Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогод ариун цэврийн байгууламжийг сайжруулах асуудлыг тусгаж, 2030 он гэхэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг хүн амын 60 хувьд хүргэх зорилт тавиад буй. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам 4.5 тэрбум төгрөгөөр 2000 өрхийн нүхэн жорлонг эхний ээлжид шинэчлэхээр сонгон шалгаруулалт өнгөрсөн сарын 25-нд зарласан. Гэвч тус тендерийг ажлын хэсэг болон холбогдох албаны хүмүүс хуралдаж Б.Бат-Эрдэнэ сайдын өгсөн үүргийн дагуу цуцалжээ.
Сайдын өгсөн чиглэлээр гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэхэд зарцуулах төсвийг зайлшгүй шаардлагатай хортон шавьж зэргийг устгахад зарцуулах аж.
Нүхэн жорлонг шинэчлэхээр зарлаад байсан тендерийн нийт төсөвт өртөг нь 4.5 тэрбум төгрөг бөгөөд эх үүсвэр нь улсын төсвөөс гарах байсан. Тус тендерт сонгогдсон компани Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сонгогдсон байршилд гэр хорооллын 1000 нүхэн жорлонг шинэчлэх ажлыг 2.2 тэрбум, Орхон аймгийн Баян-Өндөр сумын сонгогдсон байршилд гэр хорооллын 1000 нүхэн жорлонг шинэчлэх ажлыг 2.3 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөөд байсан ч ийнхүү цуцлагджээ.
СТАНДАРТААС 4-5 ДАХИН ИХ БОХИРДОЛТОЙ НҮХЭН ЖОРЛОНГ ШИНЭЧЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН
Ямар шалтгаанаар зарласан тендерийг цуцлах болсон талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзулаас тодрууллаа.
Тэрбээр, тендерийг цуцалж байгаа. Хөрсний бохирдол өндөр байгаагаас шалтгаалж хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөө их гарч байна. Стандартаас 4-5 дахин их бохирдолтой гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Гэсэн ч хүмүүсийн жорлон барихаас хэтрэхгүй гэх үзлээс болж тендер цуцлагдахад хүрч байна.
Угтаа бол хүмүүс эрүүл, аюулгүй орчинд амьдармаар байна гэдэг. Харин бодит байдал дээр хөрсний бохирдлын гол үүсвэр нүхэн жорлонг стандартад нийцэх хэмжээнд хүргэхээс татгалзаж байна.
Тендер шалгаруулалт дээр аж ахуй нэгжүүд материалаа ирүүлсэн. Түүнийг нь цуцалсан. Ажлын хэсгийн үнэлгээний хороо дахин хуралдах байх. Миний хувьд үнэлгээний хорооны гишүүн биш учир хөндлөнгөөс оролцох эрхгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, алсын хараа 20:50 зэрэг бодлогын баримт бичгүүдэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөрсний бохирдолгүй нөхцөлд аж төрөх бодлогууд тодорхойлогдсон байхад хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна. Нийлбэр дүнгээр энэ тендерийн ажил ганцхан Улаанбаатарт хийгдэхгүй шүү дээ. 21 аймагт энэ ажил хуваагдаад явна. Гэхдээ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо үүгээр ажлаа хязгаарлахгүй.
Холбоотой мэдээ