Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээгээр 366 тохиолдол шинээр батлагдсан байна. Илэрсэн тохиолдлуудаас 189 нь Улаанбаатар хотод, 177 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Архангайд зургаа, Баян-Өлгийд дөрөв, Дархан-Уулд 13, Дорноговьд 66, Дундговь гурав, Орхон зургаа, Сүхбаатар зургаа, Өмнөговь 57, Төв аймаг 11, Ховдод таван хүн бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 2225 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин 1447 хүн эдгэжээ.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл хийхдээ "Цар тахлын халдвар өндөртэй 10 орны нэгдүгээрт Япон улс орж байгаа бол БНСУ удаалж байна. Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар улам нэмэгдэж байна. Шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын хувь 14.5 болж, өмнөх долоо хоногоос өссөн. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцийн судалгаараар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.
Улсын хэмжээнд 1810 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд хүн 1.8 хувийг эзэлж байгаа бол 9.6 хувь нь хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлагатай өвчтөн байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой" гэв.
Холбоотой мэдээ