Шри-Ланка дахь эсэргүүцлийн жагсаал ерөнхийлөгч асан Готобая Ражапакасаг эх орноо орхин дүрвэхэд хүргэсэн. Түүний дараа Ранил Викремесингхэ шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод буй. Тэрбээр Лхагва гаригт ирэх 25 жилийн үндэсний бодлогоо боловсруулж буйгаа хэлэв. Шри-Ланкын засгийн газар 2025 он гэхэд анхан шатны төсөвт илүүдэл бий болгож, улсын өрийг бууруулахыг зорьж байна.
Ирэх 25 жилийн үндэсний бодлого нь улсын өрийг бууруулж, улс орноо өрсөлдөх чадвартай экспортын эдийн засагтай болгоход чиглэх аж. Эрх баригчид тохиолдож болох хамгийн хүнд эдийн засгийн гамшгаас сэргийлэх арга замыг эрэлхийлж буй. Тус улсад эдийн засгийн хямрал дахин давтагдахаас сэргийлэхийн тулд урт хугацааны шийдэл, бат бөх суурь хэрэгтэй байна.
Ерөнхийлөгч асан Готабая Ражапакаса болон түүний нөлөө бүхий гэр бүлийг олон жилийн турш буруу менежмент баримталж, авлигын улмаас улс орноо дампууруулж, түлш, эм, хий зэрэг чухал импортын хомсдолд хүргэсэн гэж олон нийт эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэвч шинэ ерөнхийлөгч тодорлоо гээд байдал тэр дороо дээрдсэнгүй. Ард иргэд Викремесингхэд эргэлзсээр байгаа бөгөөд түүнийг хуучин удирдагч болон төрөл төрөгсдийг нь хамгаалахыг завдсан гэж буруутгажээ.
Шри Ланка улс дөрөвдүгээр сард гадаад зээлийн эргэн төлөлтийг зогсоож байгаагаа зарласан. Нийт гадаад өр нь 51 тэрбум ам.доллар бөгөөд үүнээс 28 тэрбум ам.долларыг нь 2027 он гэхэд төлөх ёстой.
Викрмесингхэгийн засгийн газар Олон улсын валютын сантай дөрвөн жилийн аврах төлөвлөгөөний хэлэлцээ эхлүүлжээ. Энэ хүрээнд өрийн бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг эцэслэн боловсруулж эхэлсэн байна. “Бид энэ төлөвлөгөөг ойрын хугацаанд Олон улсын валютын санд хүргүүлж, зээл тусламж үзүүлсэн орнуудтай хэлэлцээ хийнэ. Хожим нь хувийн зээлдүүлэгчидтэй хийх хэлэлцээ ч эхэлнэ” гэж Викрмесингхэ хэллээ. Шри-Ланкын дампуурлаас болоод Олон улсын валютын сантай хэлэлцээ хийхэд хүндрэлтэй байна гэж тэр урьд нь мэдэгдэж байсан. Хэлэлцээг наймдугаар сарын эхээр төлөвлөсөн байсан боловч есдүгээр сар хүртэл хойшлогджээ.
Өдгөө цахилгааны хязгаарлалт хийж, бордоог тариалангийн зориулалтаар ашигласан гэх мэтээр эдийн засгийн хүндрэл бага зэрэг намжаад байна. Хүнсний хомсдолд орохгүйн тулд аюулгүй байдлын арга хэмжээ авч, эмнэлгүүдэд зайлшгүй шаардлагатай эм тариаг авчрах ажлыг эхлүүлжээ.
Түүнчлэн сургуулиудыг дахин нээгээд буй. Энэ мэтчилэн аж үйлдвэр, экспортын салбарт тулгарч буй бэрхшээлийг даван туулах бүхий л арга хэмжээг авч байгаа аж.
“Шри-Ланка шатахуун импортлохдоо гадаадын зээлэнд найдахын оронд экспортын орлого, гадаад ажилчдын гуйвуулгын мөнгийг ашигладаг тогтолцоог эхлүүлэх хэрэгтэй. Шатахууны төлбөрийг тэнцвэржүүлэхийн тулд бид сонгосон импортыг хязгаарлах ёстой. Түүнчлэн шатахууны хангамжийг хумих ёстой” гэж Викремесингхе хэлжээ.
Шри-Ланкад хөрш Энэтхэг улс тусламжийн гараа сунгасан. Викремесингхе хоол хүнс, эм тариа, түлш худалдан авахад зориулж зээлийн тусламж үзүүлсэнд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модид талархал илэрхийлжээ. Энэ нь үйлдэл нь тус улсад амьсгаа авах боломж олгосон гэв.
Энэтхэг улс 2022 оны нэгдүгээр сараас хойш Шри-Ланкад 3.8 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн. Ахиад ч санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн сард мэдэгдлээ. Энэтхэгийн “ANI” агентлагаас мэдээлснээр, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар тус улс нь Шри-Ланкын шилдэг зээлдүүлэгч болжээ.
Шри-Ланка энэ оны хоёрдугаар сард Энэтхэгийн газрын тосны компаниас 500 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүнийг зээлийн шугамаар нийлүүлэх гэрээнд гарын үсэн зурсан. Үүнийгээ дөрөвдүгээр сард дахин 200 сая ам.доллараар нэмэгдүүлжээ.
Засгийн газар 2025 он гэхэд анхан шатны төсөвт илүүдэл бий болгож, одоогийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 140 хувьтай тэнцэж буй улсын өрийг 2032 он гэхэд 100 хувиас доош буулгахыг зорьж байна. “Эдийн засгийг шинэчлэх ёстой. Эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож, өрсөлдөх чадвартай экспортын эдийн засаг болгон өөрчлөх ёстой. Энэ хүрээнд одоо шаардлагатай тайлан, төлөвлөгөө, дүрэм журам, хуулийг боловсруулж байна. Хэрвээ бид улс, үндэстэн, эдийн засгаа хөл дээр нь босгож чадвал 2048 он гэхэд бүрэн хөгжсөн орон болох боломжтой” гэж ерөнхийлөгч Викремесингхэ хэлсэн. Тус улс нь 2048 онд тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоо тэмдэглэх юм.
Шинэ ерөнхийлөгч Викрмесингхэ эсэргүүцлийг жагсаалыг дарж, жагсаал удирдаж байсан олон хүнийг баривчилжээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын үүдэнд байгуулсан эсэргүүцлийн хуаранд зэвсэгт цэргүүд дайран орж, жагсагчдыг зодсон.
Гэсэн хэдий ч Викрмесингхэ эсэргүүцэгчдийг ангуучилж буйгаа үгүйсгээд байна. Харин оронд нь тайван жагсагчдыг хамгаалж, аливаа хууль бус үйлдлийн талаарх гомдлыг шийдвэрлэх оффис нээнэ гэжээ.
Эсэргүүцлийн жагсаалыг залуучууд манлайлж, улс төрийн тогтолцоог өөрчлөхийг хүсч байгаа тул дараагийн сонгуулиар илүү олон залуучуудад парламентад оролцох боломж олгоно гэж Викрмесингхэ хэлэв. Мөн тэрбээр улс төрийн намуудын хооронд найрсаг харилцаа тогтоохыг эрмэлзэж буй аж.
Эх сурвалж: THE DIPLOMAT, ECONOMIC TIMES
Холбоотой мэдээ