Гантиг таазыг ЭВДЭГЧ

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Гантиг таазыг ЭВДЭГЧ

Гантиг таазыг ЭВДЭГЧ

"NEWS агентлаг энэ удаа ХҮМҮҮС буландаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосиг онцолж байна. Тайвань, Хятадын харилцаа тогтворгүй байгаа энэ үед Нэнси Пелоси гэх энэ хатагтай Хятадын эрх баригчдын анхааруулгыг үл тоон Тайпэй хотод газардсан билээ. Ингэснээр тэрбээр Тайванийн ард түмэнд итгэл найдвар бэлэглэж, хэцүү үед хамт байх болно гэдгээ илэрхийлэв.


 БЯЦХАН УЛСТӨРЧ

Итали эцэг эхтэй Пелоси 1940 онд АНУ-ын Балтимор хотод мэндэлжээ. Түүний ээж Аннунсиата Д’Алессандро Италийн өмнөд хэсгийн Молизе мужаас гаралтай бол түүний эцэг Томас Д’Алессандро Жуниор Генао, Веницээс гаралтай аж. Томас, Аннунисиата хоёр нийт долоон хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь мөн ганц охин нь Нэнси Пелоси гэнэ.

Нэнси ээжийн хамт

Пелосиг төрөхөд түүний эцэг хэдийнэ улс төрийн замналаа эхлүүлчихсэн, Мэриланд мужийг төлөөлөн Ардчилсан намын конгрессын гишүүн байжээ. Харин удалгүй Балтимор хотынхоо дарга болсон аж. Түүний гэргий Аннунсиата ч улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, эмэгтэйчүүдийн хурал зохион байгуулж байсан нэгэн. Тэрбээр ганц охиндоо нийгмийн идэвхи, манлайлын талаар сайн сургаж, ирээдүйд улс төрд ороход нь эртнээс бэлджээ.

Бяцхан улстөрч Нэнси Пелоси аавынхаа сонгуулийн сурталчилгаанд туслаж, үүгээр ч барахгүй 1961 оны нэгдүгээр сард Жон Ф.Кеннидигийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байв.

Нэнси болон түүний гэр бүл

Багаасаа л эцэг эхийнхээ нөлөөллөөр улс төр, нийгмийн ухаанд хорхойссон охин католик шашны ахлах сургуулиа төгсөөд Вашингтон дахь Тринити коллежид улс төрийн чиглэлээр суралцаж эхэлжээ. Оюутан байхдаа сенатор Даниел Брьюстерийн дор дадлага хийж, чамгүй туршлага хуримтлуулав.

Тринити коллежид Нэнси Пелоси өөрийн ирээдүйн нөхөр бизнесмен залуу Пол Пелоситой учирчээ.

Нэнси нөхрийн хамт

ШИНЭ ОРЧИН, ХҮССЭН АЖИЛ

Их сургуулиа төгсч, хайртай залуутайгаа хуримаа хийсэн Пелоси эхлээд Манхэттен руу дараа нь Сан Франциско хот руу нүүв. Энд тэрбээр тавдугаар тойргийн конгрессын гишүүн Филипп Бөртон гэх залуутай танилцаж, дотно найзуул болсон аж. Ингэснээр Ардчилсан намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, намын сонгуульд өрсөлдөх хэмжээний дэмжлэгийг ойр тойрмоосоо бүрдүүлж чаджээ.

1976 онд тэрбээр Калифорни мужаас Ардчилсан намын үндэсний хорооны гишүүнээр сонгогдож, 1996 он хүртэл бүтэн 20 жил энэ албыг хашсан. Энэ хугацаандаа Пелоси Калифорни мужийн Ардчилсан намын даргаар мөн сонгогдож, шилдэг залуу боловсон хүчин гэдгээ намынхаа удирдлагуудад, үеийнхээ залууст харуулжээ.

ОРГИЛ ӨӨД

1987 онд Нэнси Пелоси зорилгодоо хүрч, конгрессын гишүүн болов. Үүгээр ч зогсохгүй тэрбээр конгресс дахь сөрөг хүчний тэргүүнээр сонгогджээ. Пелоси 2003 онд Ирак руу довтлохыг эсэргүүцэж, Жорж Бушийг эрс шүүмжилж байсан хүмүүсийн нэг байсан билээ.

Эцэст нь 2006 онд Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулан олонх суудлыг авлаа. Мэдээж, өнгөрсөн жилүүдэд намынхаа нэр нүүр байсан Нэнси 2007 онд төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдож, энэ албан тушаалыг хашсан АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй болсон юм.

Энэ талаараа Нэнси “Энэ бол конгрессын хувьд болон энэ улсын эмэгтэйчүүдийн хувьд түүхэн мөч. Энэ бол бидний 200 гаруй жил хүлээсэн мөч. Итгэлээ хэзээ ч алдаагүй, бид эрхээ эдлэхийн тулд олон жил хүлээсэн. Энэ хугацаанд эмэгтэйчүүд зүгээр л хүлээж байсангүй, тэд хөдөлмөрлөж байлаа. Бид итгэлээ хэзээ ч алдахгүй, бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй гэсэн Америкийн амлалтыг биелүүлэхийн төлөө ажилласан. Охиддоо зориулж өнөөдөр бид гантиг таазыг эвдлээ. Манай охид, тэдний дараа үеийн охидын хувьд тэнгэр л хязгаар. Тэдэнд бүх зүйл боломжтой” гэжээ.

Гэхдээ түүний замнал дардан байсангүй. Ардчилсан намынхан үүнээс дөрвөн жилийн дараа конгрессын доод танхимын хяналтаа алдаж, буруутнаар нь Нэнси нэрлэгдсэн. Үүний улмаас түүний байр суурь ч ганхаж, үл итгэгч нар олшров. Тэрбээр бууж өгсөнгүй. Өөрт нь тулгарсан сорилт, даваа бүрийн ард нь гарч, 2018 онд Ардчилсан нам олонх болж, Нэнси Пелоси дахин төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогджээ.

ТРАМПЫГ ҮЛ ТООМОРЛОСОН НЬ

Доналд Трамп ерөнхийлөгч байх үед түүнийг конгресст улс орны байдлын талаар илтгэл тавьсны дараа Нэнси Пелоси түүний хэлсэн үг бүхий цаасыг олны нүдэн дээр урж хаяан шуугиан тарьсан. Трамп илтгэл тавихаасаа хэдэн минутын өмнө хэлэх үгийнхээ хуулбарыг Нэнси Пелосид өгсөн аж. Нэнси Пелоси цаасыг аваад  гар барих гэтэл Доналд Трамп эргэж харан шууд индэр рүү алхжээ. Хариуд нь Нэнси Пелоси үг хэлэх түүнийг танилцуулахдаа маш товчхон, “Конгрессын гишүүд ээ, АНУ-ын Ерөнхийлөгч” гэв. Улмаар Доналд Трампыг үг хэлж дуусангуут хэлсэн үг бүхий цаасыг уржээ.

Доналд Трамп өмнө нь Нэнси Пелосиг хэд хэдэн удаа “гуравдугаар зэрэглэлийн улстөрч” гэж тодорхойлж байсан аж.

Тэгвэл Трампын доогуур зэрэглэлийн улстөрч хэмээн тодорхойлсон Нэнси Пелоси нь эрүүл мэндийн хямд үйлчилгээ, ЛБГТ эрх, марихуан, цагаачлал, үр хөндөлт, галт зэвсэг, цэргийн алба зэрэг олон чухал асуудлууд дээр өөрийн байр сууриа илэрхийлж, хууль санаачилж байв.

ТАЙВАНЬД ИТГЭЛ НАЙДВАР БЭЛЭГЛЭВ

2022 оны наймдугаар сарын 2-ны өдөр Пелоси Тайваньд айлчилсан нь 25 жилийн дараа АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан тус улсад ирсэн анхны тохиолдол болов. Үүний улмаас АНУ, Хятадын харилцаанд хурцадмал байдал үүсч, ямар үр дагавар гарах нь тодорхойгүй байна.

Пелосиг Тайваньд газардсаны дараа Хятадын арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив. Мөн Хятадад суугаа АНУ-ын Элчин сайд Николас Бөрнсийг Хятадын Гадаад хэргийн яамны дэд сайд дуудсан гэнэ.

Харин Пелосигийн хэлснээр түүний энэхүү айлчлал нь АНУ-ын конгресс Тайваньд үнэнч байгаагийн илрэл гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж