ХӨСҮТ болон НЭМҮТ-өөс Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хүүхдийн вакцины талаар өнөөдөр/2022.08.03/ мэдээлэл хийлээ.
Баянголын эрүүл мэндийн төвийн дарга З.БАЛДАНДУГАР:
-Баянгол дүүрэгт өнөөдөр 5-11 насны дархлаажуулалт эхэлж байна. Дүүргийн хэмжээнд 23 цэгт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Нийтдээ 39.859 хүүхдийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Гэхдээ сайн дурын үндсэн дээр, эцэг эхийн зөвшөөрлөөр дархлаажуулалт хийнэ. Урьдчилсан байдлаар мэдээлэл хийсэн болохоор хаана хийлгэх үү гэж асууж байгаа эцэг эхчүүд байна. Одоогоор вакцинжуулалт эхэлж байгаа учир боломжтой эцэг эхчүүд нь ирээд хүүхдүүдээ дархлаажуулах боломжтой.
Covid-19-ийн халдварын BA4, BA5 гэсэн хоёр хувилбарын тохиолдол долдугаар сарын 15-наас хойш нэмэгдэж байна. Баянгол дүүргийн хувьд 150 ортой цар тахлын эмчилгээ үзүүлж буй. Өмнө нь дархлаажуулалт хийсэн учир өмнөх давалгаатай харьцуулахад хүндрэл бага байна. Гэхдээ суурь өвчтэй хүмүүст хүндрэл байна.Томуугийн намрын дэгдэлт, Covid-19-ийн дэгдэлт хавсарвал нөхцөл байдал яаж хүндрэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ жилийн дэгдэлтийг харахад буурахгүй байна. Эмнэлгийн ачаалал хэвээрээ байна.
Шинэ Монгол сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч охин:
-Би вакцин хийлгэсэн өвдөхгүй байна. Хүүхдүүдэд вакцинаа хийлгээрэй гэж уриалъя. Өөрийгөө вирусээс хамгаалахын тулд вакцин хийлгэж байна. Манай гэрийнхэн бүгд том хүн болохоор зөндөө тун вакцин хийлгэсэн. Би ганцаараа гэрээсээ вакцин хийлгээгүй байсан.
-Хүүхдээ хоёр тунгаар бүрэн хамгаалвал тухайн хүүхдийг халдвараас 90 хувь хамгаалах боломжтой. Монголд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 22.7 хувь нь 0-18 насны хүүхдүүд. Үүнээс бидний зорилтот бүлэг буюу 5-11 нас нь 37-40 хувь байгаа юм. Тиймээс хүүхдүүдээ хамгаалах шаардлагатай байна. Улсын хэмжээнд вакцины 569 цэг бий. Мөн насанд хүрэгчдийн дархаажуулалтыг 41 цэг дээр хийж байна. Амралтын өдрүүдээр Төв талбай болон "Шангри-Ла" төв дээр бүтэн ажиллаж байна. Дараагийн давалгаанаас урьдчилан сэргийлж, гурав болон дөрөвдүгээр тундаа 18-аас дээш насныхан хамрагдах боломжтой.
Эцэг эхчүүдэд мэдээлэл хангалттай хүрэхгүй байгаа юм болов уу гэж бодож байна. Эрүүл мэндийн салбар нэг чигт байгаа. Учир нь бид шинжлэх ухаан, нотолгоонд үндэслэн энэ дархлаажуулалтыг хийж байгаа. Эхний ээлжинд бид эрүүл мэндийн салбарынхандаа мэдээлэл хүргэсэн. Эргэлзээ асуулт бүрт хариулт өгч байна. Иргэдийн асуулт, хариултад нээлттэй хариулна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 гэх тусгай дугаар бий. Дэлхий дахинд 2021 оны аравдугаар сараас эхлэн хүүхдүүдэд вакцин хийх зөвлөмж гаргасан. Номхон далайн баруун бүсийн 37 улсын 20 нь 5-11 насны хүүхдүүдээ вакцинд хамруулаад байна.
Мөн АНУ 17 сая гаруй хүүхдээ вакцинд хамруулаад байна. Хоёр тунг нэг сарын зайтай хийнэ. Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан ямар нэгэн хаалт, хориг байхгүй. Сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна гэдгийг дахин хэлье. Вакцин хийлгээгүй бол сургууль, цэцэрлэгт оруулахгүй гэх мэдээлэл худлаа.
Холбоотой мэдээ