Тегераны цөмийн амбицыг хязгаарлахаар АНУ, Иран хоёр хэлэлцээрийн ширээний ард суулаа. Уг хэлэлцээг хийхэд Европын холбоо/ЕХ/ зуучлагчаар ажиллах аж. Ираны Гадаад хэргийн яамнаас Австрийн Вена хотод хэлэлцээ эхэлсэн талаар мэдээлжээ. Талууд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш энэ асуудлаар хэлэлцээр хийх тухай ярьж байсан. Гэвч хоёр тал санал зөрөлдөж, ямар ч ахиц гаргаагүй.
Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл хэлэхдээ тус холбооноос хоёр талд шинэ санал дэвшүүлсэн гэж мэдэгджээ. Нарийвчилсан мэдээлэл өгөөгүй ч АНУ-ын зүгээс Ираныг өөрийн саналыг хүлээж авахыг шахаж байгаа аж. АНУ-ын Ираны асуудал хариуцсан тусгай элч Роберт Малли ярихдаа "Манай улс Европын холбооны хүчин чармайлтыг сайшааж, Ирантай зөвшилцөлд хүрэхэд бэлэн байна" гэжээ. Тэрбээр "Иран ийм байдалд бэлэн байгаа эсэх нь удахгүй тодорхой болно" гэсэн байна.
Ираны Гадаад хэргийн дэд сайд Али Багери Кани, АНУ-ыг холбогдох түншүүдийн санал болгож буй боломжийг ашиглахыг уриалж, хариуцлагатай ажиллахыг хүсэв.
Иран болон дэлхийн гүрнүүдийн хооронд 2015 онд байгуулсан гэрээ нь Тегераны цөмийн үйл ажиллагааг хязгаарлах зорилготой байв. Гэвч тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 онд Вашингтоныг хэлэлцээнээс гаргаж, хориг арга хэмжээгээ сэргээсэн юм.
Үүнээс хойш Иран цөмийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлсэн юм.
Эх сурвалж: NHK Japan
Холбоотой мэдээ