Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцсан байна. Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн BA5 вирус өргөн тархаж байгааг салбар яамнаас анхааруулсан. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байгаа юм.
Энэ сарын сүүлч, есдүгээр сарын эхэн үед халдварын тархалтын оргил үе таарна гэж албаныхан тооцоолжээ.
Тиймээс наймдугаар сарын 1-нээс 5-11 насныхныг вакцинжуулж эхэлсэн юм. Дархлаажуулалтын идэвх сул байгааг мөн ЭМЯ-наас мэдэгдсэн. Иймд сайн дурын үндсэн дээр ч гэсэн вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж буй.
Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд:
- Гэр бүлийн орчноос
- Ажлын байрнаас
- Олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна.
Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Нийт өвчлөлийн 19,1 хувийг хүүхдүүд эзэлж байна. Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:
- 27.2 хувь нь 0-4 нас
- 44.6 хувь нь 5-11 нас
- 19.7 хувь нь 12-15 нас
- 8.4 хувь нь 16-17 нас байна.
Өөрөөр хэлбэл дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.
Монгол Улсын тухайд энэ сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна.
ЗАСГИЙН ГАЗАР ОЙРЫН ГУРВАН ЖИЛД ДЕФОЛТ ЗАРЛАХГҮЙ
Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн Лхагва гаригт Засгийн газраас гаргасан бондуудын зарцуулалтыг шалгах ажлын хэсэг гаргасан талаар мэдээлсэн. Энэхүү ажлын хэсэг өнөөдрийг хүртэл 2012 оноос хойш нийт долоон бонд гаргасан. 2012 оны арванхоёрдугаар сард "Чингис" бонд 1.5 тэрбум ам.доллар, 2015 оны зургадугаар сар "Дим Сам" бонд, 2016 онд "Мазаалай" бонд гарч нийт 2.2 тэрбум ам.долларын бонд гарсан. Үүнээс хойш "Хуралдай", "Гэрэгэ", "Номад", "Century" бонд гээд дөрвөн бонд гарсан. Эдгээрээс зөвхөн нэг бондыг л төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн байдаг. Түүний хойно гарсан бонд төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан. Харин дараа, дараагийн бондууд өмнөх бондуудын зээлийг төлөхөд зарцуулсан байна.
Монгол Улсын Засгийн газар ойрын гурван жилийн хугацаанд дефолт үүсэхгүй гэдгийг мэдээлсэн.
2012-2016 онд АН засаг барьж байх үед төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. 2016 оноос хойш МАН засаг авахад өрийг өрөөр төлж эхэлсэн. Яагаад гэвэл тэр хэмжээний бондын өрийг төлөхөд тэр хэмжээний валютын нөөц байхгүй. Тухайн үед өр тавьсан хүмүүс одоо дефолт болох гэж байна гээд алга ташаад явж байна. Угтаа бол энэ Засгийн газар хамгийн хүндийг нь үүрч байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид манай үнэт цаасанд итгэсэн хэвээр байгаа. Өрийн асуудал бол их эмзэг асуудал. Дэлхий нийтээр эдийн засаг эмзэг байгаа энэ үед дотроо дефолт болох гэж байна гэж ярьж байгаа нь утгагүй. Тиймээс энэ хүчнээс бид болгоомжлох ёстой.
Одоо ажлын хэсгийн шалгах зүйл бол цомхон гэсэн үг. Анхны "Чингис" бондоор санхүүжүүлсэн өр төлбөрийг хаана, яаж санхүүжилт хийсэн болохыг шалгаж өнөөдөр ямар эрсдэлд хүргэсэн болохыг тайлагнах болно.
Хөгжлийн банкинд үүссэн чанаргүй зээлийн анхдагч үүсвэр нь "Чингис" бонд. Бид өр тавих хэмжээ гэхээс илүүтэй, зарцуулалт дээр анхаарах хэрэгтэй. Монгол Улсын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүнээс 200 гаруй хувь их бол Сингапур улс 450 гаруй хувь их. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнээс дөрөв дахин их бөгөөд Англи улсынх ч гурав дахин илүү. Тэгэхээр өрийн ашиглалт зөв бол дефолт гарахгүй гэж ойлгож болно. Ирэх долоо хоногт шалгалтын дүнг танилцуулах болно гэдгийг Сангийн сайд онцолсон юм.
ДАНШИГ НААДАМ ХҮРЭЭ ЦАМ ХҮЙ ДОЛОО ХУДАГТ ХОЁР ӨДӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Даншиг наадам Хүрээ цам 2022 шашин соёлын наадам хүй долоон худагт өчигдөр /2022.08.06/ нээлтээ хийсэн. Монголын шашин соёлын тус наадам хамгийн сүүлд цар тахлаас өмнө 2020 онд Гандантэгчинлэн хийдэд болж байв. Уламжлал ёсоор жил бүр өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг тус наадмыг тухайн үед Батцагаан дуганд тэмдэглэж байсан бол энэ жил илүү өргөн хүрээнд хүй долоон худагт тэмдэглэх аж.
Хүрээ цамын хөтөлбөрт морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.
Хөтөлбөр, арга хэмжээнээс гадна жахар цамын хурлыг сүсэгтэн олонд хурах юм. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт болдог Хүрээ цамын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог төдийгүй цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.
Энэхүү наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан өвөрмөц онцлогтой наадам. Тиймдээ ч аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг боломж гэж үздэг байна.
Хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийдийн эрдэмт хуврагууд 1999 оноос уламжлал дэг ёсны дагуу сэргээн туурвисан байна. Түүнээс хойш өдгөөг хүртэл жил бүр дэглэсээр иржээ. Цамын үеэр Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн бүжин наадна. Шашин соёлын баярт 120 гаруй цамчин оролцож байна. Цам нь хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй бэлгэдлийг уран яруу хөдөлгөөнөөр үзүүлдэг онцлогтой.
ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЖ АЙМГУУД СУМДЫН БАЯР НААДМАА ЦУЦЛАВ
Малын гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотой зарим аймаг сумдын болон олон нийтийг хамарсан баяр наадмын үйл ажиллагааг цуцалж эхэлжээ. Тухайлбал, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох захирамж гаргасан байна. Захирамжид, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 зүйлийн 66.1, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумдын баяр наадмыг хориглохыг тусгажээ.
Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт Ховд аймгийн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь сумдад нэмэгдэж байгаа нь халдвар тархах эрсдэл үүсгэж байгаа аж.
Тиймээс наймдугаар сарын 1-нээс Ховд, Өмнөговь сумдад, наймдугаар сарын 05-наас бусад сумдад нийтийг хамарсан арга хэмжээ, багийн өдөрлөг, бэсрэг наадам зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглох юм байна. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Ж.Александр), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Б.Баттулга) Цагдаагийн газрын дарга (цагдаагийн дэд хурандаа А.Амарбат), Мэргэжлийн хяналтын газрын дарга (Ц.Мөнхбаяр) нарт тус тус үүрэг болгожээ.