Хойд Солонгос улс хоёр жил гаруйн хугацаанд Covid-19 цар тахлаас ангид байсны эцэст энэ оны тавдугаар сарын 12-нд халдварын анхны тохиолдол илэрсэн. Тиймээс нэн даруй онцгой байдал зарласан боловч тавдугаар сарын 15 гэхэд халуурч буй хүмүүсийн тоо 392 мянга давсан юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад долоо хоногийн турш халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй аж. Өвдсөн байсан бүх хүмүүс эдгэрч, улс орон тогтвортой байдалдаа шилжсэн гэж “KCNA” агентлаг мэдээлэв. Нийгмийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох хурдан хэвэнд нь оруулахын тулд эрүүл мэндийн байгууллагууд нөхцөл байдлыг хяналтандаа аван ажиллаж байна. Долдугаар сарын тавны байдлаар нас барсан хүний тоо 74 болж, нас баралтын хувь 0.002 байсан.
Хойд Солонгост цар тахлын дэгдэлтийн хажуугаар санаа зовоож байсан хамгийн том асуудал нь тэдний нууцаа хадгалах хүсэл эрмэлзэл гэдгийг “CNN” агентлаг онцолж байв. Нууцаа хэт хадгалсны улмаас нөхцөл байдлыг нарийн тодорхойлоход төвөгтэй байсан. Удаан хугацаагаар хил нь хаалттай байсны улмаас олон улсын байгууллагууд болон гадаадын Элчин сайдууд нэвтрэх боломжгүй байв. Нас барагсдын тоо бага байгаа нь Пёньян илүү том асуудлыг нууж байна уу гэх хардлагыг ч төрүүлээд амжсан юм.
Эх сурвалж: YONHAP, CNN
Холбоотой мэдээ