Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

Хуучирсан мэдээ: 2022.08.08-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

Арван гурван жилийн дараах АЙЛЧЛАЛ ба аюулгүй байдал

Эхлээд С.Лавров. Араас нь Ван И. Залгуулаад А.Гутерреш. Монголын гадаад харилцаа нээлттэй, идэвхтэй, олон тулгуурт бодлогын хүрээнд явагдаж буй нэн сайн. Тэр тусмаа НҮБ манай улсад айлчилж байгаа нь нэр төрийн хэрэг гэж хэлж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнөөдөр Улаанбаатарт ирнэ.  Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нутгийн зүг хүлгийн жолоо татахтай зэрэгцээд НҮБ манайд зочилж буй нь Монголын хувьд хамгийн том эерэг сурталчилгаа болно. Да ялангуяа дайн байлдаан, үймээн самуунтай байгаа хоёр их гүрний дунд орших буфер улсын хувьд.

Ноён А.Гутерреш гурван хоногийн айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай уулзана гэсэн албан тов гарчээ.

Тэрчлэн Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн.

Монгол Улсын Азидаа л ардчиллын баян бүрд гэдэг. Энэ цөвүүн цагт магадгүй Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалж үлдэх ганц зэвсэг нь ардчилал байж мэднэ. Үндсэндээ ардчилал амьд байж л Монгол Улс тусгаар тогтнолтойгоо үлдэх нь нэн ойлгомжтой болсон. Хойд хөршийн шахалт, шаардлагаас харвал. Сүүлийн үед ОХУ-аас С.Лавров, И.Азизов гэх мэт элч төлөөлөгч, Элчин сайдаараа дамжуулан Монголын улс төр, эдийн засагт оролцох сонирхлоо нууж, хаахаа больсон. Ямар сайндаа л хаа байсан Эрхүүд очоод манай ҮХНӨ-ийг ярьж суух билээ. АН-ын дотоод асуудал И.Азизов оролцохыг удаа дараа санаархсан нь бидний хувьд жинхэнэ айдас хүйдэс. Энэ мэтээс харахад АН яаж ийгээд л босох, сэргэх шаардлагатай байна гэсэн үг. Монгол Улсын нэг баганын хувьд шүү дээ.

С.Лавров айлчлалынхаа хүрээнд Монголын ШХАБ-д элсэх асуудлыг хөндөж, эрчим хүч, төмөр замын төсөл оролцох санаархлаа тулгасан бол Ван И-гийн айлчлалаар эсрэгээрээ эдийн засгийн тааламжтай хэлэлцээ хийгдсэн.

Харин А.Гутеррешийн айлчлалаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс амалсан тэрбум модны асуудлыг хэлэлцэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих мэдээлэл бий.  Мэдээж, тэрбум мод бол монголчуудын хувьд том тоо. 20 жилийн өмнөөс 100 тэрбум мод тарихаар кампанит ажлаа эхлүүлсэн. Вьетнам улс 2025 онд нэг тэрбум мод ургуулахаар амалсан. Пакистан 2024 он хүртэл 10 тэрбум мод, Этиоп 2024 он хүртэл 20 тэрбум мод тарьж ургуулна гэх мэт ганц Монгол ч биш олон улс орнууд ногоон дэлхий бүтээхэд оролцож байна.

Мэдээж, улсын эдийн засаг нь хямралтай, үнийн өсөлт, инфляцийн дарамтад өнөөхөндөө хүнд, хэцүү байгаа ч тусгаар улс мөн юм бол НҮБ-ын индэр дээрээс өгсөн амлалтаа биелүүлэх нь Монголын үүрэг. Тэрбум гэдэг нь тэрбум мод тариад орхих асуудал огт биш. Хүнсний ногоо, эмийн ургамал гээд дагаад эрүүл мэнд, эдийн засгийн асуудлуудаа шийдвэрлэхэд дөхөм болно. Нэг ёсондоо, нэг сумаар хоёр байтугай туулайг агнаж болно гэсэн үг.

Тэр тусмаа А.Гутерреш Монголд айлчилж мод тарина гэдэг манай улсын хувьд том бас эерэг сурталчилгаа болно.

Ерөнхийлөгчийн НҮБ-ын индэр дээр өгсөн бас нэг амлалт нь “Таранзит Монгол”.  Дэлхийн тээвэр ложистикт хүндрэл үүссэн өнөө үед Ази, Европыг холбосон хамгийн дөт зам нь Монгол агаад хэрэвзээ У.Хүрэлсүх хэлснээ хэрэгжүүлж чадах аваас эдийн засгийн хувьд ёстой Г.Занданшатарын мөрөөдсөнчлөн Япон лугаа хөгжих боломжтой болох байх. Япон лугаа хөгжихийн тулд амлах биш хийх ёстой гэсэн үг л дээ. Азийн бар болно гээд азийн гөлөг болчихлоо шүү тээ гэгч л болчихгүй бол.

Монголын гадаад харилцаа ерөнхийдөө гацаанаас гарч, Ерөнхийлөгчийн бодлогыг харахад, олон талт, идэвхтэй бодлого хэрэгжүүлэх болсон. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Монголын гадаад харилцааг утгаар нь самарсан гэж хэлж болно. Монгол Улс Элчин сайдаа явуулж, томилж чадахаа больсон нь худлаа биш л дээ.  Тэр байтугай НҮБ-д Монголын төлөөлж нэг ч удаа очиж байгаагүй хүн. Атал Оросод долоон удаа очсон гэдэг, өөрийнх нь хэлснээр. Гээд Кремль түүнийг албан ёсоор нэг удаа ч хүлээж аваагүй байдаг.

Харин сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол гадаад харилцаа идэвхжиж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга 13 жилийн дараа, дэлхийн улс төрийн нөхцөл байдал таагүй үед Монголд морилж буйд бид талархах ёстой байх.

Энэ нь 2009 онд Монголд ирсэн Бан Ги Мунаас хойшхи 13 жилийн дараах айлчлал агаад дэлхийн геополитик, улс төрийн нөхцөл байдал эвгүй байгаа эл үед НҮБ манай улсад морилон саатаж буй нь мэдээж эерэг сурталчилгаа болно. Нөгөө талаасаа Монголын, Ерөнхийлөгчийн нэр хүнд хэр байгаагийн илрэл ч гэхэд бялдуулчилсан болохгүй ч биз. Монгол аюулгүй байдлаа хамгаалъя гэвэл нээлттэй, олон тал гадаад харилцаагаа улам идэвхжүүлэх ёстой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж