Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр /2022.08.03/ Камбожид айлчилжээ. Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор Ван И ирээд буй нь энэ юм. Тэрбээр Камбожийн хаан Нородом Сихамонитой хоёр улсын уламжлалт найрамдлыг улам бэхжүүлж, хамтын ирээдүйг цогцлон бүтээх талаар ярилцав. Энэ үеэр Камбожийн хаан нийгэм эдийн засгийн хөгжил, цар тахлын эсрэг тэмцэлд үзүүлсэн үнэ цэнтэй тусламжийнх нь төлөө Хятадын засгийн газарт талархлаа илэрхийлсэн.
Камбож-Хятадын харилцаа түүхэн дээд цэгтээ хүрснийг Нородом Сихамони хаан онцлон тэмдэглэжээ. Тэрбээр “Бүс ба зам” санаачилгын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн нь бодит үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Түүнчлэн Камбож улс “Нэг Хятад бодлого”-ыг тууштай дэмжинэ гэжээ.
Хятад улс “Дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” дэвшүүлээд буй. Энэ санаачлагуудыг Камбож улс бүх талаар дэмжинэ гэв.
Камбожийн өмнөх хаан Нородом Сианукийн мэндэлсний 100 жилийн ой удахгүй болно. Талийгаач хааны хоёр улсын хөгжилд оруулсан түүхэн хувь нэмрийг Хятад улс өндрөөр үнэлж, ойн арга хэмжээг хамтран зохион байгуулна гэж Ван И мэдэгдлээ.
Эх сурвалж: XINHUA