Байр суурь: Монгол "Нэг Хятад" гэсэн зарчмыг баримталж ирсэн

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

Байр суурь: Монгол "Нэг Хятад" гэсэн зарчмыг баримталж ирсэн

Байр суурь: Монгол "Нэг Хятад" гэсэн зарчмыг баримталж ирсэн

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж байгаатай холбоотойгоор Хятад, Тайванийн асуудал олон улсын анхаарлын төвд байна. Мөн зарим мэдээллийн хэрэгслээр нөхцөл байдал хурцдах эрсдэлтэй байна гэдгийг анхааруулж буй. Тэгвэл Монгол Улсын хувьд энэ асуудалд хэрхэн хандах ёстой талаар мэргэжлийн олон улс судлаачдын байр суурийг хүргэж байна.


Олон улс судлаач П.Наранбаяр:

-Хятад, Тайванийн асуудал 1949 оноос улбаатай. Тэр цагаас хойш Хятадын их газартай ойр, Тайванийн жижиг арал дээр 1950 онд хүчтэй мөргөлдөөн болж байлаа. Тэгэхээр энэ асуудалд үргэлжилж, 1997 онд АНУ-ын парламентийн доод танхимын дарга айлчлал хийж байсан. Тэрнээс хойш Тайваньд АНУ-ын том албан тушаалтан очиж байгаагүй. Нэгдүгээрт, Хятадын хүчин чадал өсч, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж өргөжин, цэрэг армиа шинэчилсэн. Тийм учраас Хятадын хариу арга хэмжээ хүчтэй байна. Монгол Улсын хувьд "Нэг Хятад" гэсэн зарчмыг анхнаасаа баримталж ирсэн. Монгол Улс бараг хамгийн түрүүнд Хятадтай дипломат харилцаа тогтоосон улсын нэг.

Хятадын чөлөөт арми Тайванийг бүсэлсэн байдалтай байна. Нөхцөл байдал хурцадмал болж байгаа нь үнэн. Хятадын талаас Тайваньд эдийн засгийн хориг арга хэмжээг авч эхэллээ. Зарим нэгэн бараа бүтээгдэхүүнээ Тайвань руу экспортлохгүй гэж байна. Ер нь ийм олон улсын хурцадмал нөхцөл байдал дэлхий дахинаа бүх талаар таагүй байдал үүсгэнэ. Тодруулбал, зөвхөн эдийн засаг гэлтгүйгээр олон улсын тээвэр ложистик, нийгмийн сэтгэл зүй, ардчиллын тогтолцоо хэврэгшиж, хэт даврагч үзэлтнүүд гарч ирнэ. Мөн соёл, боловсролын харилцаа тасалдаж, олон улсын нислэгүүд цуцлагдана. Хэрвээ мөргөлдөөн гарах юм бол бүх талаараа таагүй байдал үүснэ.

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Базардорж:

-Хятад улс болон дэлхийн их гүрнүүд энэ асуудал оролцож, тодорхойгүй байдал үүссэн учраас хүмүүс анхаарал хандуулах нь зүйтэй. Гэхдээ бодитой, ул суурьтай мэдээлэл авч, энэ асуудалд хандах хэрэгтэй. Тэгэхгүй хаа хамаагүй асуудлыг дэвэргэж ярих нь утгагүй. Дайныг хэн ч хүсэхгүй шүү дээ. Улс хоорондын тогтворгүй байдал үүсэх, тэр тусмаа Монгол Улсын хоёр том хөрш орнуудад энэ асуудал гарч байгаа нь бидний хүсэх зүйл биш. Улс орны аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар ноцтой нөхцөл байдал үүснэ. Тиймээс аль болох асуудлыг яриа хэлэлцээрийн журмаар шийдэж, дайн тулаан гарахгүй байх гэдэг найдварыг тавьж сууна.

Ер нь XX зууны Хятадын түүх Коммунист, Гоминдан нам гэсэн хоёр том улс төрийн намын тэмцлээр тодорхойлогддог. Хятадыг 1949 он хүртэл Гоминдан нам засаглаж байсан бол1949 оноос хойш Коммунист нам засаглахдаа зэрэгцэж, Гоминдан намынхан Тайвань руу гарч явсан. Энэ бол Хятадын дотоод засгийн эрхийн төлөөх улс төрийн нам хоорондын зөрчилдөөн. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжил ямар байх ёстой вэ гэдэг үндсэн зарчмын ялгаа гарч ирсэн гэсэн үг. Энэ асуудалд дэлхийн их гүрнүүд хутгалдаж орж ирдэг. Тэрнээс биш Монгол Улс Тайванийг хүлээн зөвшөөрөхгүй "Нэг Хятад" гэсэн бодлогыг л хүлээн зөвшөөрдөг. Тиймээс Тайванийн асуудалд манайх ямар нэгэн байр суурь илэрхийлэх утгагүй. Хятадын байр суурийг хүндэтгэх ёстой. Миний харж байгаагаар хоёр улсын асуудал биш энэ бол Хятадын дотоод асуудал. Үүн дээр өрсөлдөгч их гүрэн орж ирсэн учраас зөрчилдөөний халуун цэг болж байна. Их газрын Хятадын зүгээс зөв зохистой эв эеэр шийдэх бодлого баримталдаг ч харамсалтай нь амьдрал дээр хэрэгждэггүй. Тийм амар ч асуудал биш.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж