Ногоон амины орон сууц нь цахилгааны төлбөрийг 40 хувиар бууруулдаг

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

Ногоон амины орон сууц нь цахилгааны төлбөрийг 40 хувиар бууруулдаг

Ногоон амины орон сууц нь цахилгааны төлбөрийг 40 хувиар бууруулдаг

Сүүлийн үед нийтийн орон сууцнаас илүү амины орон сууцанд амьдрах сонирхол олон нийтийн дунд эрэлттэй байгаа билээ. Учир нь нийтийн орон сууцанд амьдрахад хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол хангалтгүй тог, ус цахилгааны төлбөр өндөр гардаг зэрэг олон асуудал байдаг. Тэгвэл эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг шаардлагын дагуу зөв төлөвлөснөөр эрчим хүчийг 40 хувиар хэмнэдэг гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тооцоолжээ. Ердийн барилгатай харьцуулахад өрхийн хэрэглээндээ цахилгаан болон бусад эрчим хүч бага зарцуулдаг, халаалтад шаардагдах дулааны хэмжээ 70кВт.цаг/м2  жилээс бага байдаг.

Мөн ’’Улаанбаатар цахилгаан сүлжээ” ТӨХХК-аас нэг гэр бүлийн сарын дундаж цахилгаан зарцуулалт 250 кВт.ц буюу 25-36 мянган төгрөг гардаг гэж тооцсон. Уг зардлын 40 хувь хэмнэгдэх нөхцөлд сард цахилгааны зардалд 15-21 мянган төгрөг төлнө.

Архитектур төлөвлөлт, барилгын хийц технологи, ахуйн техник гэсэн гурван үндсэн хүчин зүйлийг зохистой үр ашигтайгаар төлөвлөснөөр барилгыг эрчим хүчний хэмнэлттэй барих боломжтой. Тэгвэл энэхүү амины орон сууцыг барихад зарцуулагдах өртөг, санхүүжилт болон компаниар бариулах өртгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Өртгийн хувьд 2019 оны тавдугаар сарын байдлаар эрчим хүчний хэмнэлттэй 79.49 м.кв амины орон сууцыг 93.7 сая төгрөг зарцуулж байсан. Үүнээс хойших хугацаанд Covid-19 ийн нөлөөгөөр барилгын материал, шатахуун гээд материалын зардал 40 хувиар өссөн. Ийнхүү өссөн хэмжээгээр үнэлэн тооцвол 131 сая төгрөг зарцуулна.

Санхүүжилтийн хувьд, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц нь байгаль орчинд ээлтэй гэсэн ангилалд хамаардаг тул ногоон зээлд хамрагдах боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц нь Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй жилийн найман хувийн хүүтэй, арилжааны банкнуудаас санал болгож буй 12 хувийн хүүтэй зээлүүд байдаг. Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк болон Голомт банк нь найман хувь, Харин Хасбанк, УБ хотын банк, Капитрон банк, Ариг банкнуудтай 12 хувийн хүүтэй 15 хүртэлх жилийн хугацаатай, 120 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой. Мөн хөндлөнгийн аудитор орон сууцны эрчим хүчний хэмнэлтийг хэмжиж баталгаажуулах бөгөөд аудиторын зардлыг /төсөвт өртгийн хоёр хувь/ ХасБанк төлнө.

Харин эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьдаг компаниуд барилгын үнийг м.кв-аар үнэлдэг ба дундаж үнэ нь 1950-3300 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг байна.

Д.Намуунцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж