ТЭРСЛҮҮ ҮГ: Манай улстөрчид цоо эрүүл биш дэг ээ!

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

ТЭРСЛҮҮ ҮГ: Манай улстөрчид цоо эрүүл биш дэг ээ!

ТЭРСЛҮҮ ҮГ: Манай улстөрчид цоо эрүүл биш дэг ээ!

Аймаг сумдын ойн наадам арай гэж дуусаад ажилдаа орох нь уу гэтэл залгуулаад даншиг наадам, танилцах үдэшлэг зохиохоор болжээ. Ямар ч завтай, яасан ч их найрлаж, наадамлаж дуусдаггүй юм.

Эдийн засаг ирэх намраас илүү их хүндэрнэ шүү гэх анхааруулгыг дээрээ ч, доороо ч тоож байгаа юм алга. Намрын сар найм гэж андуурсан хүмүүс хаа сайгүй. Нэг л их бөх, морь ярьсан, шүүсэн, байлсан хүмүүс.  Бөх, мориных нь бай шагналыг нь харахад манай улс хямраагүй ч  юм шиг. Статистик үзүүлэлт, инфляцийн хөөргөдөл, үнийн өсөлтөө, өр төлбөрөө харвал эдийн засаг их л хүнд байх шиг. Гэхдээ манай улстөрчид урагш чирэхгүй ч уйдаахгүй хөгжөөхөө мэдэхтэйгээ. Тэдний байр байдал, шийдвэр бодлого, ярьсан, бичсэнийг нь харвал ямартай ч цоо эрүүл хүмүүс биш дэг ээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ганц бие 300 залуусын чуулганыг зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалтад оролцох залуус заавал эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байхыг шаардаж буй гэнэ. Энэ талаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хэвлэлд өгсөн тайлбар нь “Сүүлийн 30 жилд хөдөө орон нутагт хүний хөгжлийн асуудал хаягдсан. Ялангуяа гэр бүл төлөвлөлтийн асуудал орхигдсон. Хөдөө орон нутгийн иргэд хүүгээ мал дээр гаргах, эмэгтэй хүүхдээ боловсролтой болгох хандлага их. Өнөөдөр хөдөө орон нутагт хүйсийн харьцаа алдагдсан. Залуучуудтай уулзалт хийхэд тэд хоорондоо танилцах, уулзах боломжоор хангаж өгөх хүсэлт ихээр гаргадаг. Иймээс гэр бүл зохиож амжаагүй ганц бие залуучуудыг танилцуулах зорилгоор “Алтайн залуус” чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Мөн манай аймагт цус ойртолтын асуудал их бий. Залуучууд дунд даралт ихсэх зэрэг өвчлөл их байна. Чуулга уулзалтын үеэр энэ талаар мэдээлэл өгнө" гэх үг.

Чуулга уулзалтын үеэр нөхөн үржихүй, цус ойртолт, бизнесээ хэрхэн өргөжүүлэх зэрэг хувь хүний хөгжлийн сургалтууд зохион байгуулах юм байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгааны үр дүнгээс харвал Говь-Алтай аймаг дороосоо дөрөвт бичигддэг. Иргэдийнх нь амьжиргаа муу, аймаг нь хөгжлөөрөө адагт орох шахуу байхад Засаг дарга нь танилцах үдэшлэг зохиогоод явж байна гэдэг ёстой л тэнэгийн дотор уужуу “народ” шүү, монголчууд.

Ганц Говь-Алтайн засаг дарга ч гэлтгүй дэлхийн улс төрийн байдал эвгүйтэж, хойд, урд хоёр хөрш, дайн байлдаан, үймээн самуунтай байхад гишүүд нь сум, аймгийн ойн наадам эргүүлж, хурдан морь уралдуулсан шигээ явахыг харахад гунигтай. Зарим нь бүр наадмын талаар нохой шувуутай ярилцаж, зарим нь зүлгэн дээр зүгээр хэвтэхийн сайхныг жиргэж, манай улстөрчид нэг л бишээ. Монголд гурван хүн тутмын нэг нь сэтгэгцийн асуудалтай гэдэг үнэн байх.  Ямар цоо эрүүл хүн таних, танихгүй нохойтой буу халахав.

Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан А.Сүхбат Туул голын бүх загас эм сүвтэй болчихсон гээд бөөн онигоо болж байсан. Гэхдээ энэ бол инээдэм гэхээсээ эмгэнэл. Иймэрхүү загас жараахайн сүвийг судлаад, нохой, шувуутай яриад суудаг хүмүүс төр барьж байна гээд бод. Тэд эдийн засгийн хямралт, үнийн өсөлтийн эсрэг яаж эрүүл, саруул бодлого боловсруулах юм бэ.

Дэлхийн зах зээлд зэсийн ханш унаж байгаа, дээрээс нэмрээд Эрээн хилийн хоригоо дахиад тавьчихсан, хэзээ нээх нь тодорхойгүй, цар тахлын шинэ давалгаа эхэлчихсэн, хичээл, сургууль удахгүй эхэлнэ, зам талбайн түгжрэл ихэснэ гээд толгойны өвчин их. Өвлийн өнтэй давахын тулд эрчим хүчний станцуудынхаа бэлэн байдлыг хангах, сайжруулсан түлшний үйлдвэрлэлээ өргөжүүлэх, хүнсний нөөцөө бэлтгэх гээд хийх ажил Монголын төрд цөөнгүй байна. Атал манайхан улсаа хөгжүүлэхэд биш биднийгээ хөгжөөхөд анхаардаг бололтой.

Ямар л ард түмэн байна тийм л төр байдаг гэдэг. Тэгэхээр тийм хүмүүсийг сонгосон сонгогчид биш өөрсдөө ч толгойдоо жаахан сумтай, юмтай дэг.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
8
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж