Нийслэл түгжрэлийг бууруулахад 420 тэрбум зарцуулахаар болсон. Нийтийн тээврийг хөгжүүлэхгүйгээр түгжрэлийг буруулах боломжгүй. Харамсалтай нь, Улаанбаатарын хотод нийтийн тээврийн хүртээмж муу, автобуснууд нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байдаг. Нэн ялангуяа хичээл, сургууль орохоор автобусны хүрэлцээ мууддаг, өвлийн хүйтэнд автобус унаа хүлээж олон цаг гадаа зогсох гээд нийтийн тээврийн сайжруулах шаардлага, шалтгаан олон.
Нийслэлийн нийтийн тээвэрт сүүлийн 10 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс Засгийн газар нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцэж, 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлийг хоёр үе шаттай хийх үүрэг чиглэл өгсөн. Энэ жилийн хувьд 600 автобусаар буюу нийтийн тээврийн 60 хувьд парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн зургадугаар сард парк шинэчлэлийн хүрээнд 91 автобус оруулж ирсэн. Үүний 61 нь энгийн, 10 нь цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар бол 20 нь хүүхдийн сургуулийн автобус юм.
Тэгвэл энэхүү нийтийн тээврийн парк шинэчлэлт хэдэн хувьтай явагдаж байгааг Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.
Тэрбээр “Энэ жил нийтийн тээврийн парк шинэчлэлд 80 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийтдээ 600 гаруй автобус шинээр авахаар тооцоод байна. Гэвч 80 гаруй тэрбум төгрөгөөр эдгээр автобусыг бүгдийг нь авах ямар ч боломжгүй юм.
Одоогийн байдлаар эхний ээлжид 75 шинэ автобус оруулж ирээд байна.
Үлдсэн автобусыг хэзээ, хэрхэн оруулж ирэхийг Засгийн газар хуралдаж шийднэ.
Мөн нийслэлд 970 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа. Үүнээс 532 автобусыг үйлчилгээнээс хасахаар шийдсэн. Харин эдгээр автобусыг үйлчилгээнээс шууд хасвал нийтийн тээврийн салбар уналтад орох өндөр эрсдэлтэй. Тэгвэл одоогийн байдлаар шинээр оруулж ирсэн 75 автобусны оронд хугацаа нь дууссан автобуснуудаа гаргасан байгаа” гэлээ.