Украин дахь Европын хамгийн том атомын цахилгаан станц хяналтаас бүрэн гарсан гэдгийг НҮБ-ын Цөмийн асуудал эрхэлсэн тэргүүн анхаарууллаа. Энэ нь Чернобылийн гамшиг дахин давтагдах вий гэсэн айдсыг төрүүлээд байна. Олон улсын атомын энергийн агентлаг болзошгүй цөмийн ослоос сэргийлэхийн тулд Запорожье цогцолборт яаралтай очихыг мэргэжилтнүүдэд уриалав.
Украины зүүн өмнөд Энерходар хотод байрлах Запорожьед нөхцөл байдал өдрөөс өдөрт улам хүндэрч буйг Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси өчигдөр /2022.08.03/ өгсөн ярилцлагадаа хэлжээ. Станцын аюулгүй байдал олон талаар зөрчигдөж байгааг тэр дурдав. Дайн эхлэх үед л станцыг их буугаар буудсан ба уг халдлагын бурууг Орос, Украин хоёр бие биедээ тохоод байна. Станц Оросын хяналтад байгаа ч дотор нь украин иргэд үйл ажиллагааг удирдаж буй юм.
Рафаэль Гросси дөрөвдүгээр сарын 27-нд Чернобыльд айлчилсан. Олон улсын атомын энергийн агентлаг Чернобыльд тусламжийн баг байгуулсан нь маш амжилттай ажиллаж байгааг тэрбээр Мягмар гаригт дурджээ. Тиймээс Чернобыльд яаж ажилласан тэр жишгээрээ Запорожьед ч бас ажиллахыг тэр уриаллаа.
Түүнчлэн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт тасалдаад байгаа тул станц шаардлагатай бүх зүйлээ авч чадахгүй байгаа гэдгийг Гросси хэлжээ. Цөмийн материалыг зохих ёсоор хамгаалж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд маш чухал хяналт шалгалт хийх шаардлагатай юм.
Орос улс цөмийн реакторт санамсаргүй цохилт өгч болзошгүй тул Украинчууд уг станцыг цэргийн бааз болгон ашиглаж байгаа нь буруу гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ