Гоц авьяастан хүү Г.Энхбилэг: Би дэлхийн аварга болно

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

Гоц авьяастан хүү Г.Энхбилэг: Би дэлхийн аварга болно

Гоц авьяастан хүү Г.Энхбилэг: Би дэлхийн аварга болно

Төгөлдөр хуур хөгжмийн ард П.И.Чайковскийн "Цэцгийн вальс" аялгууг тун чадварлаг тоглох хүүг Г.Энхбилэг гэдэг. Тэр одоо найман настай бөгөөд бяцхан биедээ баймгүй авьяастай нэгэн. Учир нь бяцхан теннисчинг зорин ирсэн бидэнд хүү бас нэгэн авьяасаа гайхуулж, гайхашруулж буй нь энэ. Бяцхан хүү шаггүй шатарчин, авьяаслаг төгөлдөр хуурч, хурдтай теннисчин.

Түүний аав Ж.Гантөмөр шатрын багш, ээж З.Цэнгэнбаяр шатрын мастер, ганц эгч нь шатрын дэд мастер цолтой. Гэр бүлээрээ оюуны спортын хүмүүс.

Тэд 10 гаруй жил “Төгс нүүдэл” шатрын сургалтын төвийг ажиллуулж, багшаар ажиллаж буй. Тийм болоод ч тэр үү Г.Энхбилэг хүү ухаан орсон цагаасаа л шатар тоглож, сонирхон хичээллэх болжээ. Тэрбээр ирэх есдүгээр сард нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн гуравдугаар ангид дэвшин суралцах аж.

Цар тахлаас шалтгаалж сурагчид хичээлийн хоцрогдолд орсон. Харин Г.Энхбилэг хүүгийн хувьд эсрэгээрээ аав, ээжтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэх боломж нээгджээ. Тэрбээр шатраас гадна теннис, төгөлдөр хуураар нэмж хичээллэх болсон байна. Саяхнаас өөрөө сагс тоглож сурч байгаа гэнэ.

Энэ тухай аав Ж.Гантөмөр нь ярихдаа "Манай гэр бүлд хөл хорио илүү ашигтай туссан.  Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт байх боломж гарч ирсэн. Тийм учраас хүүгээ таван настай байхад нь гэрийнхээ том өрөөг суллаад теннисний ширээ байрлуулж, өдөрт гурван цагаар хичээллэж эхэлсэн. Тэгээд ширээний теннисний "Нийслэл" клубт нэг жил хичээллэж, би багшийнх туслахаар дэргэд нь байдаг" гэв.

"АНХНЫ ТЭМЦЭЭНДЭЭ ДОЛООН ӨРӨГ ТОГЛОЖ, ДОЛООН УДАА УЙЛСАН"

Г.Энхбилэг хүү 2022 оны дөрөвдүгээр сард болсон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 10 настай хүүхдүүдтэй эн зэрэгцэн нийт 18 тоглосноос 14 удаа хожиж, дөрөв хожигдсон байна. Тэрбээр ганцаарчилсан болон багийн дүнгээр дөрөвдүгээр байр эзэлжээ.

Хүү хичээлийнхээ хажуугаар долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийж, өдөрт хамгийн багадаа дөрвөөс дээш цаг хичээллэдэг байна.

Тэр ширээний теннисээр дэлхийн дээд рекордыг эзэмшигч, олимпийн аварга Хятадын Ма Лонг, шатраар Норвегийн их мастер Магнус Карлсенг шүтэн биширч, үлгэр дууриалал авдаг тухайгаа хэлсэн юм. Алдартай тамирчдынхаа хөргийг ч бэлтгэлийн өрөөндөө байрлуулсан харагдав.

Хүү "Би шүтэн биширдэг тамирчинтайгаа уулзах боломж олдвол хамт зургаа авхуулж, шүтэн биширч явдаг гэдгээ хэлнэ" хэмээн хэвлүүхэн хариулна.

Түүний ээж З.Цэнгэнбаяр "Манай хүү хамгийн анх гурван настайдаа шатрын их мастер Б.Хатанбаатарын нэрэмжит тэмцээнд оролцож байсан. Нас нь бага байсан учраас хожигдох болгондоо заалаар нэг уйлчихна, аав бид хоёр нь тэврээд л аваад гардаг байлаа. Тухайн үед долоон өрөг тоглож, долоон удаа уйлж байлаа. Тэр нь их хөөрхөн, дурсамжтай санагддаг. Ямар ч байсан хүүгээ сайн шатарчин болох байх гэж итгэж байгаа. Гэхдээ хүүгээ хүчлэхгүй. Оюуны спорт маш их ачаалал ихтэй" хэмээн инээмсэглэн өгүүлэв.

"ТҮҮНИЙ МӨНХИЙН ӨРСӨЛДӨГЧ ААВ"

Ээж З.Цэнгэнбаяр нь 1990 онд Монголын бүх ард түмний есдүгээр спортын наадамд Дорнод аймгаас шалгарч, 12 насандаа улсын аварга болж байсан түүхтэй. Ээжийнхээ энэ амжилтыг бага хүү нь үргэлжлүүлж явна.

Өдгөө дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсад болж буй. Уг олимпиадад эх орноо төлөөлөн оролцож буй олон улсын спортын мастер Т.Мөнхзул болон С.Ган-Эрдэнэ, дэлхийн шатрын холбооны мастер цолтой Г.Амартүвшин нарын шатрын анхны багш нь З.Цэнгэнбаяр ажээ.

Г.Энхбилэг "Манай гэрт шатар хамгийн сайн тоглодог нь ээж, дараа нь эгч, тэгээд би. Харин аав дөрөвдүгээр байрт ордог. Би ээжийгээ шатраар арай л хожиж чадахгүй байгаа. Би ирээдүйд ширээний теннисний дэлхийн аварга болохыг мөрөөддөг. Бас шатрынх" хэмээн ирээдүйн мөрөөдлөө хуваалцсан юм.

Түүний мөнхийн өрсөлдөгч бол аав нь. Аавтайгаа өрсөлдөхгүй спорт, тоглоом гэж алга. Өнөөдөр л гэхэд аавтайгаа долоон өрөг тоглоход аав нь гурав хожиж, дөрөв хожигджээ. "Өчигдөр тантай 10 удаа тоглож би долоо хожсон биз дээ" хэмээн хүү амжилтаа бататгана.

"ХҮҮХЭД ИНЭЭЖ БАЙХДАА БҮХ ЗҮЙЛИЙГ АМАРХАН СУРДАГ"

Аав Ж.Гантөмөр "Хүүхдийг сургах гол арга нь урам, дэм өгөх. Хүүхдээ сургах гэж байгаа бол хүүхдийн тань чих, сэтгэл нээлттэй байх ёстой. Томчууд сэтгэл нь хаалттай байхад нь хүчээр заах гээд байдаг. Яавал сэтгэл нь нээгдэх вэ гэхээр хамт инээж, хөгжилдөж, баяр баясгалантай бай. Энэ үед хүүхэд юуг ч хүлээж авахад бэлэн байдаг учраас багш дуртай юмаа хүүхдэд зааж өгч болно.

Эхлээд хүүхдийн сэтгэлийнх нь хаалгыг нь онгойлгохгүй зарим эцэг эхчүүд шууд нүдэж, өшиглөдөг шүү дээ. Бага насны хүүхэдтэй ажиллаж эхэлснээс хойш хүүхэд инээж байхдаа сурдаг юм байна гэдгийг ойлгосон. Би чинь шатрын хичээл орохдоо алиалагч болж хувирдаг. Хүүхдүүдэд шатар заасан заагаагүй сурчихна. Харин багш яаж хүүхдүүдээ баярлуулах вэ гэдгээ бодож байх ёстой" хэмээн багшийн туршлагаасаа хуваалцсан юм.

ШАТРЫН ӨСВӨРИЙН ДАШТ-Д ОРОЛЦОХООР БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БАЙНА

Ширээний теннис, шатар, төгөлдөр хуурын багш нар нь зөвхөн нэгээр нь дагнаж, илүү цаг зарцуулахыг зөвлөдөг аж. Харин эцэг эх нь хүүгийн нас бага, амжилт гаргахад оройтохгүй. Хүүхдээ юм юманд дуртай сонирхолтой байгаа дээр нь хөгжүүлэх зүйтэй гэдгийг хэлж байв. Энэ зунаас Монголын шатрын үе үеийн ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлж, гэрт нь очиж өрөг тоглож эхэлжээ.

Авьяаслаг хүү энэ амралтын өдөр Багануур дүүрэгт болох шатрын тэмцээнд оролцох бол ирэх есдүгээр сард Гүрж улсад болох шатрын өсвөрийн ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базаагаад тун завгүй. Мөн ирэх арваннэгдүгээр сард Испани улсыг зорьж төгөлдөр хуурын тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж