Хятад улс Тайванийн ойролцоо өчигдрөөс /2022.08.04/ эхлэн цэргийн сургуулилалт хийж байна. Гэвч уг сургуулилалт нь зүүн Азийн орнуудын худалдааны хөлөг онгоцуудад саад учруулж буйг “CNN” агентлаг мэдээллээ. Сургуулилалт хийж буй бүс нь дэлхийн хамгийн ачаалал ихтэй усан зам учир зарим хөлгүүд чиглэлээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.
Хятадын Батлан хамгаалах яам сургуулилалт хийх тухай мэдэгдлийг Мягмар гаригт хүргэхдээ бусад усан онгоц болон нисэх онгоцыг бүсээс хол байхыг анхааруулсан. Тэгвэл Тайвань уг сургуулилалтыг далайн болон агаарын бүслэлтээс ялгаагүй гэж үзэж байна.
Тайванийн хоолой нь Тайвань болон Ази тивийг заагладаг. 177 км орчим өргөн эл хоолойгоор Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг зүүн хойд Азийн томоохон эдийн засагтай орнууд ачаа тээвэрлэдэг, худалдааны гол зам юм. Азийн орнуудаар тогтохгүй дэлхийн бусад улсын ачаа ч энэ замаар дамжин өнгөрдөг.
“Vessels Value” тээврийн зөвлөх компанийн мэдээлснээр, Тайванийн нутаг дэвсгэрт одоогоор 256 чингэлэг болон бусад хөлөг онгоц байна. Эндээс 60 гаруй нь ид сургуулилалтын үеэр замд гарах төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ