Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээгээр 349 тохиолдол шинээр батлагдсан байна. Илэрсэн тохиолдлуудаас 189 нь Улаанбаатар хотод, 160 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Баян-Өлгийд гурав, Говь-Алтайд гурав, Дархан-Уулд 17, Дорноговьд 38, Дорнод гурав, Орхон 16, Сүхбаатарт дөрөв, Өмнөговьд 66, Ховдод дөрөв, Төв аймаг зургаан хүн бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 2257 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин 1583 хүн эдгэжээ. Харамсалтай нь Булган аймагт нэг хүн нас баржээ.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл хийхдээ "Цар тахлын халдвар өндөртэй 10 орны нэгдүгээрт Япон улс орж байгаа бол БНСУ удаалж байна. Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар улам нэмэгдэж байна. Шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын хувь 14.5 болж, өмнөх долоо хоногоос өссөн. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцийн судалгаараар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байгаа" талаар мэдээлж байв.
Холбоотой мэдээ