Тойм: "НАРАНТУУЛ" ЗАХЫНХАН НАМРЫГ ХҮЛЭЭСЭЭР

Хуучирсан мэдээ: 2022.08.06-нд нийтлэгдсэн

Тойм: "НАРАНТУУЛ" ЗАХЫНХАН НАМРЫГ ХҮЛЭЭСЭЭР

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна.


"НАРАНТУУЛ" ЗАХЫНХАН НАМРЫГ ХҮЛЭЭСЭЭР

Хичээл сургууль амарч, хүмүүс найр наадам гээд явчихдаг тул зундаа "Нарантуул"-ын үйчлүүлэгч эрс цөөрдөг. Энэ зуны хувьд "гөлөөг" ч гэх хүнгүй байгааг худалдаачид хэллээ. Тус захаар хөдөө, орон нутгийнхан л үйлчлүүлдэг. Наадам дуусч, найр, хуримны улирал эхэлсэн ч үйлчлүүлэгч, худалдан авагчгүй байгаа аж. Сүүлийн үед нийслэлийнхэн нь интернетээс бараагаа захиалаад авдаг болсон тул "Нарантуул"-аар орох нь эрс багассан байна.  Нөгөө талдаа "Нарантуул"-ын худалдаачид 5-6 дугаар сард захисан зуны хувцас, намрын сурагчийн форм зэргээ одоо хүртэл каргоноос авч чадаагүй нь худалдан авалтад сөргөөр нөлөөлжээ. Ийнхүү олны хөлд дарагддаг олон улсын худалдааны тус төв эзгүйрчээ.

Эрээнд дахин хөл хорио тогтоох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн, үүнийг дагаад хөл хорио чангарч, хилийн хяналт ч нэмэгджээ. Мөн өмнөх саруудын захиалгын бараа гааль дээр удах, танил, тал, арын хаалгагүй бол ачаа тээвэр нь гацаж, түгжирч байгааг ч ярьсан юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"ГООЖИНГИЙН ӨНДӨР"-ИЙГ НУРААЖ, ЦЭЦЭРЛЭГ БАРИНА

Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргаж буйгаа зарлаж шоудсанаас хойш долоон сар өнгөрчээ. Мөн хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болсон.

Гэвч өдийг болтол дорвитой ажил хийсэнгүй. Албаныхнаас энэ талаар тодруулахад судалгааны ажил хийж, үнэлгээг нь шүүхээр тогтоохоор ажиллаж байна гэх хариултыг өгдөг. Харамсалтай нь ахисан ажилгүй, тухайн газрын эзэдтэй ч уулзаагүй гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс түүхэн барилгын өмчлөл болон сэргээн засварлах ажил хэзээ эхлэх талаар дахин сурвалжиллаа.

Оршин суугчдын зүгээс "Энэ түүхэн барилгыг сэргээн засварлана гэсэн боловч өдийг болтол юу ч хийсэнгүй. Үнэхээр засч янзлаад музей байгуулбал сайхан л байна" гэж байлаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


АМЬТДЫН ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ЭРЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ БОЛЖЭЭ

"Хөдөө явах гэсэн юм, муураа хэнд үлдээх вэ", "Нохойг маань түр хугацаанд хараад өгөх хүн байна уу" гэх мэт зарууд олон нийтийн сүлжээнд тааралдах нь цөөнгүй. Сүүлийн үед монголчууд гэртээ муур, нохой тэжээх нь ихсэж, тэр хэрээр тэднийгээ хэнд яаж харуулах вэ гэсэн асуудал, бэрхшээлтэй тулгардаг болжээ. Өөрөөр хэлбэл, гэрийн тэжээвэр амьтад хүнээс яг л хүүхэд, хөгшид шиг асаргаа, хайр, халамж шаарддаг. Удаан хугацаагаар гадагшаа эсвэл хөдөө явахад муур, нохойгоо дагуулаад явах боломжгүй. Тиймээс амьтдын өдөр өнжүүлэхүүд бий болж, хүмүүсийн ажил, амьдралыг хөнгөвчлөх болсон байна.

Ханан дээрээ томоос том муур, нохойн зурагтай шаргал өнгийн барилгын хаалгаар орлоо. Тэнд ч муурнууд тоглож, энд ч ноход гүйлдэнэ. Тэд эздээ ажилтай байх хойгуур ийнхүү цэцэрлэгтээ өнжиж буй нь энэ аж.  Тэд цэцэрлэгтээ ирээд үсээ засуулж, хумсаа авхуулж, үнэртэй ус түрхэн гангардаг гэнэ.

"Doctor Ani" нь амьтанд зориулсан төрөл бүрийн үйлчилгээ нээжээ.  Амьтны эмнэлгээс гадна амьтадтай тоглох заал, үйлчлүүлэгчид амрах хэсэг, тэжээвэр амьтдын салонтой, мөн өдөр өнжүүлэх ажиллуулдаг аж.  Тун удахгүй эмийн сан, дэлгүүр болон муурын тоглоомын төвөө нээхээр төлөвлөсөн байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ГОЦ АВЬЯАСТАН ХҮҮ Г.ЭНХБИЛЭГ: БИ ДЭЛХИЙН АВАРГА БОЛНО

Төгөлдөр хуур хөгжмийн ард П.И.Чайковскийн "Цэцгийн вальс" аялгууг тун чадварлаг тоглох хүүг Г.Энхбилэг гэдэг. Тэр одоо найман настай бөгөөд бяцхан биедээ баймгүй авьяастай нэгэн. Учир нь бяцхан теннисчинг зорин ирсэн бидэнд хүү бас нэгэн авьяасаа гайхуулж, гайхашруулж буй нь энэ. Бяцхан хүү шаггүй шатарчин, авьяаслаг төгөлдөр хуурч, хурдтай теннисчин.

Түүний аав Ж.Гантөмөр шатрын багш, ээж З.Цэнгэнбаяр шатрын мастер, ганц эгч нь шатрын дэд мастер цолтой. Гэр бүлээрээ оюуны спортын хүмүүс.

Тэд 10 гаруй жил “Төгс нүүдэл” шатрын сургалтын төвийг ажиллуулж, багшаар ажиллаж буй. Тийм болоод ч тэр үү Г.Энхбилэг хүү ухаан орсон цагаасаа л шатар тоглож, сонирхон хичээллэх болжээ. Тэрбээр ирэх есдүгээр сард нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн гуравдугаар ангид дэвшин суралцах аж.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж