Нэнси Пелосигийн Ази дахь айлчлалын эцсийн зогсоол Япон улс байв. Тэрбээр Пүрэв гаригт Японд хүрэлцэн ирсэн. Энэ нь Пелосигийн 2015 оноос хойш Японд хийж буй анхны айлчлал боллоо.
Түүнийг Токио дахь Йокота агаарын баазад онгоцноос буухад АНУ-ын Элчин сайд болон бусад албаны хүмүүс угтаж авав. Тэрбээр өчигдөр өглөө /2022.08.05/ Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзаж, хоёр орны эвсэл болон хамтын ашиг сонирхлын асуудлаар ярилцжээ. Түүнчлэн Японы төлөөлөгчдийн танхимын дарга Хироюки Хосодатай олон улсын харилцааны асуудлаар хэлэлцсэн байна.
Тайванийн ойролцоо хийгдэж буй Хятадын цэргийн сургуулилалтыг Япон улс буруушаасан байр суурьтай байна. Тус улсын Батлан хамгаалах сайд Нобүо Кишигийн хэлснээр, Хятадын харвасан таван баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэв. Тодруулбал, Японы гол арлуудаас өмнө зүгт орших Хатерума арлын ойролцоо унажээ. Энэ үйлдэл нь Японы үндэсний болон ард түмний аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна гэж Нобүо Киши хэлэв.
Эх сурвалж: TIMES OF ISRAEL, FRANCE24
Холбоотой мэдээ