Орос жуулчид Финландыг дамжин өнгөрөх цэг болгож байна

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

Орос жуулчид Финландыг дамжин өнгөрөх цэг болгож байна

Орос жуулчид Финландыг дамжин өнгөрөх цэг болгож байна

Финланд улс Оросын жуулчдад олгох визний тоог хязгаарлаж эхлэхээр төлөвлөж буйг тус улсын Гадаад харилцааны сайд Пекка Хаависто хэллээ. Тус улсын засгийн газар сүүлийн 10 хоногт олон нийт болон улс төрийн дарамт шахалтад өртөөд байна. Оросуудыг Европын холбооны орнуудад агаараар, галт тэргээр явахыг хориглосон. Гэтэл олон арван мянган орос иргэн Финландын хилээр дамжин Европын холбооны орнуудад зорчих болжээ.

“Ийм асуудалтай тулгараад буй цорын ганц улс нь мэдээж бид биш. Хэрвээ бид Шенгений визний хэмжээг бууруулбал Европын холбооны илүү сайн зохицуулалттай болох ёстой” гэж Хаависто хэлсэн. Финланд улс оюутны, ажилчны, гэр бүлийн гишүүдийн, аялал жуулчлалын гэх мэт 12 төрлийн виз олгодог. Жуулчны визний тоог бууруулах хамгийн энгийн бөгөөд хууль ёсны арга бол бусад төрлийн визний хугацааг нэн тэргүүнд тавих явдал гэв.

Орос улс долдугаар сарын дунд үеэс Covid-19 цар тахалтай холбоотой хилийн хязгаарлалтаа цуцалсан. Үүнээс хойш Оросын жуулчид Финланд руу ихээр орж ирэх болсон байна. Финландын жижиглэнгийн худалдаачид Оросын жуулчдад тансаг хэрэглээний бараа зарахгүй байхыг уриалжээ. Түүнчлэн тус улсын гаалийн ажилтнууд хилээр нэвтэрч буй орос жуулчдаас аж үйлдвэр, цэргийн чадавхид нь нэмэр болохуйц бараа бүтээгдэхүүнүүдийг хурааж авсан байна.

Финландын иргэд оросуудад шинээр виз олгохыг хориглох, одоо байгаа визийг нь цуцлах санаачилга гаргаж, 7000 гаруй хүний гарын үсэг цуглуулсан. Уг өргөдлийг парламентаар хэлэлцүүлэхийн тулд зургаан сарын дотор 50 мянган хүний гарын үсэг цуглуулах ёстой аж.

Оросуудад Шенгений виз олгох хамгийн том улсууд нь Грек, Итали, Испани юм байна. Эдгээр улсаас виз олгосон тохиолдолд Финландын хил дээр ирсэн хүмүүсийг буцаах боломжгүй гэж Гадаад хэргийн сайд онцлов. Оросууд Финландын хилээр нэвтэрч буй бас нэг том шалтгаан нь гэр бүл юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа нөхөн төлбөр болгож өгөх хүртэл Оросын зүүн нутгийн томоохон хэсэг нь Финландын нутагт тооцогдож байсан. Тиймээс хил дамнасан гэр бүлүүд цөөнгүй байдаг аж. Финландад уугуул орос хэлээр ярьдаг 84 мянган хүн бий.

“Бид оросуудын дамжин өнгөрөх цэг, гарц болохыг хүсэхгүй байна.Үүний тулд зөвхөн Финланд шийдвэр гаргах бус, илүү өргөн хүрээтэй Шенгений шийдвэр хэрэгтэй” гэж Хаависто хэллээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж