныхаа асуудлыг мартаад амарч, зугаалаад алга болжээ.

Эмээлтийн асуудал нэг хаврын хэрэг биш. Үнэндээ олон хавар нэгэндээ л болсон хэрэг.

ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ЦАГДАА, АЛБАН ТУШААЛТНУУДЫГ АТГ ШАЛГАЖ БАЙГАА ГЭВ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн тавдугаар сард Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих, улсын байцаагчдад хариуцлага тооцох үүргийг өгсөн. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж "Бид Эмээлт гэлтгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мах бэлтгэн нийлүүлдэг компаниудад хяналт шалгалтын ажлыг хийж байгаа. Ялангуяа дулааны аргаар мах бэлтгэдэг компанитай холбоотойгоор холбогдох аж ахуй нэгжүүдэд зөрчлийн хэргийн дагуу шалгаж байна. Эхнээсээ компаниудын үйл ажиллагаа цуцлаад эхэлсэн. Дараа нь прокурорын байгууллагад танилцуулна.

Манай байгууллагын байцаагчид хариуцлага алдсан тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн нэр бүхий гурван байцаагчийг ажлаас нь халж, АТГ-т шалгуулах хүсэлтийг хүргүүлсэн.

Мөн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан. Цаашдаа удирдлагын түвшинд хяналт шалгалт хийж байгаа" гэсэн юм.

Тэгвэл тус гурван албан тушаалтны асуудал ч тэр махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эрхлэх эсэх ч одоог хүртэл таг хэвээр. Үйлдвэрүүдийн тухайд хэрэг бүртгэл нээж цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Эмээлтэд нийт 32 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүний 15 аж ахуй нэгжид зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Үлдсэн компанийг ч мөн шалгана гэсэн юм.

Мөрдөн шалгах ажил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрчээ. Гэхдээ шалгалтын дүн гараагүй гэдгийг онцоллоо.

"ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ, ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ"

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гаргасан гомдлын дагуу МХЕГ 20 үйлдвэрт шалгалт хийж, лабораторийн шинжилгээг хийсэн юм. МХЕГ-аас өгсөн мэдээллээр “Хяналт шалгалт үргэлжилж байгаа. Мөн цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл үүсгэж мөрдөн шалгаж байна.

Тус ажиллагааны дүгнэлт гарсны дараа махны үйлдвэрүүдийг цаашид нээх эсэх нь тодорхой болно. Одоогоор лацтай үйлдвэрүүдийн махыг устгалд оруулаагүй, хадгалж байгаа. Хяналт шалгалт үргэлжилж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Эргэн сануулахад, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийхэд гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ашиглаж байсан төдийгүй үйлдвэрт технологийн зааваргүйгээр хэрэглэж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гэсэн ч үүнийг заавал цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн дагуу шалгаж байж дүгнэлт гаргах аж. Харин хэрэг мөрдөлт хэдий хугацаанд үргэлжлэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, өмхий махны хэрэг ахиад л "өмхийрч" байна. Үүний цаана авлига, албан тушаалын асуудал байна уу. АТГ энэ асуудлыг шалгахдаа ахиад "л өмхийрүүлчих" юм биш биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж