У.Хүрэлсүхийн сурталчилгаа ба нүүдэл

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн сурталчилгаа ба нүүдэл

У.Хүрэлсүхийн сурталчилгаа ба нүүдэл

2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн гэвэл У.Хүрэлсүх Төрийн тэргүүн болоод жил гаруй хугацаа өнгөрчээ. Мэдээж, Монголын улс төрд номер нэг хүний хувьд түүний бодлого шийдвэр олон нийтийн анхаарлын төвд байдаг.

Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө тэрбээр ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх болно гэж амлаж гарч ирсэн. Тэрчлэн хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө, задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байхын төлөө ажиллахаа ч амлаж байлаа. Ямартай ч тэрбээр богино зайны дотоодын улс төрөө орхиж, том улс төрд анхаарах болсон.

Үнэндээ Ерөнхийлөгч болсноосоо хойш У.Хүрэлсүх байсхийгээд л элдэв янзын чуулган санаачилан зохион байгуулах болсон хийх ажилгүйдээ биш байх. Үүний цаана үндэсний аюулгүй байдал, Монгол хүний эрүүл мэнд, боловсрол, улс орны гадаад харилцаа гээд олон талт, олон зорилготой бодлого нуугдаж буй нь лав.

Үүний нэг жишээ нь Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах зарлиг гаргасан. Энэ нь нэг талаар үүх түүхээ хамгаалах гэсэн алсын зорилготой бодлого гэхэд буруудахгүй. Хятад, Казакстан зэрэг улс сүүлийн үед Чингисийн үүх, түүхийг өнөөгийн монголчуудтай булаацалддаг нь худлаа ч юм биш л дээ. Энэ үүднээс харвал Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг нэг талаар Монголын сурталчилгаа, нөгөө талаар эх түүхээ хамгаалах гэсэн арга тактик ч байх.

Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой болж байгаа агаад  Монгол Улсын Ерэнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг 2022 оны наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаас гадна “Монголын түүх, угсаатны судлал”, “Монгол хэл, уран зохиол судлал”, “Монголчуудын соёлын ертөнц”,“Монголчууд ба гадаад ертөнц”, “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа”  таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм байна.

Уг чуулганд 14 орны 54 монголч эрдэмтэд оролцох аж. Дэлхийн улс төрийн нөхцөл байдал эвгүйтэж, хоёр хөршийн байдал тунд байгаа үед энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа нь үндэсний аюулгүй байдалд маань ч хэрэгтэй. Товчхондоо, Монгол 860 жилийн үүх түүхтэй, тусгаар тогтносон улс шүү гэдгээ харуулж буй хэрэг.

Үүнээс өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал Улаанбаатар хотноо болсон. Уг арга хэмжээнд НҮБ, Европын холбоо болон дэлхийн 30 орны төлөөлөгч, Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчид оролцсон билээ. Энэ Монголын хувьд эерэг сурталчилгаа болсныг ирэх долоо хоногт Улаанбаатарт айлчлах А.Гутеррешийн албан захидлаас харж болно.

 Ямар ч байсан У.Хүрэлсүхийн нэг жил дэлхийн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, хөрш орнуудын гадаад, дотоод улс төр тунд хүнд байгаа үед аль болох Монголыг олон улсад таниулах, сурталчилах арга хэмжээ авах нь бидний аюулгүй байдлаа хамгаалах бодлого байх нь гарцаагүй. Ерөнхийдөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж буй арга хэмжээнүүдийн ард давхар мэх явж байна гэсэн үг.п

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж